Чөлөөт бөх: ОХУ-д 70 кг-ийн шилдэг бөхчүүдийн тэмцээн болно

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 09

АНУ-д цар тахлын үед ч алдарт бөхчүүдийн оролцсон чөлөөт бөхийн шоу болсоор байна. Энэ шоу тэмцээний ачаар бөхчүүд тэмцээн уралдааны мэдрэмжээ алдахгүй байхаас гадна цар тахлын үеийн орлого болж байгаа юм. ОХУ-д ч гэсэн чөлөөт бөхийн шоу тэмцээн зохион байгуулахаар болжээ.

ОХУ-д чөлөөт бөхийн 2021 оны шинэ улирал энэ сарын 23-нд Владикавказ хотод 70 кг-ийн шилдэг бөхийг шалгаруулах Пролига тэмцээнээр эхлэх гэж байна. Тэмцээн хасагдах журмаар явагдана. Аварга бөх 300 мянган рублийн шагналтай.

Эхний тойрог:

Давид Баев (Алани) - Курбан Шираев (Дагестан)

Алан Гогаев (Алани) – Иналбек Шериев (КБР)

Ильяс Бекбулатов (Дагестан/Узбекистан) - Имам Ганишев (Дагестан)

Анзор Закуев (КБР) - Имам Аджиев (Дагестан).

Хагас шигшээд эхний 2, сүүлийн 2 барилдааны ялагчид халз барилдана.

Тэмцээнийг санаачлагч, зохион байгуулагч Гамлет Рамонов шинэ тэмцээнийхээ талаар сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

-Ийм шоу тэмцээн зохион байгуулах санаа хэрхэн төрөв?

-Чөлөөт бөхийг үзэгчдийн сонирхлыг татах тал дээр бусад тулааны урлагаас хоцорч байна гэж олон хүн ярьдаг. Гэвч тэмцээнээ сонирхолтой хэлбэрээр зохион байгуулж чадвал чөлөөт бөх маш сонирхолтой спортын төрөл. Уламжлалт тэмцээнүүд үзэгчдийг татахаа больжээ. Тийм болохоор шилдгүүдийг цуглуулсан шинэ тэмцээн хэрэгтэй болсон. Энэтхэг, Герман, Ираны лиг шиг тэмцээн хэрэгтэй. АНУ-д ч гэсэн байнга чөлөөт бөхийн шоу болдог. Саяхан Америкт 70 кг-ийн шилдгүүдийн тэмцээн гэж боллоо. Үнэндээ шилдгүүдээс Энэтхэгийн Бажран Пуния л байсан. Тэгвэл манай 70 кг-ийн шилдгүүдийн тэмцээний бүрэлдэхүүнийг хар л даа. Энэ дээр гэмтлээр оролцоогүй Сослан Рамонов, Чермен Валиев, Мурад Нухкадиев нар байгаа гээд бод.

-Олон нийтийн сүлжээгээр яагаад Исраил Касумовыг урьсангүй вэ гэж бичиж байгаа.

-Исраилыг бид өөр жингийн тэмцээнд оролцуулахаар болсон. 70 кг-аас гадна өөр олон жингийн шилдгүүдийн шоу болно. Ер нь бол чөлөөт бөхийн мэргэжлийн лигийн эхлэл гэж хэлж болно.

-Тэмцээн Спортын ордонд явагдах уу?

-Хөл хорионы энэ үед бид үзэгчидтэй тэмцээн зохион байгуулж чадахгүй. Тиймээс  А.Хадарцевын нэрэмжит бөхийн академид хийхээр боллоо. 12 цагт жингээ үзүүлээд амарна. 16 цагаас барилдана. Танхимд тусгай тайзанд байрлуулсан ганц дэвжээтэй. Хөгжим, гэрлийн эффекттэй, алдартай зочидтой, жинхэнэ шоу болно. Шууд дамжуулалт байхгүй. 25-нд бичлэгээ сүлжээнд тавина.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top