Сүмо бөхийн холбооноос "Кокүгикан" ордонд ояката нарын хурал зохион байгуулж, өнгөрсөн жилийн ажлаа дүгнэн, ирэх жилийн зорилгоо тодорхойллоо.
Холбооны тэргүүн Хаккакү ояката энэ үеэр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Аюулгүй байдлыг маш сайн хангахгүй бол нэгдүгээр сарын тэмцээнийг зохион байгуулахад хэцүү болсон. Засгийн газрын шийдвэрийн дагуу ирэх башёд үзэгчийн тоог 5300-аас 5000 болгож цөөлөх боллоо. Халдвар авсан Минато ояката эмнэлгээс гарч, гэрийн тусгаарлалтад орсон. Тацүнами дэвжээний халдвар авсан 11 бөхийн 10 нь эмнэлгээс гарч, үлдсэн нэг бөх биеийн байдал хөнгөн байна. Энэ дэвжээний бөхчүүд Хацү башёд оролцоход ямар ч асуудал байхгүй. Өнгөрсөн жилийн хамгийн гунигтай явдал нь Такадагава дэвжээний бөх Шёобүши ковидоор амиа алдсан явдал байлаа. Тэр үед хэвтэх эмнэлэг олдохгүй их цаг алдсан. Эмч нар ч цар тахлын эсрэг туршлага дутмаг үе байлаа. Хамгийн сайн мэдээ бол өнгөрсөн жил тэмцээний дундуур холбооны ажилтан, үзэгчид дундаас нэг ч хүн халдвартай гараагүй явдал. Мэргэжлийн эмч, шинжээчдээс магтаалын үг их сонссон. Аюулгүй байдлын дүрэм, журмыг дэвжээ болгонд байнга илгээж байгаа. Уншсаар залхсан байж болох ч явуулсаар байх болно. Японд халдварын тоо эрс нэмэгдэж байгаа ч манай холбоо энэ жил тэмцээний дундуур нэг ч халдвар гаргалгүй хамгаалж чадсан тул туршлагатай болсон. 2020 он дээд зиндааны хамгийн доод бөх түрүүлж, шинэ арслантай жил боллоо. Ирэх тэмцээнд холбооноос сануулга авсан хоёр ёкозүна, кадобан болсон хоёр арслантай, ёкозүна цолны болзол сонссон нэг озэкитой, ёстой нүд салгахын аргагүй сонирхолтой тэмцээн болно” гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )