Хөлбөмбөг: Монголын шигшээ баг Туркт бэлтгэл хийж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 01

Катар-2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсэгт Япон, Киргиз, Тажикистан, Мьянмар улсуудтай багтсан манай үндэсний шигшээ багийнхан хоёрдугаар сарын 26-нд Турк улсыг зорилоо.

Манай шигшээ 2 сарын 27-ноос 3 сарын 23 хүртэл Турк улсад бэлтгэлээ базаан, 3-р сарын 25-нд Тажикистан, 3-р сарын 30-нд Японы шигшээ багтай тоглож дуусаад эх орондоо ирнэ.

Шигшээ багийг үдэн гаргахдаа МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар “ДАШТ-ий урьдчилсан шатны эхний давааг давсан бид тэмцээнээ нэр төртэй үргэлжлүүлэн, амжилттай оролцоцгооё.” хэмээн шигшээ багийнханд урам хайрлав. Түүнчлэн шигшээ багийг ахалж явах Ч.Мөнхзулд МХБХ-ны дарцгыг гардуулан өглөө.

Мөн МУГТ, МХБХ-ны Техникийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Буман-Учрал шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбалд Монгол улсын алтан соёмбот төрийн далбааг гардуулан өгч, “Биднийг маш хариуцлагатай хоёр тоглолт хүлээж байна. Та бүхэн талбай дээр юу чаддагаа харуулаад, амжилт гаргаад ирээрэй” хэмээн захилаа.

Энэ үеэр ОУХМ цол хүртсэн Шигшээ багийн туслах дасгалжуулагч З.Баттулгад МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Баярмагнай үнэмлэх, тэмдгийг гардуулан өгсөн юм.

Нийт 25 тоглогчийн бүрэлдэхүүнтэй яваа манай шигшээ баг өнөөдөр тус улсад эхний хөнгөн бэлтгэлийг хийлээ. Цаг агаарын хувьд +20 C буюу Тажикстан улстай ойролцоо нөхцөлд шигшээ баг 20 хоногийн туршид бэлтгэл хийх юм гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top