Холимог тулааны UFC холбооны шинэ од, чечень гаралтай Шведийн тулаанч Хамзат Чимаев Instagram хуудсаараа дамжуулан, зодог тайлж байгаагаа зарлалаа.
Хамзат Чимаев энэ сарын 14-нд UFC Fight Night 187 тэмцээнд Леон Эдвардстай тулалдах ёстой байлаа. Гэвч Хамзат нэгдүгээр сард ковидийн халдвар авснаасаа хойш эдгэрсэн ч бие нь сайжрахгүй байгаа юм. Тиймээс тус тулаанаас татгалзаад байсан ч энэ удаад бүр мөсөн зодог тайлах болжээ.
Хамзат олон нийтийн сүлжээнд “Дэмжиж тусалж байсан та бүхэнд маш их баярлалаа. Бүх юм дууслаа. Би аваргын бүс авч чадаагүйгээ мэдэж байна. Гэхдээ энэ бүс амьдралын хамгийн чухал ялалт биш. Миний бие махбодь, зүрх тулаанаа орхи гэж хэлж байна. Багийн хамт олондоо баярлалаа. UFC холбоонд талархаж байна” гэж бичсэн байлаа.
Хамзат Чимаев UFC холбоонд 3 тулалдаж, бүгдэд нь цагаас өмнө хүнд цохилтоор ялж байсан. Холимог тулаанд нийт 9 тулалдаж, 9 ялсан тамирчин юм.
Холбооны тэргүүн Дана Уайт энэ талаар "Эмч нар түүнд преднизон эм бичиж өгсөн. Энэ эмээ уугаад, тэнхрэх ёстой. Чимаев ковидийн улмаас амархан ядардаг, цуцдаг болоод байгаа болохоор ийм шийдвэр гаргасан байх. Түүнийг дахин тулалдана гэдэгт би итгэлтэй байна” гэж мэдэгдсэн бол Чеченийн удирдагч Рамзан Кадыров зодог тайлахгүй байхыг түүнээс хүссэн байна.
Сэтгэгдэл ( 0 )