Английн Премьер лигийн оддын бага насны талаар та мэдэх үү? Зарим нь ядуу зүдүү өссөн бол нэг хэсэг нь гэмт хэрэг, өвчин зовлонтой халз тулгарч явжээ.
Cерхио Агуэро (Манчестер Сити)
Серхио Агуэро маш ядуу гэрбүлд төрсөн. Түүнийг хоёр настайд нь гэр нь Буэнос-Айрес хотын өмнөд дүүрэгт нүүжээ. Тэнд танилцсан шинэ хөрш Хорхе Четти жаал хүүд КҮН гэсэн нэр өгсөн түүхтэй. Агуэро Японы Wanpaku Omukashi Kumu Kumu гэдэг хүүхэлдэйн кино үзэх дуртай. Киноны гол баатрын амьдардаг Күн уулын нэрийг байнга хэлж явдаг байсан тул хөрш нь түүнийг КҮН гэж дууддаг болсон байна.
Мохамед Салах (Ливерпуль)
Салах багадаа спорт, хичээл сургуулиа хослуулах гэж их хичээдэг байсан ч чадаагүй. Тэр муу сурдаг байлаа. Үргэлж хөлбөмбөг тоглодог, эсвэл зурагтаар үзээд суучихдаг болохоор яаж ч сайн сурах вэ дээ. Мо Египетийн жижигхэн, ядуу Нагриг тосгонд төрсөн. Гэрт нь мөнгө байхгүй. Салах хуучин оймс цуглуулж, бөөрөнхийлөөд бөмбөг болгон тоглодог байлаа. Өдөрт таван цаг бэлтгэл хийх тул хичээлээ тасална. Баг нь түүнийг бэлтгэлд оролцуулах гэж сургуультай нь маргаан хийх үе ч байлаа. “Эраб Контракторс” багт байхдаа тэр довтлогч болохыг хүссэн ч дасгалжуулагч нь хагас хамгаалалтад тавиад байв. Баг нь 4:0 хожсон ч Салах би гоол оруулах ёстой байсан гээд уйлдаг хүүхэд байжээ.
Садио Мане (Ливерпуль)
Садио Мане гудамжны хөлбөмбөгөөр амьдралаа олсон тамирчин. Аав ээж нь ядуу тул хүүгээ ойролцоох хотын сургуульд хүргэж өгч чадахгүй байв. Мане бүтэн өдөр гудамжинд хөлбөмбөг тоглоно. Телевизээр гарах Премьер лигийн тоглолтыг үзээд Англи явах гэж мөрөөднө. Сенегалын шигшээ баг 2002 оны ДАШТ-д Францын багийг ялахад Садио мэргэжлийн хөлбөмбөгчин болно гэж шийдсэн байна. Аав ээж нь эсэргүүцсэн ч тэр гэрээсээ оргоод явчихлаа. Удалгүй эцэг эх нь түүнийг эргүүлж чадахгүйгээ мэдээд Дакар хотын хөлбөмбөгийн академид оруулжээ. Мане хөлдөө углах пүүз ч байхгүй академид орж байв.
Кевин Де Брюйне (Манчестер Сити)
Кевин маш баян гэрбүлд төрсөн. Багаасаа Англи, Африкаар аялж, зугаалж өссөн. Аав нь нефтийн бизнес эрхэлдэг тул гачигдах зүйлгүй. Тэр үед Бельгид хөлбөмбөг уналтын үедээ ороод байлаа. Де Брюйне 14 настайдаа Генк багийн академид элсэж, удалгүй анхны гэрээгээ байгуулжээ. Кевин багадаа “Ливерпуль” багийг дэмжиж, Майкл Оуэныг шүтдэг байв. Аав нь “Кевинийг 12 настай байхад анги нь цанаар гулгахаар ууланд гарсан юм. Харин тэр явсангүй. Яагаад гэж асуухад Майкл Оуэний гэрээнд экстрим спортоор хичээллэхийг хориглосон заалт байдаг гэсэн” гэж хариулж байлаа” гэж дурсан ярьж байв.
Виржил ван Дейк (Ливерпуль)
Суринам гаралтай голланд залуу багадаа жижигхэн, удаан хөвгүүн байжээ. Гэвч тэр өсөж, томорч чадсан юм. Аав нь гэрээсээ явснаас хойш тэр түүнтэй харилцаагаа бүрэн тасалсан ч удалгүй сэргээсэн юм. Ах эгч нар нь бүгд нэрээ өөрчилсөн ч Виржил ганцаараа аавынхаа нэрээр явсаар байлаа. Аав Рон ван Дейкийн ачаар тэр хөлбөмбөгч болсон юм. Аав нь түүнийг цагийн ажил хийдэг кафегаас нь авч, бэлтгэлд нь хүргэж өгдөг байв. Виржил тэр үед аяга таваг угаагаад цагт 3 евро авдаг байжээ.
