А.Лукашенкогийн хүү Беларусийн ҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 26

Беларусийн Үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн сонгууль өнөөдөр болж, тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн ууган хүү Виктор Лукашенко ҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Александр Лукашенко 1997 оноос улсынхаа ҮОХ-г тэргүүлж байсан. Энэ удаагийн сонгуульд аав, хүү Лукашенко нэр дэвшсэн байсан бөгөөд аав нь нэрээ татан авч, хүүгээ олимпын тэргүүн болголоо. Тэрээр “Би ҮОХ-ны тэргүүнээр дахин ажиллах төлөвлөгөөгүй байсан. Хэрэв та бүхний таалалд нийцвэл би хүүгээ санал болгомоор байна. Манай хүүг энэ тушаалд ажиллаж байх хугацаанд авлига, хөрөнгө мөнгөний хулгай гарахгүй гэдгийг амлаж байна. Тамирчид, дасглжуулагч нартай ч сайхан харилцах болно. Миний хувьд албан тушаалаа өгсөн ч спортоос холдохгүй” гэж хэлжээ.

Өнгөрсөн жил болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Беларусьт олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, олон тамирчин оролцсон. Александр Лукашенко тэдгээр тамирчдыг ялгаварлан гадуурхаж эхэлсэн тул 2020 онд ОУОХ-ноос Лукашенко болон ҮОХ-ны бусад удирдлагыг ОУОХ-ны арга хэмжээ, олимпын наадмуудад оролцохыг хориглосон билээ. Сонирхолтой нь ууган хүү Виктор Лукашенко өмнө нь ҮОХ-ны дэд ерөнхийлөгч байсан бөгөөд мөн ОУОХ-ны хоригт хамрагдсан юм.

Гүйцэтгэх зөвлөлийн шинэ гишүүд:

Андрей Барбашинский (гандболын олимпын аварга, Барселона-1992);

Александр Богданович (завь олимпын аварга, Бээжин-2008);

Александр Бут-Гусаим (Олимпын Динамо цэнгэлдэх хүрээлэнгийн захирал);

Елена Зубрилова (Биатлоны дэлхийн 4 удаагийн аварга);

Ирина Малеваная (Спортын шинжлэх ухааны төвийн захирал);

Денис Мужжухин (Үндэсний допингийн эсрэг агентлагийн тэргүүн);

Наталья Цилинская (Дугуйн спортын холбооны ерөнхийлөгч, олимпын хүрэл медальт,  Афин-2004).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top