НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2200 өрхийг хамруулсан судалгаа хийжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 20

Үндэсний статистикийн хороо болон НҮБ-ын Хүүхдийн Сан “Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа + 2020-2021”-ийн эхний хоёр үе шатны үр дүнг цахимаар танилцууллаа.

Судалгааны зорилго нь хүүхэд, гэр бүл, өрхийн нөхцөл байдлын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйг ашиглан тогтмол мэдээлэлтэй болоход чиглэдэг. Онцгой байдлын үед хүүхэд, өрхийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж буй талаар мэдээлэлтэй байж, түүнийг ойлгох нь цаг үеэ олсон, холбогдох арга хэмжээ, бодлого шийдвэрийг гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тус судалгаанд Монгол Улсын Засгийн газар КОВИД-19 цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авсан бөгөөд үүнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан нь нийт өрхийн 68 хувьд хүрчээ.

Хүүхэдтэй өрхийн хувьд энэ үзүүлэлт 98 хувь байна. Нийгмийн даатгалын төлбөрийг чөлөөлөх арга хэмжээ хотод илүү хэрэгжсэн (хөдөөд 19 хувь, хотод 31 хувь) бол ноолуурын урамшуулал хөтөлбөрт хөдөөд 61 хувь, хотод 5 хувь хамрагджээ.

Судалгааны үе шат бүрд өрхийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, КОВИД-19 цар тахлын үе дэх бэрхшээлүүдийг тодруулжээ.

Нэгдүгээр шатанд КОВИД-19 цар тахлын үе дэх 2-17 насны хүүхдүүдийн зайн сургалтын талаар, хоёрдугаар шатанд хүнсний аюулгүй байдал болон хүүхдийн хоол тэжээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулсан байна.

Хот, хөдөө нь түүврийн гол домэйн бөгөөд нийт 2,200 өрхийг түүвэрлэсэн. Түүврийг 4 бүс тус бүрээс 400 өрх, Улаанбаатар хотоос 600 өрх байхаар хуваарилагдсан. Судалгааны 1-р үе шатны мэдээллийг 2020 оны есдүгээр сарын 18-наас аравдугаар сарын 25 хооронд 3 хэсэгтэйгээр цуглуулсан бол 2-р үе шатны мэдээллийг 2020 оны  арванхоёрдугаар сарын 1-14-ний өдрүүдэд цуглуулсан байна.

Панел дата үүсгэхийн тулд судалгааны үе шатуудад ижил өрхийг судалгаанд хамруулсан. Судалгааны дараагийн үе шатанд хүүхдийн зайн сургалт ба хүүхэд хамгааллын талаар мэдээлэл цуглуулна. Судалгааны цааш цаашдын үе шатуудын сэдвийг тухайн үеийн үүсч буй мэдээллийн хэрэгцээнд үндэслэн тодорхойлно.

Судалгааны мэдээллийг бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, олон улсын болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, судлаачид, олон нийт, оюутан сурагчид, эрдэмтэн, сэтгүүлчид нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг авахаас гадна өөрсдийн үйл ажиллагаа болон эрдэм шинжилгээний ажилд ашиглах боломжтой гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top