Рахим Стерлинг (Манчестер Сити)
Рахим Ямайкийн хар тамхины аюултай дүүрэгт төрсөн. Хоёр настай байхад нь аавыг нь гудамжинд буудан алжээ. Ээж Надин, хойт аав хоёр нь хүүтэйгээ хамт Англид цагаачлахаар шийдэв. Рахим 11 настайдаа Лондоны сургуульд хөлбөмбөг тоглож эхлэв. Өглөө 05 цагт босоод зочид буудалд цэвэрэгч хийдэг ээжийнхээ ажилд туслаж, жорлон угаана. Тэр сургуульд сурахыг хүсдэггүй, зан ааш муутай хүүхэд байлаа. “Хэрэв би багын зангаа өөрчлөөгүй бол өдийд байнга улаан картаар торгуулж байх байлаа” гэж тэр нэгэнтээ дурссан. Сургуульд тоглож байхдаа тэр шүүгч рүү чулуу шидэж, уурлахаараа талбайг орхиод яваад өгдөг байв. Ээж Надин хүүгээ төлөвшиж, мэргэжлийн хөлбөмбөгч болоход маш их тус болсон юм. Тэр хөлбөмбөг сайн мэддэг, хүүдээ итгэж, байнга дэмжиж байв. Одоо Рахим од болсон. Хүнд хэцүү амьдрал, амиа алдсан аавыг нь түүнд хөлдөө хийлгэсэн автомат бууны шивээс л сануулдаг болжээ.
Жейми Варди (Лестер Сити)
Жейми багадаа сургуульд явахыг хүсдэггүй байлаа. Ихэнх цагаа хөлбөмбөгийн талбайд өнгөрүүлж, нутгийнхаа Шеффилд Уэнсдей багт тоглохыг мөрөөддөг байлаа. Гэвч багийн удирдлага түүнийг тоосонгүй. Аав ээжтэйгээ муудалцаад гэрээсээ явж, янз бүрийн ажил хийн, амьдралаа залгуулдаг үе түүнд байсан. Эцэст нь залуу хүүг Стоксбриж Парк Стилс хэмээх бяцхан баг эгнээндээ нэгтгэж, Варди тэнгэрийн умдаг атгасан мэт баярлаж байжээ.
Н’Голо Канте (Челси)
Канте Францын мали цагаачийн гэрт төрсөн. Багад нь аав нь нас барсан тул ээж, дүү нараа арчлах үүрэг түүнд тулгарсан юм. Канте хог түүж, тушаадаг ажил хийдэг байлаа. 1998 оны ДАШТ-ээр балиашгуудын цэнгэлдэхэд хаясан хог түүнд маш их орлого оруулсан гэдэг. Ингээд Канте хөлбөмбөгч болохоор шийдэж, JS Suresnes клубийн академид элслээ. Намхан түүнийг хэзээ ч хөлбөмбөгч болж чадахгүй гэж байсан ч Н’Голо тэвчээр, хөдөлмөрөөрөө амжилтад хүрсэн юм. Тэр үеийн дасгалжуулагч нь “Канте хэлсэн бүхнийг сонсож, хүссэн бүхнийг хийдэг цорын ганц дуулгавартай хүүхэд нь байлаа. Юу ч хүссэн хийнэ. Нэг удаа баярын өмнө би тоглоомоор түүнд “Хоёр сарын дотор зүүн хөлөөр 50, баруун хөлөөр 50, толгойгоороо 50 удаа жонглердож сур” гэж хэллээ. Хоёр сарын дараа тэр сурчихаад хүрээд ирсэн. Би их гайхсан” гэж ярьж байв.
Роберто Фирмино (Ливерпуль)
Роберто Фирмино Бразилын аюултай дүүрэгт төржээ. Эцэг эх нь түүнийг гадуур гаргадаггүй байв. Роберто багаасаа л хөлбөмбөгт дуртай. Өглөө эрт гараад л тоглоно. Харин аав ээж нь дургүй. Гэвч хөршүүд нь танай хүү тун авьяаслаг шүү, тоглохыг нь битгий хоригло” гэж зөвлөжээ. Ядуу гэрбүлд өссөн тул пүүз ч байхгүй. Дасгалжуулагч нь түүний зардлыг дааж, өмсгөл авч өгчээ. Түүний үеийн хүүхдүүд хар тамхи зарж, хулгай хийж байхад Роберто хөлбөмбөгөөс өөр юм сонирхдоггүй. 16 настайдаа тэр гэрээс хол Томбенсе багтай гэрээ байгууллаа. Дараа нь Фигейренсе-д зээлээр тоглолоо. Гэрээ санаж, ээждээ утасдан, “Би харимаар байна” гэж гуйна. Гэрбүл нь хүүгээ авчирмаар байв ч бас л мөнгө байхгүй. Харин тэр жилээ Робертыг Германы Хоффенхайм сонирхож, удалгүй тэр харь оронд очсон юм.
