АНУ-ын дэд ерөнхийлөгч Гринландад очно

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 03 сарын 26

 

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс энэ долоо хоногт Гринландад очихдоо Америкийн цэргийн Питуффик баазад зочилно гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас нийтэлсэн мэдэгдэлд өгүүлжээ.

Вэнс эхнэрийн хамт гуравдугаар сарын 28-нд Питуффик цэргийн баазад очиж, Арктикийн аюулгүй байдлын асуудлаарх хэвлэлийн бага хуралд оролцох юм байна. Энэ цэргийн бааз нь пуужингийн довтолгооны тухай урьдчилан анхааруулах, Арктикийн бүсийг хянах үүрэг гүйцэтгэдэг аж.

“АНУ болон Гринландын стратегийн түншлэл нь манай улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад голлох үүрэг гүйцэтгэж ирсэн. Хүйтэн дайны үед АНУ Зөвлөлтийн пуужингийн цохилтоос хамгаалахын тулд Гринландад зориулж нэмэлт хөрөнгө оруулалт хийж байсан юм. Дараах хэдэн арван жилд Данийн удирдлага болон АНУ-ын өмнөх засаг захиргаануудын хайнга хандлагын уршгаар манай дайснуудад Гринланд болон Арктикт өөрийн ашиг сонирхлыг хангах оролдлого хийх боломж олгосон юм. Ерөнхийлөгч Доналд Трамп энэ чиг бодлогыг зохих ёсоор өөрчилж байна” гэж Цагаан ордны хэвлэлийн албаны мэдэгдэлд онцолжээ.

Гринландад очиж, аюулгүй байдлын нөхцөл байдал ямар байгааг шалгах тухайгаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс мягмар гарагт мэдээлсэн юм. Түүний хэлснээр, АНУ Гринландын хүн амын аюулгүй байдлыг бэхжүүлэхийг хүсэж байгаа ажээ. Америкийн төлөөлөгчид Гринландад ирэх нь илэрхий өдөөн хатгалга юм гэж Гринландын албан тушаалаа хүлээлгэн өгөх гэж байгаа ерөнхий сайд Мюте Эгеде мэдэгдэж байсан юм. Харин Данийн ерөнхий сайд Метте Фредериксений мэдэгдсэнээр, одоогийн нөхцөл байдалд АНУ-ын төлөөлөгчид Гринландад айлчлах шаардлага байхгүй бөгөөд ийм айлчлал нь Гринландад шахалт дарамт үзүүлэх зорилготой ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu