Огава Наоя: Хахалейшвили бол миний амьдралыг өөрчилсөн хүн

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14

ЗХУ-ын Гавьяат тамирчин, 1992 оны олимпын аварга, Гүржийн жүдоч Давид Ростомович Хахалейшвили энэ сарын 11-нд 49 насандаа зүрхний өвчний улмаас нас нөгчлөө.

Давид Хахалейшвили жүдогийн ДАШТ-ий 2 мөнгө, 2 хүрэл медальтай төдийгүй самбод шилжиж, дэлхийн хошой аварга болсон алдарт бөх байлаа. Зодог тайлаад холимог тулаанд гурван удаа тулалдаж, нэг ялалт байгуулжээ. 1996 оны Атлантын олимпод Гүржийн багийнхан жин үзэх газрыг буруу мэдээлснээс болж, хасагдаж байсан юм. Хоёрдугаар сарын 28-нд 50 насныхаа ойг тэмдэглэх гэж байлаа.

1992 оны Барселонагийн олимпын финалд түүнд ялагдсан Японы жүдоч Огава Наоя “49 нас гэдэг хэт залуу байна. Надаас ч залуу байна шүү дээ. Өнгөрсөн жилээс бие нь муу байгааг нь сонсож, мэдэж байсан. Тусалж дэмжинэ гээд байж байтал маш харамсалтай юм боллоо. Давидтай би 3 удаа барилдаж, 2 ялсан. Ганц ялагдал маань олимпын финал. Түүнд ялагдаад амьдралаа өөрчлөх шийдвэр гаргасан. Мэргэжлийн тулаанд орох хүсэл төрсөн юм. Гэтэл дараа нь Давид ч бас холимог тулаанд ороод надад тулалдах санал тавьж байлаа. Үнэхээр миний амьдралыг өөрчилсөн хүн гэж хэлж болно. Тайван нойрс доо” гэж анд найз, өрсөлдөгчөө дурссан байна.

Гүржийн сүмоч Точиношин ч бас эх орныхоо баатрыг хүндэтгэн гашуудаж байна.

Нэгдүгээр сарын тэмцээний дөрөв дэх өдрийн дараа Точиношин сэтгүүлчдэд “Ах дүүгийн харилцаатай байсан. Шинэ жилийн өдөр, 12 дугаар сарын 31-нд утсаар ярьсан. 11 дүгээр сард зүрхний хагалгаанд ороод их турсан байсан. Ярьж амжсан маань сайн хэрэг боллоо. Би Гүржид байхдаа жүдо барилддаг байлаа. Гэхдээ Японд ирсэн хойноо л Давид Хахалейшвилитэй дотно харилцаатай болсон. Японд олон удаа ирдэг, ирэхэд нь би хамтдаа хоолонд орон, яриаг нь сонсдог байлаа. Эндог ялсан ялалтаа түүнд зориулж байна” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top