АНУ Гринландад цэргийн хоёр баазыг нэмж ашиглана

Я.Болор | Zindaa.mn
10 цагийн өмнө

АНУ Дани улстай тохиролцсоны дагуу Гринланд дахь цэргийн хоёр баазыг нэмж ашиглахаар болжээ.

Ройтерс агентлагийн эх сурвалж дурдан мэдээлснээр, АНУ-ын тал Хүйтэн дайны үеийн “Bluie West One” цэргийн баазаа дахин нээж, Данийн цэргүүдийн ашигладаг арлын зүүн эрэг дэх цэргийн баазыг ашиглахаар болжээ. “Bluie West One” цэргийн баазыг 1950-иад онд хааж байжээ.

Энэ талаарх тохиролцоонд Вашингтоны засаг захиргаа Дани, Гринландын эрх баригчидтай хүрчээ. Холбогдох баримт бичигт НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганы үеэр Нью Йорк хотноо гарыг үсэг зурахаар төлөвлөж байна.

Трампын өмнө нь мэдэгдэж байснаар, АНУ Гринландын аюулгүй байдлыг хангах хяналтыг авах тухай Данитай тохиролцжээ. Тэрбээр Вашингтон тус арал дахь цэргийн бие бүрэлдэхүүнийг даруй нэмэгдүүлнэ гэж онцолсон юм.

Цагаан ордны тэргүүн Доналд Трамп аюулгүй байдлаа хангах зорилгоор Гринландыг АНУ-тай нэгтгэх шаардлагатай гэж нэг бус удаа мэдэгдэж байсан. Тэрбээр анхны бүрэн эрхийнхээ хугацаанд тус арлыг худалдан авах саналыг тавьж байсан бол 2025 оны гуравдугаар сард Дани татгалзсан тохиолдолд худалдааны татвар ногдуулах замаар тус арлыг нэгтгэх боломжтой хэмээн илэрхийлж байв.

Гринландын гадаад хэргийн сайд Вивиан Моцфельдт, Данийн гадаад хэргийн сайд Лёкке Расмуссен нарын нэгдүгээр сард Вашингтонд хийсэн айлчлалын дараа Гринландын асуудлаарх гурван талт ажлын хэсэг байгуулагдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top