Умард тэнгисийн хиймэл арал дээр дэлхийд анхны салхин эрчим хүчний төв бий болно

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 05

Дани улс дэлхийд анх удаа Умард тэнгис дэх хиймэл арал дээр салхины эрчим хүчний төвийг байгуулна гэж тус улсын Уур амьсгал, эрчим хүчний яам мэдэгджээ. Төр, хувийн хэвшлийн түншлэл энэхүү эрчим хүчний шинэ зангилааг эзэмших гэнэ. Төслийн гол зорилго нь Европын эрчим хүчний нэгдсэн сүлжээг бэхжүүлэх, уур амьсгалд ээлтэй Европт зориулан сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд оршиж байна.

Энэ нь оффшор цахилгаан станц байх бөгөөд хиймэл арал дээр 120 мянган кв.м талбайд байрлуулах олон зуун салхин сэнснээс экологийн цэвэр эрчим хүчийг хуримтлуулан, түгээх юм.

Данийн төр үндсэн эзэмшигчээр оролцож байгаа ба хувийн хэвшил төслийн инновац, үр ашиг, хэрэгжилтэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх гэнэ. Эхний ээлжид эрчим хүчний шинэ зангилаа гурван сая айл өрхийг цэвэр эрчим хүчээр хангах бол бүрэн хүчин чадлаараа ажилласны дараа 10 сая айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөж байна.

Эдийн засгийн өсөлт, ногоон ажлын байрыг бий болгох энэхүү төсөл Дани төдийгүй дэлхий дахинд экологийн цэвэр технологид шилжих, эрчим хүчний тогтвортой үйлдвэрлэлийн шинэ эрин үеийг эхлүүлж байна гэж Данийн Эрчим хүчний сайд Дан Йоргенсен мэдэгджээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top