Хасан Яздани Олимпын шигшээд багтахын төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 04

Ираны чөлөөт бөхийн лидер, Риогийн олимпын аварга Хасан Яздани Токиогийн олимпын наадамд оролцох шигшээ багт багтахын төлөө халз барилдаан хийх болжээ.

Уг нь Яздани 2019 оны Нурсултаны ДАШТ-д 86 кг-ийн жинд түрүүлж, олимпын эрх авсан. Гэсэн ч Ираны бөхийн холбооноос түүнийг халз барилдаанд оруулах болсон байна.

Өрсөлдөгч нь U-23 ДАШТ-д хоёр түрүүлсэн Камран Гасемпур. Тэд хоёулаа Мазандаран мужийн Жуйбар хотод амьдардаг, дасгалжуулагч нэгтэй. Хэд хэдэн удаа таарч барилдсан ч Яздани дандаа ялж байжээ.

Нэг нутгийн хоёр бөхийг энэ сарын 9-нд Тегеранд халз барилдуулж, ялсныг нь Токио олимпын шигшээд авах болсон байна. Мөн өдөр 57 кг-ийн жинд 2019 оны ДАШТ-д тавдугаар байр эзлэн, эх орондоо олимпын эрх авчирсан Реза Атри, 2020 оны Дэлхийн Цомын хүрэл медальт Рахман Амузадехалили хоёр халз барилдаж, олимпын шигшээд хэн нь орохоо шийднэ.

Харин 125 кг-ийн жинд хэн Токио явахыг дараа шийдэх болсон байна. 2019 оны Нурсултаны ДАШТ-д зургаадугаар байр эзлэн, олимпын эрхийг авчирсан Ядолла Мохеби өрсөлдөгчдийн тоонд багтсангүй. U-23 дэлхийн аварга Амир Заре, Ираны аварга Амин Тахери хоёрын нэг сонгогдоно. Гэхдээ тэд халз барилдахгүй, олон улсын тэмцээнд хэн амжилттай оролцсон нь шигшээ багт орох юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.102) 2021 оны 03 сарын 05

Энэ Ираны бөх дайчин уран гоё барилдаантай аварга шүү.\nТокиод ирж барилдаасай.

0  |  0
зочин(66.181.161.102) 2021 оны 03 сарын 05

Энэ Ираны бөх гоё дайчин уран барилдаантай мундаг аварга шүү.\nТокиод ирж барилдаасай.\n

0  |  0
Top