Токиогийн олимпыг Зохион байгуулах хорооны тэргүүн, Японы Ерөнхий сайд асан Ёширо Мори өнөөдөр албан тушаалаасаа бууж байгаагаа мэдэгдсэн.
Зохион байгуулах хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр тэрээр “Эмэгтэйчүүд олон байвал хурал дээр хэлэх үгийн цагийг хатуу тогтоож өгөхгүй бол хурал дуусахгүй юм болно” зэргээр хүйсээр ялгварлан гадуурхсан үг хэлснээс болж огцорч байгаа юм.
Уучлал гуйж, албан тушаалаа өгөхгүй хэмээн хэлж байсан ч ОУОХ, ард түмний шахалтаар албан үүргээс нь буулгасан гэхэд болно.
Түүний оронд хөлбөмбөгийн J лигийн ерөнхийлөгч асан, одоо тус холбооны зөвлөх Сабүро Кавабүчиг Токио олимпыг Зохион байгуулах хорооны тэргүүнээр сонгох яриа өчигдөр гарсан. Кавабүчи ч сэтгүүлчдэд “Амьдралынхаа хамгийн сүүлийн том ажил нь Токиогийн олимп болно гэсэн сэтгэлээр хичээн зүтгэнэ” гэж хэлж байлаа.
Харин өнөөдөр болсон Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан дээр тэр хорооны тэргүүний албыг хүлээн авахаас татгалзлаа. Учир нь ОУОХ, олон нийтээс хорооны тэргүүнийг хэрхэн сонгосон нь ил тод биш байна гэж хатуу шүүмжилсэн юм. Ард түмэн ч 83 настай Моригийн оронд 84 настай Кавабүчиг сонгодог нь хачирхалтай хэмээн олон нийтийн сүлжээгээр хүчтэй шүүмжилсэн. Энэ бүхнийг сонссон тэрээр Токио олимпыг Зохион байгуулах хорооны тэргүүн болохоос татгалзжээ.
Сэтгэгдэл ( 0 )