Зохион байгуулалттай допингийн хэргээр ОХУ-ын тамирчид хоёр жилийн хугацаанд ДАШТ, олимпын наадамд Төрийн дууллаа эгшиглүүлж, далбаагаа мандуулах эрхгүй болсон билээ. ОУОХ-ноос олимпод Орсоос сэргээшийн хэрэггүй цэвэрхэн тамирчдыг л оролцуулна гэж шийдвэрлэсэн.
ОХУ-ын ҮОХ-ны Тамирчдын зөвлөлөөс Төрийн дууллаа ямар дуугаар орлуулах талаар хэлэлцэж, алдарт Катюша дуун дээр санал нэгдсэн байна. Тус зөвлөлийн тэргүүн Софья Великая “Маш олон дууны санал ирсэн ч Катюшаг сонголоо. Энэ дуу бүх ард түмний хайртай дуу. Найман настай балчраас наян настай буурлууд бүгд дуртай” гэж мэдэгдлээ.
Катюшаг ардын дуу гэж нэрлэдэг ч үнэндээ хөгжмийн зохиолч Матвей Блантер, яруу найрагч Михаил Исаковский нарын хамтын бүтээл. Анх 1938 оны 11 дүгээр сард нийтийн хүртээл болж байжээ.
Харин Төрийн Думд энэ саналыг эсэргүүцсэн байна. Төрийн Думын депутат Игорь Лебедев “Ёстой тэнэг санал. Энэ дуу чинь Аугыы их Эх орны дайны үеийн дуу. Энэ дуун дор цэрэг дайчид эх орноо фашизмаас чөлөөлөн, амь насаа алдаж байлаа. Гэтэл олимпын дуулал болгох гэнэ. Ийм тэнэг зүйл гаргасных нь төлөө ҮОХ-г тараагаад, шинэ хүмүүс сонгох хэрэгтэй” гэж эрс шүүмжилжээ.
Сэтгэгдэл ( 0 )