Жүдо бөхийн шинэ оны улирал эхлэхэд багахан хугацаа үлдлээ. Энэ жил жүдочдыг хойшлогдсон Токиогийн олимпын наадам, дэлхийн аваргын тэмцээн зэрэг олон тэмцээн хүлээж байгаа. Шинэ улирал Катарын нийслэл Дохад нэгдүгээр сарын 11-13-нд болох Мастерс тэмцээнээр эхэлнэ.
Дэлхийн зөвхөн чансаа өндөр жүдочид оролцдог Мастерс тэмцээн 2010 оноос эхлэн явагдаж байгаа. Чансааны оноогоор ДАШТ-ий дараа орох өндөр. Оролцоход л 200 оноо авдаг нь тивийн нээлттэй тэмцээнд түрүүлээд авдаг онооноос өндөр. Мастерс тэмцээний аваргууд 1800 оноо, мөнгөн медаль 1260, хүрэл медаль 900 оноотой. Уг нь энэ тэмцээн оны сүүлд явагдаж, тухайн жилээ дүгнэдэг ч цар тахлын улмаас оны эхэнд болж хойшлогджээ.
Энэ удаагийн тэмцээн 10 дахь удаагийн Мастерс гэсэн ойн тэмцээн гэж байгаа. Өмнө нь Мастерсийг Өмнөд Солонгосын Сувон (2010), Азербайжаны Баку (2011), Казахстаны Алматы (2012), ОХУ-ын Тюмень (2013), Мароккогийн Рабат (2015), Мексикийн Гвадалахара (2016), ОХУ-ын Санкт-Петербург (2017), Хятадын Гуанжоу, Циндао хотууд 2018, 2019 онуудад хүлээн авч байлаа.
Анх дэлхийн чансаа өндөр 16 жүдоч оролцдог байсан бол өнгөрсөн жилээс 36 болж нэмэгдсэн. Хэн нэг нь ямар нэг шалтгаанаар оролцохгүй болбол оронд нь өөр тамирчин оролцохгүй. Зохион байгуулагч орон жин тус бүрд хоёр тамирчин оруулах давуу эрхтэй. Энэ жил нийт 70 орны 402 тамирчин мэдүүлгээ өгчээ.
Монголын шигшээ баг
Эрэгтэй
60 кг - Д.Амартүвшин чансааны 2621 оноотой, Л.Өнөболд 1920
66 кг - Г.Хэрлэн 4215, Ё.Басхүү 3817
73 кг - Ц.Цогтбаатар 2626, Г.Одбаяр 2619
81 кг - Сайед Моллай 4263, О.Ууганбаатар 1891
90 кг - Г.Алтанбагана 2192
+100 кг - Ө.Дүүрэнбаяр 2152
Эмэгтэй
48 кг - М.Уранцэцэг 4292, Г.Наранцэцэг 2635
52 кг - Л.Сосорбарам 2757, Б.Хорлоодой 2153
57 кг - Д.Сумъяа 3200
63 кг - Б.Ганхайч 2549
Мастерс тэмцээний хуваарь
1-р сарын 11
Эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаантай.
1-р сарын 12
Эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг.
1-р сарын 13
Эрэгтэй 90, 100, +100 кг, эмэгтэй 78, +78 кг-ийн жин.
Финалын барилдаан Улаанбаатарын цагаар 22 цагт эхлэх юм. Урьдчилсан барилдааны эхлэх цагийг оролцогчдын эцсийн мэдүүлгийг авсны дараа гаргана.
Сэтгэгдэл ( 0 )