Монгол залуус мэргэжлийн волейболчин болохоор БНСУ-ыг зорино

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 26

Монголын волейболчин залуус Өмнөд Солонгост улс орныхоо нэрийг өргөн мандуулж эхлээд байна. БНСУ бол волейболын спортын хөгжлөөр дэлхийд дээгүүрт ордог орон. Энэ улсын волейболын лигт тоглож, мэргэжлийн багт багтаж, туршлага судлана гэдэг маш том боломж билээ.

Маргааш манай хоёр залуу мэргэжлийн волейболчин болохоор БНСУ-ыг зорино. Тэд бол Монголын волейболын залуучуудын холбоо, “Медальд хүрэх зам” сургалтын төвийн тамирчин Хөвсгөл аймгийн уугуул Б.Амар, Төв аймгийн тамирчин Э.Гансүх нар юм.

“Медальд хүрэх зам” сургалтын төвийн багш Ч.Отгонбаярын шавь нар. Манай тамирчид БНСУ-ын WINNER SPORT CLUB спорт менежментийн төвтэй 10 жилийн тогтвортой гэрээ байгуулсан байна. Энэ нь цаашдаа БНСУ-ын Дээд лигт тоглох боломжтой  болж байна гэсэн үг юм. Тэд ахлах сургуульд суралцаж төгсөөд их дээд сургуулийн багт элсэх болно.

Монголын волейболчдыг дэлхийн тавцанд гаргах энэ ажилд зүтгэж буй нэгэн эрхэм бол WINNER SPORT CLUB спорт менежментийн дасгалжуулагч Хо Гюү Ху. Хо багш сонгон шалгаруултаар Б.Амар, Э.Гансүх нарыг сонгон авсан бөгөөд манай тамирчдыг хариуцан ажиллана. Тус төвийн зүгээс манай тамирчдыг БНСУ-д амьдрах, суралцахад бүх дэмжлэгийг үзүүлж, цаашдаа их дээд сургууль, мэргэжлийн багтай гэрээ байгуулахад хамтран ажиллана гэж гэрээнд заажээ.

Одоогийн байдлаар манай 9 волейболчин БНСУ-д хүч сорьж байгаа. Тэд маань ч амжилттай тоглож байгаа тул БНСУ-д монгол тамирчдыг сонирхдог болж эхэлжээ. Харин бидний хувьд тэдний энэ итгэлийг даах, хичээх хэрэгтэй байна. Волейболын хөгжил өндөр оронд ийнхүү суралцах болсон нь маш том боломж билээ.

Дашрамд дурдахад манай тамирчин Баярсайхан БНСУ-ын оюутны шилдэг тамирчнаар тодорч байсан бол саяхан БНСУ-ын олон нийтийн төв телевизээр Энх-Эрдэнэ буюу Эддигийн тухай нэвтрүүлэг гарлаа. “Коллежийн волейболын өглөөний од”, “Монголоос ирсэн Эддигийн Солонгос мөрөөдөл” гэсэн гарчигтай тус нэвтрүүлэгт манай тамирчныг Их сургуулиудын волейболын лигт “сүүлт од”  шиг гарч ирсэн монгол тоглогч гэх зэргээр магтаж байлаа. Энх-Эрдэнэ бол Сунгюнкваний их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан ч нэг тоглолтод 17 оноо дунджилдаг амжилтаараа лигт эхний гуравт жагсаж байгаа гэнэ.

Ийнхүү монгол волейболчдын амжилтын зам Азийн луу БНСУ-д гэрэлтэх цаг ирлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2021 оны 02 сарын 27

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
Naranmandah(203.91.115.47) 2021 оны 02 сарын 28

Amjilt

1  |  0
Otgonbayar (202.9.46.209) 2021 оны 02 сарын 27

Amjilt jvsey

5  |  0
ЗОЧИН(59.153.115.15) 2021 оны 02 сарын 28

хэний хүүхэд юм болдоо

2  |  2
Top