Л.Алтанхуяг: Хэрүүл, маргаангүй наадахын тулд ХУУЛИА батлах хэрэгтэй байна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 05

Энэ жил зарим аймагт зундаа гандуу, бэлчээрийн даац хэт хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, ус хүрэлцээгүй зэрэг олон шалтгааны улмаас зарим аймагт өвөлжилтийн байдал хэцүү болоод байна. Манай сурвалжлах баг Дундговь аймгийн “Нарны хүлэг” Морин спорт, уяачдын холбооны тэргүүн, Аймгийн алдарт уяач Л.Алтанхуягтай энэ талаар ярилцлаа.

-Дундговь аймагт өвөлжилт хэр байна?

-Манай Дундговь аймагт цаг хүнд байгаа учраас малчид маань Төв аймаг гэсэн хэд хэдэн аймагт отор нүүдэл хийж байна. Тиймээс аймгийн Уяачдын холбооноос отор нүүдэл хийж байгаа малчид, уяачдаа эргэж тойрч явна. Өнгөрөгч зун Дундговь аймагт бороо муу орсон учраас өвс ногоо дэлгэрсэнгүй, мал таргалаагүй. Хол оторлож байгаа тул нөхцөл хүнд байна.

-Адуутай оторчид их харагдаж байна.

-Тиймээ, мориныхоо ажлыг хийгээд, эдлээд явж байна. Ер нь уяаны ажил намар л эхэлдэг. Одоо малчид маань отор нүүдлийн их ажлын хажуугаар хурдан морьдынхоо уяа сойлгыг хийгээд явж байна.

-Наадмын бэлтгэлдээ гарсан гэсэн хэрэг үү?

-Тэгэлгүй яах вэ, цас унаж эхлэнгүүт л уналгаа хийж эхэлдэг. Урт хугацаанд уяж байж амжилт гаргадаг. Ер нь бол бүтэн жилийн хөдөлмөр, маш их зардал гардаг. Ингэж их хөдөлмөрлөж байж л наадамд амжилт гаргана. Өвөлжилт хэцүү байгаа болохоор уяачдад хэцүү байна. Цагийн мууд бусад малдаа өвс тэжээлээ өгмөөр байдаг, хурдан морьдоо тэжээх гээд асуудал байна. Зарим айл унаган нэг, хоёр морио тэжээгээд явж байхад зарим айл 10 морь гэх мэт.

-Бүтэн жил морь уяад, хөдөлмөрлөөд явах юм. Гэтэл наадамд очоод хасагддаг асуудал их гардаг. Таны санал бодол?

-Хурдан морьдын уралдаан бол Монгол Улсын тусгаар тогтнолын нэг баталгаа. Маш том чухал зүйл. Гэтэл сүүлийн үед монгол, шинэ монгол гэж маргаан тэмцэл явуулж, хурдан морины уралдааныг бужигнуулж, наадмын эерэг сайхан энергийг устгадаг болоод байна. Энэ хэрүүл тэмцэл урт хугацаанд үргэлжиллээ. Төр засаг, Уяачдын холбоо, Наадмын комисс гээд янз бүрийн ажил зохион байгуулж, морио маргаангүй уралдуулахыг хичээж байгаа ч үр дүн алга. Тэгэхээр наадмын дүрмээ тодорхой болгох хэрэгтэй. Үйлдвэрлэг байдлаар нь явуулъя, сэрвээний өндөр хэмжинэ гээд янз бүрээр үзэж байгаа ч аль аль талдаа маргаан тасрахгүй байна. Үйлдвэрлэг байдал гэхээр асуудал бас үүснэ. Яг сэрвээгээр гэхээр бас асуудал үүсдэг. Тиймээс эцсийн шийдвэрийг Төр засгаас гаргах хэрэгтэй байна. УИХ-аас хуульчлаад өгөх хэрэгтэй. Тэгвэл жилийн өмнөөс тэр хууль дүрэмдээ тааруулаад сонгож, сойх тул малчид уяачдад ч амар болох юм. Энэ бол зайлшгүй хурдан шийдэх асуудал.

-Өнгөрсөн жилийн наадмаар маш олон морь хасагдаж, олон хүн бухимдсан.

-Уяачид бүтэн жил морины ажил хийж, зардал их гаргадаг ч янз бүрийн зүйлээс болж морио хасуулж байгаа нь харамсалтай. Туслах уяач, морины хүүхэд, хоол тэжээл гээд маш их зардал, цаг хугацаа зардаг. Гэтэл тэр их хөдөлмөр нь ганц наадам дээр л үгүй болчхож байгаа юм. Ирэх жил болох 100 жилийн ойн наадмаа хэрүүлгүй явуулах тал дээр бүгд санал нэгдэж байгаа. Миний болон уяачдын хувьд сэрвээний өндрийг хэмжээд уралдуулах тал дээр санал нэгдэж байна. Харин энэ хуулиа эртхэн гаргах ёстой. Хүмүүс энэ дүрэмдээ тохирсон морио уяж, илүү зардалгүй болох юм. Тэгэхгүй бол яах нь ойлгомжгүй байдалд наадам болдог, дахиад баахан морь хасагдаж, дахиад олон уяачийн хөдөлмөр үнэгүйдэх юм. Эрлийз адуу гэдэг нь өнөөдөр бий болсон зүйл биш. Хүмүүс эрлийз адуу Монголын тусгаар тогтнолыг байхгүй болгох гэж байгаа юм шиг зүйл яриад байна. Үнэн хэрэгтээ 1960, 1970 онд Морин тойруулгын адуу, Жаргалант адуу гээд үржил хийгдэж, уралддаг байсан. Монгол адуу хурдан төрөлгүй яах вэ, сайхан хурдалж байгаа Монгол адуу олон бий. Эрлийз адууг огт байхгүй болгоно гэдэг боломжгүй зүйл. Тэгэхээр хуулиар зохицуулах л шаардлага бий. Сэрвээний өндрөөр хэмжээд уралдах нь хамгийн шударга. Өндөр намаар нь ялгаад уралдуулах нь маргаангүй. Тэгэхээр 100 жилийн ойгоо маргаангүй сайхан зохион байгуулахын тулд төрөөс хууль дүрмээ гаргаж өгөх хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top