МҮОХ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй ХАМТРАН АЖИЛЛАНА

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 01

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн захирал, хошууч Х.Бат-Ирээдүй нар тамирчдад эрүүл мэндийн, тэр дундаа спортын гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, олимпизмыг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулах, төсөл хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа. 

Санамж бичиг байгуулах үеэр Монголын Үндэсний олимпийн хорооны удирдлагууд тус эмнэлгийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлээд тамирчдад тулгардаг гол асуудал болох спортын гэмтэл бэртэл болон түүнийг хэрхэн сэргээн засах талаар санал солилцсон. Тодруулбал, хоёр тал Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы тэргүүлж буй Эмнэлэг, эрдэм шинжилгээний комиссын хэрэгжүүлэх ажлын хүрээнд ТТАХЭ-ийн гэмтэл сэргээн засах тасгаас спортын бэртэл гэмтэл, бэртлийн дараах сэргээн засах тасаг байгуулах, тамирчдын бэлтгэлжилтэд нөлөөлөх хүчин зүйл, булчингийн баланс, бэртлээс сэргийлэх судалгаа, эрдэм шинжилгээний цогц арга хэмжээг зохион байгуулах талаар хэлэлцлээ.

Мөн энэхүү санамж бичгийн хүрээнд Үндэсний шигшээ багаас "Токио-2020" болон "Бээжин-2022" Олимпийн наадамд оролцох эрх авсан тамирчдыг жилд 1-2 удаа бүрэн шинжилгээнд оруулахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top