Хабиб эргэн ирнэ, гэхдээ...

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 17

Энэ сарын 15-нд холимог тулаан төдийгүй спорт сонирхогчдын анхаарал Абу-Дабид хандсан байлаа. Энд UAE Warriors, Eagle FC холбоодын хамтарсан тэмцээн болсон юм. Гэхдээ фэнүүд тэмцээн, тулаанд биш UFC холбооны аварга Хабиб Нурмагомедов, холбооны ерөнхийлөгч Дана Уайт хоёрт анхаарч байсан юм. Энэ хоёр эрхэм Абу-Дабид чухал уулзалт хийж байлаа.

Хабиб өнгөрсөн намар Гэтжиг ялаад зодог тайлснаа зарласан. Ээж минь битгий зодолд гэж гуйсан хэмээн ярьж байсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн билээ. Харин Дана сүүлийн хоёр сар Хабиб рингэнд эргэн ирнэ гэж ярьсаар байсан. Тийм ч болохоор зодог тайлсан тамирчны аваргын бүсийг хураалгүй хадгалсаар байлаа. Ойлгомжгүй байдал үргэлжилсээр, хөнгөн жингийн тулаанчид хэн нь аваргын төлөө тулалдах эсэхээ ч мэдэхгүй суусаар. Цаашид ийм байдал удаан үргэлжлэх боломжгүй болсон тул талууд уулзсан нь энэ.

Дана Уайт, Хабиб Нурмагомедов хоёрын уулзалт, хэлэлцээр Улаанбаатарын цагаар 23,30 цагт эхэлж, хоёр цаг үргэлжилжээ. Уулзалтын дараа Хабиб инстаграм хуудсаараа дамжуулан, “Кавказад болсон явдал” киноны наймаалцаж байгаа хэсгээс тавьсан нь тохиролцсон мэт сэтгэгдэл төрүүлэв. Харин Уайт удахгүй Хабибтай хийсэн хэлэлцээрийнхээ талаар мэдэгдэнэ гэсэн нь спорт сонирхогчдыг дахин хэдэн цагийн хүлээлтэд орууллаа.

Үнэхээр Хабиб эргэн ирнэ гэж үү?

Ингээд Дана Уайт мэдэгдлээ хийлээ. Гол утга нь “Хабиб нэг болзолтойгоор эргэн ирэх болсон. Хэрэв UFC 257 тэмцээнд Конор Макгрегор – Дастин Порье, Майкл Чендлер – Дэн Хукер тулаанд үнэхээр сонирхол татсан, сайхан тулаан болох юм бол тэр дахин тулалдана. Аваргын бүсээ хайцаалаад байх юмгүй гэж хэлсэн. Мөн Чарльз Оливейраг нэрлэсэн. Хабиб бол яг одоо дэлхийн хамгийн шилдэг тулаанч” гэж мэдэгдсэн.  

Ямар ч гэсэн Хабиб эргэн ирэх бололтой, гэхдээ яг тодорхой нөхцөл байхгүй юм байна гэж фэнүүд ойлгов. Нурмагомедов дахин хэзээ ч тулалдахгүй гэсэн дагестан эр хүний үгээ зөрчих юм байна гэж мэдлээ. Харин сонирхол татсан, сайхан тулаан гэдэг нь юу вэ, хэн тэрийг шийдэх вэ гэдэг ойлгомжгүй үлдлээ. Дээр дурдсан тулаанчдын ялсантай нь зодолдох юм уу, үгүй юу гэдэг ч бүрхэг хэвээр.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(150.129.142.21) 2021 оны 01 сарын 17

er hun helsendee baina gedeg aguu shu,odoo ergej irvel yalagdana!

0  |  0
Top