Жүдо: Ташкентын "Их Дуулга" энэ сарын 5-нд эхэлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 03

Энэ жилийн хоёр дахь Их Дуулга тэмцээн Узбекистаны нийслэлд энэ сарын 5-наас 7-нд явагдана.

Олон улсын жүдо бөхийн холбооноос Ташкентын Гран При тэмцээний зэрэглэлийг дээшлүүлж, энэ жилээс Их Дуулга болгосон. Энэ нь Токиогийн олимпын эрхийн төлөө өрсөлдөж байгаа тамирчдад чансааны оноо авах боломжийг олгох зорилготой юм.
 

Их Дуулгад түрүүлсэн тамирчин чансааны 1000 оноо авах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500 оноотой. Ганц ялсан бөх ч 100 оноо авах тул олимпын чансаагаа нэмэх хүсэлтэй тамирчид заавал оролцох ёстой тэмцээн юм. Онооноос гадна багагүй хэмжээний мөнгөн шагналтай. Аварга бөх 5000 ам.доллар, мөнгөн медальт жүдоч 3000, хүрэл медальт 1500 ам.доллар өвөртлөөд нутаг буцна.

Одоогийн байдлаар тус тэмцээнд 77 орны 550 жүдоч оролцох мэдүүлгээ өгчээ. Тэмцээн Ташкент хотын Хуми мөсөн ордонд болно.

5-ны өдрийн Баасан гарагт эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаантай. Бямба гарагт эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг, сүүлийн өдөр эрэгтэй 90, 100, +100 кг, эмэгтэй 78 кг, +78 кг-ийн жүдочид татами дээр гарна.

Финалын барилдаан орон нутгийн цагаар 17.00 цагт эхлэх юм. Цар тахлын улмаас үзэгчгүй, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд явагдана. Амны хаалт зүүх, зайгаа барих дүрмийг зөрчсөн тамирчныг тэмцээнээс шууд хасна.

Монголын шигшээ баг

Эрэгтэй

60 кг - Л.Өнөболд, Э.Ариунболд

66 кг - Г.Хэрлэн, Ё.Басхүү

73 кг - Ц.Цогтбаатар, Г.Одбаяр

81 кг - С.Моллаи, Н.Дагвасүрэн

90 кг - Г.Алтанбагана

100 кг - Б.Гончигсүрэн, Л.Отгонбаатар

+100 кг - Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй

48 кг - М.Уранцэцэг

52 кг - Б.Хорлоодой, Л.Сосорбарам

57 кг - Д.Сумъяа, Л.Энхрийлэн

63 кг - Б.Ганхайч

70 кг - Ц.Энхчимэг

+78 кг - Э.Гандиймаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top