Томас Бах сонирхогчдын бокст дахин анхааруулга өглөө

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 28

ОУОХ-ны тэргүүн Томас Бах Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA)-нд шинэчлэл хийгдэхгүй байгааг дахин шүүмжиллээ.

Тус хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан дээр Бах “AIBA-д болж байгаа үйл явдал бидний санааг зовоосон хэвээр байна. Тэнд ямар ч шинэчлэл, өөрчлөлт, хөгжил алга. Удирдлага, менежмент, шүүлт гээд асуудалтай бүх зүйл өөрчлөгдсөнгүй. Бид AIBA-д энэ талаар мэдэгдэл хүргүүлнэ” гэж мэдэгдсэн байна.

Олон улсын сонирхогчдын боксын холбооны (AIBA) ээлжит чуулган өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 12-13-нд онлайнаар явагдаж, AIBA-гийн Ерөнхийлөгчөөр ОХУ-ын У.Кремлев 57,33% саналаар сонгогдсон.

Умар Кремлев өмнө нь ч тус холбоог тэргүүлж байсан тул шинэ хүн гэж хэлэхэд хэцүү. Улмаар шинэчлэл хийнэ гэхэд ч эргэлзээ төрүүлэх нь ойлгомжтой.

ОУОХ-ноос 2018 оны 11 дүгээр сарын 30-нд Токиогийн олимпод боксын тэмцээн зохион байгуулахыг түр түдгэлзсэн шийдвэр гаргасан. Учир нь сонирхогчдын боксын холбоо AIBA хээл хахууль, авлигад идэгдсэн, шүүлтийн булхай газар авсан, бохир мөнгө угаадаг, дарга нар нь мафитай холбоотой гээд маш олон асуудал мөрдлөгөөр илрэн гарсан юм. Олимпод оролцохгүй бол сонирхогчдын бокс мөхөх нь ойлгомжтой. Ийм хүнд үед ОУОХ 2019 оны тавдугаар сард сонирхогчдын боксыг олимпын хөтөлбөрт үлдээсэн. Гэхдээ тэмцээнийг AIBA-гүйгээр зохион байгуулахаар болсон юм.

Одоогийн байдлаар AIBA нь ОУОХ-ны гишүүнчлэлээс хасагдсан байгаа. Цаашдаа ч У.Кремлев удирдлагад байгаа цагт гишүүнчлэлийг сэргээхгүй дүр зураг харагдаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.177.61) 2021 оны 01 сарын 30

Ойлгомжтой, энэ Иванаасаа салаагүй цагт AIBA өөдлөхгүй гэсэн үг, ер нь бөх, бокс мэтийн спортын олон улсын ч бай, үндэсний ч бай бүх л холбоод хэрүүлдээ идэгдсэн бүтэхгүй газрууд л харагдах юм даа

0  |  0
Top