Гринландын ерөнхий сайд Фредерик Нильсен түүний ард түмэн сонголт хийх шаардлагатай нүүр тулбал АНУ-г бус харин Данийг сонгох байсан гэж Данийн ерөнхий сайд Метте Фредериксентэй хамтран хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Гринландыг нэгтгэх тухай ярьж эхэлснээс хойш арлын эрх баригчдын зүгээс илэрхийлсэн хамгийн хатуу мэдэгдэл боллоо гэж ВВС агентлаг онцолсон байна.
Трамп Орос, Хятадаас хамгаалахын тулд АНУ Гринландыг эзэмших ёстой гэж мэдэгдэж байгаа бөгөөд Цагаан ордон тус арлыг худалдан авах боломжтой гэж үзэж байгаа ч хүч хэрэглэх замаар нэгтгэх боломжийг үгүйсгэхгүй байна.
Дани нь АНУ-ын хувьд НАТО-ийн холбоотон улс бөгөөд Вашингтон цэргийн хүч хэрэглэвэл Умард атлантын эвслийн төгсгөл болно гэж Данийн ерөнхий сайд Метте Фредериксен онцолжээ.
Гринландын ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен тус улс геополитикийн хямралтай нүү туллаа гээд арлын байр суурь тодорхой. Сонголт хийхдээ тулбал Гринланд АНУ-г бус Данийг сонгоно гэв. Тэрбээр “Хүн бүрд нэг зүйл тодорхой байх ёстой. Гринланд Нэгдсэн Улсынх болохыг хүсэхгүй байна. Гринланд Нэгдсэн Улсаар удирдуулахыг хүсэхгүй байна. Гринланд Нэгдсэн Улсын нэг хэсэг болохыг хүсэхгүй байна” гэж мэдэгджээ.
Энэхүү хэвлэлийн бага хурал нь Данийн болон Гринландын гадаад хэргийн сайд нарын Вашингтонд хийх айлчлалаас нэг хоногийн өмнө болов. Тус хоёр улсын гадаад хэргийн сайд нар АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс болон төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзах юм.

Сэтгэгдэл ( 0 )