Ненад Лалович AIBA-гийн тэргүүнтэй уулзахаас татгалзлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 19

Олон улсын сонирхогчдын боксын (AIBA) холбооны тэргүүн Умар Кремлев Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ненад Лаловичид уулзах хүсэлт тавьсан ч Лалович татгалзсан байна.

Цахим сайт insidethegames.biz-д бичсэнээр Умар Кремлев холбооныхоо ОУОХ-ны гишүүнчлэлийг сэргээх тал дээр түүнээс дэмжлэг авах санаатай байжээ.

AIBA 2019 оны тавдугаар сард ОУОХ-ны гишүүний эрхээ алдаж, Токиогийн олимпын сонирхогчдын боксын тэмцээнийг зохион байгуулалтад оролцож чадахгүй болсон. Учир нь тэр үед тус холбоог тэргүүлж байсан Узбекистаны Гафур Рахимовыг олон улсын гэмт бүлэглэлтэй холбоотой гэж үзсэн юм. Гафур ажлаа орхиж, AIBA 2020 оны 12 дугаар сард хийсэн шинэ сонгуулиар Умар Кремлев тэргүүнээр сонгогдсон.

Ненад Лалович бол ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн. AIBA холбоог мөрдөн шалгах тусгай хэсгийг ахалж байгаа. Лалович Умартай уулзахаас яагаад татгалзсанаа гурван шалтгаантай гэж тайлбарласан. Үүнд: Сонирхогчдын боксын холбоонд одоо болтол 2016 оны Риогийн олимпын наадмын боксын тэмцээнийг зохион байгуулахад оролцсон хүмүүс ажилласан хэвээр байна. Үүний нэг нь Умар Кремлев өөрөө.

Хоёрдугаарт, Риогийн олимпод маш олон булхайтай, сэжигтэй шүүлт болсон нь AIBA холбоог авлигад автсаныг ил тод харуулсан. Шүүлтийн шинэ систем хэрэгтэй байгаа.

Гуравдугаарт, AIBA холбоо ОУОХ-нд 16 сая ам.долларын өртэй. Энэ бүх асуудлыг шийдсэн цагт л Умартай уулзана гэж Ненад хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top