Монгол ояката багшийн анхны гарын шавь нар мэргэжлийн сүмод элсэв

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 03

“Сүмо” сэтгүүлийн сэтгүүлч, гэрэл зурагчин В.Даваа

Уламжлал ёсоор Осака хотод болдог Хаврын башё энэ удаа корона цар тахлын улмаас Токио хотноо тун удахгүй эхлэх гэж байна.

Өнгөрсөн жилийн Хаврын башё сүмогийн түүхэнд анх удаа үзэгчгүйгээр болж өнгөрч байлаа. Жил бүрийн Хаврын тэмцээний өмнө сүмод шинээр элсэгчдийн тоогоор хамгийн их байдаг онцлогтой. Учир нь Японд гуравдугаар сард бүх шатны сургуулийн төгсөлт болдог.

Сүмогийн холбоо 2-р сарын 26-нд эрүүл мэндийг үзлэгт хамруулан шалгаж, мэргэжлийн сүмод орохоор нийт 36 хүүхэд, оюутан хүсэлтээ гаргасан нь урьд жилүүдтэй харьцуулбал элсэлтийн тоо цөөрчээ.

Өнгөрсөн оны 12-р сард Такасаго дэвжээний тэргүүн буюу багш болсон Асасэкирюү Б.Дашнямын анхны гарын шавь, ах дүү нар болох Ишизаки Такүма, Ёшида Райки болон Ёшида Кирюү нар мэргэжлийн сүмод элсэн сүмочийн гараагаа эхлэж байна. Ишизаки Такүма нь Японы Биеийн тамирын дээд сургуулийг энэ хавар төгссөн юм. Түүний сонирхогчидын сүмод үзүүлсэн амжилтуудыг үндэслэн мэргэжлийн сүмод банцүкэ алгасуулан, шууд санданмэ чинсаанд барилдуулахаар тогтов.

Мөн өнгөрсөн Хаврын барилдааны дараа зодог тайлан Арашио дэвжээг залгамжлан авсан Соококүрай Н.Энхтүвшингийн анхны гарын шавь болох  Накажима Ран мэргэжлийн сүмод элслээ.

Саяхныг хүртэл Сүмогийн сургуульд багшилж байсан Такасаго ояаката  Асасэкирюү Б.Дашням 3-р сарын 14-нөөс эхлэх хаврын барилдаанд хөлийн цэц шүүгчээр суухаар болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top