Хөлбөмбөг: Монголын шигшээ Японд бүрэн тусгаарлагдана

2021 оны 03 сарын 03

Японы хөлбөмбөгийн холбооны тэргүүн Козо Ташима өнөөдөр онлайн хэвлэлийн хурал хийлгэж, энэ сард болох шигшээ багийн тоглолтын талаар танилцууллаа.

Козо Ташима “Нэгдүгээр шигшээ баг 30-ны өдөр Монголын багтай тоглоно. Уг нь тоглолт Улаанбаатарт болох байсан ч Монголд спортын уралдаан тэмцээнийг хориглосон байгаа тул Чибад хийхээр боллоо. Харин 24 хүртэлх насны олимпын шигшээ баг энэ сарын 26, 29-нд Аргентиний багтаа тоглох хуваарьтай байгаа. Энэ хоёр тоглолтод тоглогч, багийн гишүүдийг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлана. “Хөөсөнд хийнэ” гэж хэлдэг дээ. Бэлтгэл хийж, тоглолтод оролцоод шууд нутаг буцахаар зохион байгуулна. Одоогийн байдлаар Токио болон Чиба, Сайтама, Канагава мужид цар тахлын улмаас хорио тогтоод байгаа. Энэ хорионы хугацаа 7-нд дуусах ч засгийн газраас сунгаж магадгүй байна. Тодорхойгүй зүйл олон байгаа тул хийх ажил ч их байна. Монголын шигшээ 25-нд Тажикистанд тоглолт хийгээд чартер онгоцоор Японд ирэх байх. Гадаадаас ирсэн бүх хүн 14 хоногийн карантинд орох ёстой ч бид Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагад хүсэлт гарган, Монгол, Аргентины шигшээ багийг онгоцноос буунгуут нь буудалд аваачиж, байрлуулах болно” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top