Харри Кейн (Тоттенхэм)
Харри Кейн Хойд Лондонд ирланд хүний гэрбүлд төржээ. Эцэг эх нь бүгд Тоттенхэмийн балиашиг. Кейн багаасаа хөлбөмбөгт дуртай. Нэг удаа гудамжинд тоглож байтал Тоттенхэмийн довтлогч Жермейн Дефо ирж, тэдэнтэй тоглосон гэдэг. Кейн хөлбөмбөгийн карт цуглуулдаг, шүтдэг тоглогч нь Тедди Шерингем байв. Кейн гараагаа Рижуэй Роверс багт эхэлсэн. Хачирхалтай нь хаалгачаар тоглосон юм. Удалгүй дасгалжуулагч нар түүнийг довтолгоонд тавьсан нь зөв шийдвэр байлаа. Найман настайдаа “Арсенал”-ын академид очсон Харри жилийн дараа илүүдэл жинтэй гээд хасагдаж байжээ. Гэвч үүний ачаар тэр хэдэн жилийн дараа хүслэн болсон Тоттенхэм багтаа орсон билээ.
Давид де Хеа (Манчестер Юнайтед)
Давидын аав Хосе де Хеа хөлбөмбөгийн хаалгач, ээж Мариви Кинтана нь жирийн нэг гэрийн эзэгтэй байлаа. Тэд хөлбөмбөгт дуртай хүүдээ юу ч хайрладаггүй байв. Ээж нь хүүгээ боловсролтой болох ёстой гэж үздэг тул Давид спорт, сургуулийг хослуулан, аль алинд нь амжилттай байв. Гэвч спорт, боловсролын аль нэгийг нь сонгох шаардлага тулгарч Хеа хөлбөмбөгөө сонгосон юм. Эхлээд тэр хагас хамгаалагч байлаа. Гэвч маш хурдан өссөн тул хурд муудаж, хаалганд зогсох болжээ. 14 настайдаа Атлетико-гийн сургуульд элссэн тэр аавынхаа шийрийг хатаахаар хаалагч болохоор шийдсэн түүхтэй.
Маркус Рашфорд (Манчестер Юнайтед)
Маркус Уайтеншоу хотод төрсөн. 2 настайгаасаа л бөмбөг харахаараа өшиглөөд эхэлсэн тул аав ээж нь хөлбөмбөгч болох нь гэж таамаглаж байжээ. 5 настайд нь түүнийг Флетчер Мосс Рейнжерс багийн академид өглөө. Баг нь нэг удаа 20:0 ялахад Маркус 12 гоол оруулсан байна. Энэ үеэс Английн шилдэг багууд түүнийг анхааралтай ажиглаж эхэлсэн юм. Манчестер Сити багийн бэлтгэлд хэд хэдэн удаа оролцоод байж байхад нь МЮ багийн удирдлагаас түүнийг урвуулж чадсан гэдэг.
Пьер-Эмерик Обамеянг (Арсенал)
Пьер-Эмерик Парист Габоны цагаачдын гэрт төржээ. Түүний аав Пьер Габоны шигшээ багт тоглож байсан бөгөөд 1980 оноос Францын хэд хэдэн багт тоглож байв. Зодог тайлаад Милан багт ажиллаж байсан байна. Пьер-Эмерик бүтэн өдөр бөмбөг тоглодог хүүхэд байлаа. Тэдний гэр Италид нүүхэд жаал хүү алдарт Миланд элссэн түүхтэй.
Давид Луис (Арсенал)
Давид Луис Диадема хотод багшийн гэрбүлд төржээ. Багаасаа хичээл сурлагдаа сайн, спорт, гэрэл зурагт сонирхолтой, олон талын идэвхтэй хүү байв. Энэ олон сонирхлоос тэр хөлбөмбөгөө сонгосон. Давид Луис Сан-Паулу багийн академид элслээ. Гэвч багийн удирдлага урт үсийг нь тайрсан тул гомдож, 14 настайдаа багаасаа гарч байжээ.
Месут Озил (Арсенал)
Месут Озил Туркийн ядуу цагаачийн гэрт төржээ. Баян тансаг амьдрахын тулд спортоор тодрох хэрэгтэй. Озил 6 настайдаа авьяас нь тодорч, спортын сургуульд элсэн, багийнхаа супер од нь болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )