Марафонч Б.Сэр-Од «Токио-2020» олимпод оролцох болзлыг биелүүллээ

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 28

Ц.Энхтүвшин , “Таван цагариг”

Өнөөдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 28-нд Японы Оцү хотноо явагдсан Lake Biwa Mainichi Marathon -д хурд сорьсон манай Бат-Очирын Сэр-Од маань 2 цаг 09 минут 26 секундын амжилт үзүүлж, “Токио-2020” олимпийн наадамд оролцох болзлыг биелүүллээ.

1946 оноос эхлэн зохиогдсон, Японы хамгийн эртний марафонд тооцогддог, зөвхөн эрэгтэй гүйгчид оролцдог онцлогтой, Дэлхийн хөнгөнатлетикийн холбооны “ Gold label” ангилалд багтдаг  “ Lake Biwa marathon” -д энэ жил цар тахлаас шалтгаалан зөвхөн Японы болон Японд бэлтгэл хийж буй гадны нийтдээ 450 гаруй марафонч хурд сорьжээ.

World Athletics буюу Дэлхийн хөнгөнатлетикийн холбоо нь Олимпийн наадамд оролцох болзол ( entry mark)  зай, төрөл тус бүр дээр тогтоодог бөгөөд марафон гүйлтэд эрэгтэйчүүд 2 цаг  11 минут 30 секундээс дотогш гүйж байж энэ болзлыг биелүүлдэг билээ.

Энэ жил 39 настай Б.Сэр-Од маань анх 2004 оны Афины олимпод оролцсон бөгөөд түүнээс хойш 2008,2012,2016 оны олимпод дараалан оролцоод байгаа юм. Мөн тэрбээр Хөнгөнатлетикийн ДАШТ-д ( хоёр жилд нэг удаа болдог) нийтдээ 9 удаа оролцсон ховор амжилтын эзэн бөгөөд Ази тивийн марафон гүйлтийн АШТ-ий аварга, мөнгөн медаль, Зүүн Азийн наадмын мөнгөн медаль, БНХАУ, Япон, Их Британид болсон марафонд түрүүлж, Лондон, Берлин гээд дэлхийд зартай “ Их хурд”-д эхний 10 -т шалгарч байв. Түүнийг гэргий О.Оюунтуяа нь дасгалжуулдаг.

Дашрамд дурьдахад “Токио -2020” олимпийн наадмын болзлыг манай хөнгөнатлетикчдаас марафон гүйлтээр өмнө нь Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нар биелүүлсэн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 01

Гэргий нь дасгалжуулдаг юм бол амжилт гаргах нь ойлгомжтой.

0  |  0
Top