Азербайжаны чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Гаджи Алиев Токиогийн олимпын дараа зодог тайлж магадгүй байгаа талаараа az.sputniknews.ru цахим хуудасны сэтгүүлчид ярьжээ.
Гаджи “Би 29 настай. Их спортын хувьд хөгшин гэж боддог боллоо. Дэлхийд 25-аас залуу насны олон залуу сайн тамирчин байна. Тэдний эрч хүч, чадалтай тэмцэхэд хэцүү болж ирсэн. Хэрэв Токиод олимпын аварга болж чадвал их спортоос ёс төр, нэр хүндтэй явж чадна” гэж ярьжээ.
Гаджи Алиев саяхан Сербид болж өнгөрсөн Дэлхийн Цомын тэмцээнд эхний тойрогт 65 кг-ийн жингийн дэлхийн аварга, ОХУ-ын Гажимурад Рашидовтой таарч, ялсан.
Энэ талаар тэр “Рашидовтой хийх барилдаан их чухал барилдаан байсан. 2019 онд болсон тэр булхайтай би хэзээ ч эвлэрч чадахгүй. Рашидов, түүний фэнүүд намайг тэр үед ялсан гэж бодож байгаа ч үнэндээ шүүгч нар түүний талд орсон. Энэ удаад би эхний мөчөөс л дайрч яллаа. Би түүнээс илүү хүчтэй” гэж хэлсэн байна.
Энэ барилдаанд Рашидов гэмтэл авч, барилдааныг үргэлжлүүлж чадаагүй билээ. Харин Гаджи Алиев хагас шигшээд Унгарын Исмаил Мусукаевт ялагдсан.
“Мусукаевтай би гэмтэлтэй барилдсан. Барилдаж байхад маш их өвдөж байлаа. Энд бас л шүүгч буруу шийдвэр гаргасан. Шүүгч түүнийг торгох ёстой байтал торгоогүй, мөн түүнд 6 оноо шударга бусаар өгсөн” гэж тэр ярьж байна.
Алиев Дэлхийн Цомд гуяндаа гэмтэл авсан ч 15 хоног эмчлүүлээд бэлтгэлдээ гарах гэнэ. Олимпын эрхийн тэмцээний өмнө формдоо ороход хангалттай хугацаа байна гэж тэр үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )