Гринланд арлын оршин суугчид өөрсдийг нь үл хүндэтгэсэн байдлаар хандахыг цаашид зөвшөөрөх ёсгүй гэж Гринландыг засгийн газрын тэргүүн Мюте Эгеде үзэж байгаа бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын сүүлд хийсэн мэдэгдэлд барих хатуухан хариуг зөвшилцөхийн тулд улс төрийн намуудын дарга нарын уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Эгеде-гийн тэргүүлдэг Inuit Ataqatigiit (“Ардын хамтын нийгэмлэг”) нам гуравдугаар сарын 11-нд явуулсан парламентын сонгуульд гуравдугаар байрт орсон болохоор тэрээр Гринландын засгийн газрын шинэ танхимыг тэргүүлэх боломжгүй болсон байна. “Америкийн ерөнхийлөгч манай улсыг АНУ-д хүчээр нэгтгэх тухай сая дахин мэдэгдлээ. Үүнийг би хүлээн авч чадахгүй. Би сонгуулийн үр дүнг хүндэтгэж байгаа. Гэвч Гринландын засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгчийн хувьд би хүлээсэн үүрэгтэй тул улс төрийн намуудын дарга нарын уулзалтыг аль болох түргэн зохион байгуулахыг засгийн газрын хэрэг эрхлэх газраас хүссэн билээ. Энэ удаад бид Америкийн удирдагчид өгөх хатуухан хариуг томьёолох ёстой юм” гэж Мюте Эгеде тэмдэглэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп гуравдугаар сарын 13-нд Цагаан ордны Зууван танхимд НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте-тэй уулзахдаа Данийн өөртөө засах эрхтэй нутаг дэвсгэр болох Гринландыг АНУ хүчээр нэгтгэж авна гэж мэдэгдсэн байна. Трампын хэлснээр, олон улсын аюулгүй байдлыг хангах үүднээс Гринланд нь АНУ-д хэрэгтэй байгаа аж. Харин Марк Рютте Гринландын асуудлыг энэ уулзалтаар хэлэлцэхгүй байхыг илүүд үзэж, түүнийг шийдвэрлэхэд НАТО-г татан оруулахгүй байхыг уриалжээ.
Сэтгэгдэл ( 0 )