НБА лигийн 2018 оны MVP Жеймс Харден “Хьюстон” багаас “Бруклин”-д шилжлээ. Түүний төлөө “Бруклин” 11 тоглогч, драфтын эрх гээд урьд өмнө гарч байгаагүй их үнэ төлсөн юм.
Дэлхийн спортын ертөнцийн супер одын багаа солих олон ангит цуврал ийнхүү төгсгөл боллоо.
Жеймс Харден сүүлийн тоглолтын дараахь хэвлэлийн бага хурал дээр багийн андуудаа маш муу тоглосон, ур чадвар тааруу гэж ил тод шүүмжилсэн.
Хэдхэн цагийн дараа “Рокетс” түүнийг бэлтгэлээс чөлөөлж, Филадельфи, Бруклин болон хэд хэдэн багтай хийж байсан хэлэлцээгээ сэргээсэн байна.
Ингээд Харден явах боллоо. Тэр урьд нь хамт тоглож байсан Дюрэнттэй нэгдэх болжээ. Энэ хоёр хэн нь илүү шидэх эрхтэй бол гэх зэрэг асуудлаас илүү сонирхол татах зүйл нь солилцооны санхүүгийн тал. НБА лигийн хамгийн том солилцоо гэгдэж байгаа болохоор аргагүй.
Харденийг хуучин түвшиндээ гарна гэж “сохроор” итгэсэн Бруклин юу өгөхөөр болсон бэ?
• 4 тоглогч: ирээдүйтэй төвийн тоглогч Жарретт Аллен, хамгаалагч Карис Леверт, сэлгээний довтлогч Торин Принс, Родион Куруц;
• Драфтын 3 эрх, 2022, 2024, 2026 он;
• Драфтын нэгдүгээр тойргийн дөрвөн сольж авах эрх, 2021, 2023, 2025, 2027 он. Ямар нэг нөхцөл үгүйгээр.
Нийт 11 хөрөнгө.
Дээр нь цалин. ESPN-д бичсэнээр Харден, Кевин Дюрант, Кайри Ирвинг нар нэг улиралд 114,8 сая ам.доллар авах нь лигийн таван багийн Никс (92,1 сая), Тандер (95,6 сая), Хорнетс (105,1 сая), Кингс (107,8 сая), Атланта (114,7 сая) зардлаас өндөр байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )