Францын алдарт жүдоч, олимпын хошой, дэлхийн 10, Европын 5 удаагийн аварга Тедди Ринер олимпын улирлаа өнөөдөр Катарын Дохад Masters тэмцээнд эхлэх гэж байна. Токиод олимпын гурав дахь алтан медалиа зүүх, 2020 оны хоёр ялагдлаа мартахын тулд тэрээр 30 кг жин хасаад Дохад иржээ.
Тедди 2018 оны дөрөвдүгээр сард 2018, 2019 оны дэлхийн аваргын тэмцээнд оролцохгүй гэдгээ зарласан. Шалтгаанаа тэр 2024 оны Парисын олимпын наадамд түрүүлэхийн тулд биеэ гамнах шаардлагатай гэж тайлбарлаж байв.
Тэр хамгийн сүүлд олон улсын тавцанд 2020 оны хоёрдугаар сарын Парисын Их Дуулга тэмцээнд гарсан. Гуравдугаар тойрогт Японы Кокоро Кагэүрад ялагдаж, 2010 оны есдүгээр сараас эхэлсэн 154 дараалсан ялалтын рекорд нь зогссон билээ.
Энэ ялагдлын дараа түүнийг эгэл хүн гэдгийг жүдочид ойлгосон юм. Өнгөрсөн аравдугаар сард Францын АШТ-ий багийн барилдаанд түүнийг 25 настай Жозеф Мерхек торгуулиар бас ялсан билээ.
Дохад ирэхээсээ өмнө тэр Францын хэвлэлд ярилцлага өгөхдөө “Мастерст орох болсон шалтгаан нь өрсөлдөгчдийнхөө талаар мэдээлэл авч, хүнд жингийн өнөөгийн байдалтай танилцах” гэж хэлж байлаа.
Түүний жинд Мастерст Чехийн дэлхийн аварга Лукас Крпалекаас бусад нь барилдана. Эхний өрсөлдөгч нь 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт Голландын Рой Мейер. 2015 онд GRAND PRIX JEJU тэмцээнд нэг таарч, Ринер боон, цэвэр ялж байсан ч энэ удаад Рой амар ялагдахгүй.
Рой болон хүнд жингийнхэн бүгд Терри баавгайг ангуучлах хүсэлтэй байгаа нь тодорхой.
Сэтгэгдэл ( 0 )