Катарын Дохад жүдо бөхийн Мастерс тэмцээний 2 дахь өдрийн барилдаан үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг-ийн жингийн барилдаантай. Манайхаас 73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, 81 кг-д Сайед Моллай, О.Ууганбаатар, эмэгтэй 63 кг-д Б.Ганхайч нар барилдлаа.
Б.Ганхайч эхний тойрогт Их Дуулга, Гран При тэмцээний тус бүр нэг алтан медальтай ОХУ-ын Дарья Давыдовад ялагдлаа.
Ц.Цогтбаатар эхний тойрогт Германы Anthony Zingg-ийр давсан.
Дараа нь Армийн дэлхийн аварга, Узбекистаны Тураевт ялагдсан юм.
Г.Одбаяр эхний тойрогт 2015 оны Африкийн наадмын аварга, Египетийн Mohamed Mohyeldin-ийг ялсан.
Дараа нь А хэсгийг толгойлогч Японы бөх, дэлхий, Азийн аварга Соичи Хашимотод ялагдлаа. Барилдаан хэсэг зогсоод дахин эхлэхэд гэнэ алдаж, хавируулаад оноо алдсан юм.
Эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жингийн О.Ууганбаатар Рио-де-Жанейрогийн олимпын аварга, ОХУ-ын Хасан Халмурзаевыг өчиж, цэвэр ялсан.
Дараа нь олимпын хүрэл, дэлхийн мөнгө, хос хүрэлтэй Канадын Антуан Валуа-Фортьег ердөө 30 секундэд боож, цэвэр яллаа.
Эхний хоёр барилдаанаа цэвэр дуусгасан түүнийг медаль хүртэх нь гэж бодож байсан ч Узбекистаны Шарофиддин Болтабоевт 3 шидогоор ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Манай бөх баруун мөрөндөө гэмтсэн бололтой, огт урагш явсангүй торгуулсаар ялагдав.
Сайед Моллай хоёр гүрж бөхтэй дараалан барилдсан. Эхлээд Гүржийн ДАШТ-ий хүрэл медальт, Европын наадмын хүрэл медальт Лука Майсурадзег цэвэр ялсан.
Дараа нь Австрийн Шамил Боршашвилид ялагджээ.
Сэтгэгдэл ( 0 )