Никкан Гэндай
Шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас ёкозүна Хакүхо тэргүүтэй 65 бөх Нэгдүгээр сарын тэмцээнд зодоглоогүй билээ. Цар тахал Японы үндэсний бөхийн ертөнцийг доргиож байгаа ч одоогоос яг 10 жилийн өмнө өөр нэгэн асуудал сүмо бөхийг зовоож байлаа. Энэ бол Найрааны хэрэг юм. Найраанд оролцсон хэргээр тэр үед 25 бөх холбооноос хөөгдсөн, эсвэл зодог тайлж байлаа.
Тэдний нэг нь Монголын комүсүби асан Хакүба А.Өнөржаргал юм. Найрааны хэргээс хойш 10 жилийн дараа Хакүба хаана, юу хийж байгааг сурвалжиллаа.
“Тавтай морил. Одоо хонины мах эвдээд завгүй байгаа тул ажлаа хийнгээ ярилцлага өгч болох уу”
Төмөр замын Рёогокү буудлаас 3 минут алхах зайтай газар монгол хоолны “Улаанбаатар” ресторан бий. Энд Хакүба А.Өнөржаргал биднийг хүлээн авсан юм.
Энэ хоолны газрыг 2008 оны зургаадугаар сард Хакүбагийн ээж Энхтуяа Монголын сүмочдод гэрийн монгол хоол хийж өгч байх зорилготой байгуулжээ. Хакүба 2011 онд зодог тайлаад 2013 оноос энэ ресторанд ажиллах болсон гэнэ.
“Энэ бол Шинэ Зеландын хонины мах. 18 кг орчим. Өнөөдөр би 17-19 кг-ийн зургаан хонины мах эвдэнэ. Энэ дөнгөж хоёр дахь нь. Мах эвдэхэд хүч чадлаас илүү ур чадвар шаардлагатай”
Гартаа 25 см орчим урттай хутга барьжээ.
“Зургаан хонины мах гэхээр үйлчлүүлэгч их байгаа юм байна даа” гэхэд Хакүба “Харамсалтай нь цар тахал гээд бараг үйлчлүүлэгч байхгүй болсон. Энэ бол Японд амьдардаг монгол хүмүүсийн захиалга. Хөл хорионы дэглэмээр манайх 18-20 цагт л ажиллаж байна. Нэг жилийн өмнө захиалга авахын аргагүй хүн ихтэй байсан бол энэ жил бараг хүнгүй болсон. Ганц манайх ч биш газар сайгүй л хэцүү байна. Анх сүмод орж байсан үе шигээ тэвчээд, хичээн зүтгэхээс өөр арга алга”
Коронавирустэй нэг жил өнгөрч байгаа ч Хакүбагийн амьдралд гэгээтэй сайхан зүйл бас тохиолдсон. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 5-нд тэр 4 дэх хүүхдээ өлгийдөн авчээ.
“Хөөрхөн эгдүүтэй хүүхэд. Өнгөрсөн жил төрсөн болохоор Корона гэж нэр өгсөн. Худлаа, худлаа тоглосон юм”
Ингээд 10 жилийн өмнөх найрааны хэргийн талаар асуулаа.
“Найраа хийсэн сэжиг ээ? Юун сэжиг? Би найраа хийж байгаагүй, нэг ч удаа оролцсон удаа байхгүй. Бурхан тэнгэрээрээ андгайлсан ч болно. Үнэнийг хэлэхэд одоо ч харамсалтай байдаг. Сүмогийн холбоо намайг хүчээр зодог тайлуулсан”
“Холбооноос найрааны хэрэгтэй холбоотой майлд миний нэр гарсан гэсэн ч тэр майлаа огт харуулаагүй. Ямар ч нотлох баримт байхгүй, зуучлагч гэгдсэн ганц бөхийн мэдүүлгээр л буруутгасан”
Найраанд хамаагүй, гэм буруугүй гэж хэлж байсан нь ганц Хакүба биш. Холбооноос хөөгдөөд шүүхдэж, дахин барилдах эрхээ сэргээлгэсэн Өвөр Монголын Соококүрай, уурлаж бухимдаад өөрөө холбооноос гарсан комүсүби асан Кайхо гэх мэт олон бөх бий.
Кайхо таван жилийн өмнө манайд өгсөн нэгэн ярилцлагадаа “Тэр үед холбооны тэргүүн байсан Ханарэгома ояката анхнаасаа л биднийг буруутгах зорилготой байсан. 2015 онд зуурдаар нас барсан Китаноүми ояката тэр үед “Нэг талыг нь барьж, шийдвэр гаргаж болохгүй” гэж хэлсэн ч тэр огт сонсоогүй” гэж хэлж байв. Мөн тухайн хэргийг сурвалжилж байсан нэгэн спортын сэтгүүлч “Найрааны хэргээр шийтгүүлсэн бөхчүүд дунд Монголын 7 бөх, Нихон их сургуулийг төгссөн 5 бөх байлаа. Санякү буюу комүсүби, сэкивакэ нэг ч байгаагүй нь холбооноос хэнийг нь хөөхөө сонгожээ гэсэн сэжиг төрүүлж байлаа” гэж бичсэн байдаг.
Хэрэв тэр үед зодог тайлалгүй барилдаж байсан бол яах байсан бол гэсэн асуултад Хакүба “Зорилго маань озэки байсан ч яг үнэндээ бол комүсүби цолоо эргүүлэн авч, сэкивакэ цолны төлөө барилдаж байх байсан байх” гэж хариуллаа.
Хакүбагийн гэргий нь 2017 онд нас барсан Токитэнкүгийн дүү. Японд суралцаж байхад нь танилцсан. Тэд одоо Рёококүгийн ойролцоо амьдарч байна.
Сэтгэгдэл ( 6 )
Анхааралтай ойлгож унш. Эхнэрийнх нь ах 2017 онд нас барсан гэнээ.
17 онд гэргий нь нас барсан 20 оны 10 сард 4 дэх хүүхдээ өлгийдэн авсан тодорхой бичмээр юм.
aral deer baigaa mer ser mongolchuudiin amidral end yamar haa bainaa? Hairan tsag, demii yum shagaichihlaa
Өшөө илүү тодорхой асуумаар санагдаж байна. Жаахан дутуу байна.
haha