З.Батбаяр: Уяачид нэгдсэн дүрэмгүй байна гэж бухимддаг

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 05

Олон жилийн турш маргаан дагуулж байсан Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Өнгөрсөн наадмын хурдан морины уралдаан асар их маргаан дагуулсан. Дахин ийм будилаан гаргахгүйн тулд Үндэсний их баяр наадмын тухай хуулиа шинэчилж, дүрэм, журмаа тодорхой болгох шаардлагатай байгаа.

Энэ талаар бид Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” Морин спорт, уяачдын холбооны тэргүүн, Улсын Алдарт уяач З.Батбаяртай ярилцаж, байр суурийг нь сонирхлоо.

-Танай аймгийн хувьд өвөлжилт хэр байна?

-Өнгөрөгч зун Өвөрхангай аймгийн ихэнх сумдад бороо хур бага, өвс ногоо дэлгэрээгүй учир энэ өвөл хүндхэн боллоо. Ихэнх малчид маань Сүхбаатар, Төв гээд аймаг аймгийн нутагт  отор нүүдэл хийж байна. Бидний хувьд малчдаа яаж байна, хөөгдөж туугдаж байна уу гэх мэтээр эргэж явна. Мөн далимаар нь уяачидтайгаа уулзлаа.  

-Уяачдын хувьд байдал ямар байна?

-Малчид маань хэдийгээр хүний нутагт отор нүүдэл хийж яваа ч мориныхоо эдэлгээ, уяа сойлгыг хийж байна. Цас ороход л морьдоо эдэлж, уяж эхэлдэг. Энэ эдэлгээ нь зуны уяаны 50 хувь нь байдаг гэж хэлж болно. Одоо зөв эдэлж, хүчийг нь тааруулахад наадамд хурдан давхидаг.  

-Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан маш их маргаантай явагддаг боллоо.

-Сүүлийн 15 жил эрлийз монгол гээд уралдаж чадахаа болилоо. Байнга л тэрний морь хасагдлаа гэсэн хэрүүл болж байгаа. Үнэхээр зарим нэг эрлийз морь хасагдсан байдаг, бас дундуур нь хийдүүлээд монгол морийг  ч хасах явдал гардаг. Тиймээс хүмүүс дунд энэ асуудлыг хурдан шийдээсэй гэдэг хүлээлт гараад байгаа. Үүнийг л нэг талд нь гаргах хэрэгтэй гэж уулзсан уяач болгон л ярьж байна.

-Танай аймгийн уяачид энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? Яавал хэрүүл маргаан зогсох вэ?

-2019 оны нэгдүгээр сард Морин спорт, уяачдын холбооны 7-р их хуралдааныг зохион байгуулж, бүх аймаг сумаасаа төлөөлөл оролцуулсан. Хуралдааны гол асуудал нь энэ хэрүүл маргааныг цэгцлэх, тодорхой дүрэм журамтай болно гэдэг дээр уяачид санал нэгдсэн. Их хурлаас уриалга гаргаж, түүнийгээ УИХ-д өргөн барьсан. Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа. Хэлэлцэгдэж  шийдвэрлэнэ гэж бодож байна.

-Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой болно.

-Тиймээ, 100 жилийн ойгоо шударга тэмдэглэх талаар өнгөрсөн жилээс эхлээд ярьсан. Хот хөдөөгүй ярьж байгаа асуудал бол баяр наадам, морины уралдаанаа хэрүүл маргаангүй зохион байгуулъя гэж байна. Уяачдын бүтэн жилийн хөдөлмөр, хөрөнгө мөнгийг үргүй болгож байна шүү дээ. Одоо мөрдөж байгаа эрлийз адууг ялгах журам байдаг. Энэ журамд сэрвээний өндөр гээд нэг заалт байгаа юм. Хоёрт нь сүүл, хоншоор, хүзүү, суулт гээд өгүүлбэр байдаг юм байна. Тэгэхээр тэр заалтаар чинь хийдүүлээд баахан морь хасаад хаячихдаг. Яагаад гэхээр хүзүү нь жаахан тийм байсан гэж хэлдэг. Бүтэн жил унасан ганц морио хасуулахад л маш их хохирол хүлээдэг. Зардал мөнгөнөөс гадна уяачийн хөдөлмөр гэж үнэлж баршгүй зүйл бий. Тэд маань хөдөлмөрөө үнэлүүлсэнгүй гэж их гомддог, нэгдсэн дүрэмгүй гэж бухимддаг. Энэ асуудлыг эртхэн шийдчихвэл сайн байна. Маргаж байгаа асуудал нь эрлийз, хурлийз, сэрвээний өндөр, үйлдвэрлэг байдал гээд талцаад байгаа юм. Хамгийн шударга зүйл бол сэрвээний өндрөөр хэмжээд уралдуулах. Энэ тал дээр уяачид ч санал нэгтэй байна. Шууд нэгдүгээр үеийн эрлийз адуу ороод ирэхгүй. Тодорхой хувь чанар заагаад өгчихөөр болохгүй зүйл алга. Хэмждэг багаж төхөөрөмжийг нь боловсронгуй болгочихоор хэн ч хэмжээд явчихна. Бөхийн холбоо, Сурын холбоо гэхэд наадмаар оноолтоо хийнэ, цол чимгээ олгоно гээд бүгдийг хийнэ. Гэтэл манай холбоо оролцох боломжгүй байгаа юм. Энэ бүхнийг хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад заагаад өгчихөд л хэрүүл маргаангүй наадах бололцоо бүрдэх юм. Хүлээлт их байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тэтгэврийн хүн(66.181.161.100) 2021 оны 01 сарын 05

Уяачид дүрмээ өөрсдөө зохиогоод мөрдөөч дэ. Та өөрөө 1 дарга нь байна шүү дээ. Морь уях, бөх барилдах, сур шагай харвах, сонирхол бүхий иргэдийн л асуудал

0  |  0
Z(124.158.86.131) 2021 оны 01 сарын 05

Vhesnii chin uyachdiin dvrem gej Covid garaad blarch bahd

0  |  0
Dondog(64.119.19.246) 2021 оны 01 сарын 05

Mori uralduulaad mongol hogjihgyi l dee

0  |  0
Dondog(64.119.19.246) 2021 оны 01 сарын 05

Mori uralduulaad mongol hogjihgyi l dee

0  |  0
Top