МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Н.Дэмбэрэлийг сонголоо

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 21

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн /МҮОНРТ/ Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж Ерөнхий захирлыг сонгосон байна. 

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 6 гишүүнийг УИХ-ын чуулганы 12 дугаар сарын 10-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, шинээр томилсон. Уг томилгоогоор Ж.Цэсэн, М.Уянга, Д.Цоодол, Г.Отгонбаяр, М.Наранбаатар, Б.Ганболд нарыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилсон билээ. /Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу/

Үүний дараа Үндэсний зөвлөл 14 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаа өнөөдөр хийж, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Нинжийн Дэмбэрэлийг томилсон байна.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд МҮОНРТ-ийн Дэд захирал Г.Гэрэл, УИХ-ын даргын Эдийн засгийн зөвлөх С.Баярмөнх, Үндэсний брэндийн ажлын албаны дарга Н.Дэмбэрэл, "Саунд Монголиа" компанийн Гүйцэтгэх захирал М.Уянга, "ТВ5" телевизийн захирал асан Э.Дагиймаа, Tvmongoliа.mn сайтын эрхлэгч Д.Оюун-Эрдэнэ, "ММ" агентлагийн захирал асан Р.Гандиймаа, "ММ" агентлагийн редактор асан А.Энхтуул, МҮОНТВ-ийн сэтгүүлч Г.Агааноров, "ММ" агентлагийн нэвтрүүлэгч Г.Чоглоонамжил, Ш.Бямбацогт, сэтгүүлч Б.Цондовдорж, А.Бүрэнбаатар, Н.Болормаа, М.Амарбаяр нар нэр дэвшээд байсан юм.

Ерөнхий захирлаар сонгогдсон Н.Дэмбэрэлийн Үндэсний зөвлөлийн хуралдааны дараа "Миний хувьд хувь хүний сонголтоо хийж нэг сар хагасын өмнө нэр дэвших хүсэлтээ өгсөн. МҮОНРТ-д жил гаруй ажиллахдаа хийж хэрэгжүүлэх ажил олон байгааг хардаг байсан. Үндэсний зөвлөлийн олонх нь өнөөдөр надад итгэл хүлээлгэж амаргүй цаг хугацаанд Ерөнхий захирлаар сонголоо. Хамт олонтой нэгдэж нягтраад ажиллана гэж бодож байна" гэлээ.

Тус байгууллагын ажилчдын төлөөлөл, Үйлчдвэрчний эвлэлийнхний зүгээс МҮОНРТ олон нийтийн статустай байгууллагын хувьд дараагийн ерөнхий захирлыг томилох Үндэсний зөвлөлийн хурлыг хаалттай хийж, нууц санал хураалт явуулахыг эсэргүүцэж байсан юм. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын үйл явц нь Монголд жишиг болохуйц, нээлттэй, ил тод, бодлогын мэтгэлцээнтэй шалгаруулалт болохыг хүсэж буйгаа илэрхийлж байсан. Гэвч өнөөдрийн Үндэсний зөвлөлийн хуралдаан хаалттай явагдаж, нууц санал хураалтаар Ерөнхий захирлыг томилсон гэдгийг хэлж байв. Мөн 2021.01.01-нээс одоо ажиллаж буй Үндэсний зөвлөлийн 7 гишүүн шинэчлэгдэх учир одоогийн хурлыг хүчин төгөлдөр эсэхэд эргэлзэж байгаа болон Н.Дэмбэрэл хэрэв ажиллавал МҮОНРТ-ийг намаас хараат бус байлгахыг шаардаж буйгаа илэрхийлж байв.


Н.Дэмбэрэл 1971 онд Баянхонгор аймагт төрсөн, Баянхонгор аймгийн II дунд сургуулийг 1988 онд төгссөн. ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуульд суралцаж, улмаар хүүхдийн их эмч мэргэжлээр төгсчээ. “Чингис хаан” ХХК-нд менежер, “Статус Сом” ХХК-нд захирал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар олон нийттэй харилцах албаны дарга, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, “Пропаганда XXI ”төв ТББ-ын ТУЗ-ийн гишүүн, Сүхбаатарын талбай PR агентлаг ТББ-ын ТУЗ-ийн гишүүн, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан намтартай.

 


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.95.218) 2020 оны 12 сарын 22

мэргэжлийн биш хүн тавиад байхдаа яахав дээ болимоор юмаа шинэ үндэсний зөвлөлийн гишүүдээр даргаа тавиулаач дээ арай ч болохгүй дээ

0  |  0
Бие хамгаалагч..(124.158.82.38) 2020 оны 12 сарын 21

энэ чинь Н. энхбаярын хүн шүү дээ. элчингээр явлуу бас хэрэгт холбогдож байсан байхаа.

0  |  0
Зочин(192.82.67.244) 2020 оны 12 сарын 21

Энэнээс илүү лалар олдоогүй юм байх да. МҮОНТ ч сүйрч дэ хөөрхий.

0  |  0
Усан нүдэт(59.153.114.77) 2020 оны 12 сарын 22

Хүүхдийн эмч мэргэжилтэй хүнийг Монгол Телевизийн захиралаар тавиад л энэ МАН-хан арай дэндүүлж байнаа, Намаа бодохоо болиод Улс Ороноо жаахан ч гэсэнн боддог болж сурах хэрэгтэй байна шүү дээ, энэ улс ороноо өөрчилж хөгжүүлэх шаардлагтай байна

2  |  0
Top