Английн Челси баг дасгалжуулагч Фрэнк Лампардыг халснаа албан ёсоор зарлалаа. Тоглогчийн хувиар домог болсон тэрээр дасгалжуулагчийн хувиар багтаа домог болох гэж ирээд чадсангүй.
Челсигийн албан ёсны мэдэгдэлд “Багийн эзэн, Захирлуудын зөвлөлөөс ийм шийдвэр гаргахад тун хэцүү байлаа. Бид Фрэнкэд хийсэн ажилд нь талархаж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ сүүлийн тоглолтуудын үр дүн, агуулга багийн шаардлагад нийцэхгүй байна. Бид хүснэгтийн дунд хэсэгт байж таарахгүй. Удаан хэлэлцсэний эцэст салах шийдвэр гаргасан. Одоо багт шинэчлэл хэрэгтэй байна” гэж дурдсан байлаа.
Челси Премьер лигийн сүүлийн таван тойрогт ганц ялж, 9 дүгээр байрт явж байна. Багийн шинэ дасгалжуулагчаар ПСЖ-гээс халагдаад удаагүй байгаа герман дасгалжуулагч Тухель томилогдох шинжтэй.
Лампардын хувьд ур чадвар дутсан гэхээсээ хувь хүний зан төрх нь том багийн дасгалжуулагч болоход дутмаг байлаа. Тэр халагдсаныхаа дараа “Юуны өмнө 18 сар намайг дэмжсэн фэнүүдэд баярлалаа. Ийм цаг үед энэ албан тушаалд ажиллахад хэцүү байна гэдгийг би мэдэж байсан. Би амжилтаараа, нэгдүгээр багт орж, өөрийгөө харуулж чадсан академийн залуусаараа бахархаж байна. Багийг шинэ түвшинд гаргах цаг хугацаа надад байсангүйд харамсаж байна” гэж хэлсэн.
Яагаад тэр амжилтад хүрсэнгүй вэ?
-Челсигийн захирал Марина Грановская өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээс шинэ дасгалжуулагч хайж эхэлсэн. Лампард тэр хоёрын харилцаа эхнээсээ л таагүй байжээ. Нэгдүгээрт, 2019 оны зун Лампардыг авахаар бас нэгэн том баг хөөцөлдөж байсан ч Челси тэднээс өмнө Фрэнктэй ам тохиролцоонд хүрч, Дерби Каунтигаас гаргаж чадсан. Дараа нь үүнийгээ ашиглан, бага цалингаар гэрээ байгуулжээ. Хоёрдугаарт, Лампард Дербигээс хаалгач хариуцсан туслах дасгалжуулагч Гивенийг авчрах гэсэн боловч Челси зөвшөөрөөгүй. Дээр нь өмнө нь Гус Хиддинк, Роберто Ди Маттео нартай ажиллаж байсан Эдди Ньютоныг түүний туслахаар томилсон. Эдди нэг ёсны дасгалжуулагч нарын дундах багийн эздийн тагнуул маягийн үүрэгтэй байлаа. Гуравдугаарт, хаалгач Кепа. Багийн удирдлагаас маш үнэтэй авсан Кепаг дэмжихийг түүнд даалгасан ч Лампард түүнийг “үзэн ядсан” хэвээр байлаа. Лампард шинэ хаалгач шаардсаар шинэ улирлын эхэнд авч чадсан. Зарим хөлбөмбөгчид Лампардыг тэдэнд ямар нэг тактикийн зөвлөгөө өгөхийн оронд зүгээр л гараад өөрийгөө харуул гэж хэлдэг гэж гомдол гаргадаг байжээ. Мөн өнгөрсөн зун Лампард Вест Хэмээс Деклан Райсийг авахыг хүссэн ч багийн удирдлага багийнхаа академиас хасагдсан хүнийг эргүүлэн авах нь доромжлол гэж үзсэн гэнэ. Фрэнк Бернлигээс хамгаалагч Жеймса Тарковскийг худалдан авахыг гуйсан ч аваагүй, Томори, Алонсо, Рюдигер, ахлагч Аспиликуэта нарыг явуулах гэсэн ч тэд бүгд үлдсэн нь бас нэгэн зөрчил байлаа.
-The Athletic-т бичсэнээр Ман Ситид 1:3 ялагсданы дараа Роман Абрамович сэтгэл дундуур байсан бол Лестертэй тоглосны дараа маш их уурласан. Том босс “Хангалттай” гэж хэлсэн гэнэ.
-Тоглогч нарын дунд ч Лампардын эсрэг бүлэг үүссэн. Лампард өөртөө таалагддаг хэдэн тоглогчтой л харьцдаг, заримтай нь олон сар огт дуугардаггүй хүн байжээ. Өөрөө саяхан тоглогч байсан хүн яаж харилцах ёстойг сайн мэдэх ёстой ч тэр гараанд гардаггүй тоглогчдоос зайгаа барьж, хөндийрүүлсэн байна. Үүнээс болж, багт эрүүл бус уур амьсгал үүсэн, 2015 онд Жозе Моуриньо халагдахын өмнөх үетэй адил байдал гараад байжээ. Талбайд гардаг, гардаггүй тоглогчдын дунд хагарал үүсэх аюул гарч, гардаггүй хэд нь бэлтгэл дээр хичээхээ больсон байна. Багийн удирдлага, зарим тоглогчтой зөрчилдсөн Фрэнк хэнд итгэхээ ч мэдэхээ байсан нь өөртөө итгэлгүй болох бас нэгэн шалтгаан.
-Өндөр үнэтэй авсан Вернер, Хавертц нар үр дүнгээ өгсөнгүй. Лампардын болгоомжтой тактик ч тэдэнд таарсангүй.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 55 02 55 59