ХХААХҮ-ийн сайд аа, ТАРИАЛАНЧИД ургацынхаа тооцоог авч чадахгүй байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 23


Цар тахлын хүнд хэцүү үед тариаланчид намрын ургацын тооцоогоо одоог хүртэл улсаас авч чадахгүй явж иржээ. 

Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Хөдөө аж ахуйг дэмжин сан (Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан)-гийн доголдолтой үйл ажиллагаатай холбоотойгоор тариаланчид хоёр намрын хөдөлмөрийн хөлс, улсад тушаасан буудайны мөнгөө авч чадахгүй, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал хүндэрчээ. Энэ талаар удаа дараа холбогдох хүмүүст санал хүсэлт тавьсан ч газрын дарга нь ч, сайд нь ч одоог хүртэл үүссэн асуудалд хариу өгөөгүй, шийдэл хэлээгүй хэвээр байсаар өвлийн хүйтэнтэй золголоо.

Үүссэн асуудал гэвэл, өнгөрсөн намар гурилын үйлдвэрүүдэд ургацаа тушаах гэж байсан тариаланчдад Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зохицуулалт хийж, улсад ургацаа тушаахыг санал болгож, төлбөр тооцоог чирэгдэлгүй олгоно гэж хүчилсээр улаан буудайг нь авсан хэрнээ тооцоо хийх болохоор анх нэрлэсэн үнээ буулгаж, төлбөрийг нь олголгүй олон сар саатуулаад байна.

Энэ талаар тариалан эрхлэгчид байр суурь, бухимдлаа илэрхийлж эхлээд байна.

Тухайлбал, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Сэлэнгэ аймгийн Хөтөл дэх салбарт намрын ургацаа тушаасан тариаланчид тухайн үед улаан бууйдайн нэг тонн тутмыг 700 мянган төгрөгөөр тооцож борлуулан хүлээлцсэн ч одоо болохоор 550-570 мянган төгрөгөөр үнэлж, тооцоо нийлнэ гэсэн ярьж хэлснээсээ буцсан тайлбар өгөх болжээ.

"Өнгөрсөн намар гурилын үйлдвэрүүд улаан буудайг тонн тутмыг нь 660 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Шууд гурилын үйлдвэрүүдэд тушаах нь бидэнд чирэгдэлгүй байх байсан. “Улаанбаатар гурил” компани гэхэд нэг өдөртөө багтаж бидний тооцоог хийж өгдөг. Уг нь өөрсдийн хөдөлмөрийн үнэлгээг хурдан гаргах, хоёр намрын ургац хураалтын ажлын үр дүнгээ олон сараар хүлээлгүй хүртэх, дараа дараагийн үйл ажиллагаагаа явуулахад гурилын үйлдвэрүүдтэй шууд харьцах нь амар байдаг. Гэтэл Хөдөө аж ахуйг дэмжих сангаас машин явуулж, хатаалтын зардал авахгүй гэж хүртэл амлаж байж буудайг улсад ачуулсан мөртөө бодит байдал дээр тариаланчдыг хуурч, бидний ажилд чирэгдэл, хүндрэл учруулж байна” гэж тариаланчид байр сууриа илэрхийллээ.

Сэлэнгэ аймгийн тухайд бусад сумд болон Булган аймгийн тариаланчдын асуудал харьцангуй нааштай шийдэгдсэн ч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл дэх салбарт ургацаа тушаасан тариаланчдад лав хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ.

Иймд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаас тариаланчдын хөдөлмөрийн хөлсийг бодитоор үнэлж, цар тахлын үед дотоодын гурил, ургацын хэрэглээг бүрдүүлэхээр цаг наргүй ажилласан хүмүүсийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа энэ асуудалд анхаарлаа хандуулахыг Сэлэнгэ аймгийн тариаланчид хүсэж, салбарын сайд, дарга нарыг уулзалт товлохыг хүлээж байгаа ажээ. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энэ ёстой псда(202.55.188.90) 2020 оны 12 сарын 24

гөлөг хивэгний хэдэн чёнжийн карманд таргалж зоолж сууна ууу . згын сайд нараас нэн түрүүнд энүүгээр туг тахих хэрэгтэй

0  |  0
энэ ёстой псда(202.55.188.90) 2020 оны 12 сарын 24

гөлөг хивэгний хэдэн чёнжийн карманд таргалж зоолж сууна ууу . згын сайд нараас нэн түрүүнд энүүгээр туг тахих хэрэгтэй

0  |  0
Top