Саид Моллаи, Саги Муки хоёрын талаар цуврал кино хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 04

Спортын сэдэвтэй кино олон бий. Chariots of Fire хэмээх 1924 оны олимпод оролцсон еврей, шотланд хоёр тамирчны бодит түүхээс сэдэвлэсэн кино 4 Оскар хүртэж байлаа.

Тэгвэл сүүлийн хоёр жил дэлхийг шуугиулсан Монголын жүдоч Саид Моллаин тухай кино ч бас ийм шагналд хүрэх бүрэн боломжтой байгаа юм.

MGM/UA Television болон Израилын Tadmor Entertainment компани Монголын иран жүдоч Саид Моллаи, Израилын жүдоч Саги Муки нарын нөхөрлөлийн талаар кино хийх албан ёсны эрхийг авчээ. Jerusalem Post-д бичсэнээр тэдний талаар цуврал кино бүтээх юм байна.
 


Моллаи 2019 онд Японд болсон ДАШТ-ий дараа Ирандаа хариагүй. Учир нь тус тэмцээн дээр түүнийг Израилын Саги Мукитэй барилдуулахгүйн тулд Ираны жүдо бөхийн холбоо, Засгийн газраас шахалт, дарамт үзүүлсэн юм. Өнгөрсөн сард Саид Израильд болсон тэмцээнд оролцсон нь иранчуудын хувьд шок байлаа. Моллаиг Израильд халуун дотноор хүлээн авч, Саги Муки хамтдаа тэврэлдэн авахуулсан зургаа сүлжээнд тавьсан юм. Израилын 12 дугаар суваг телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо тэд хэрхэн найзалж, нөхөрлөснөө ярьсан билээ.

Хоёр андын талаар кино хийх төсөлд Олон улсын жүдо бөхийн холбоо идэвхтэй хамтран оролцож байгаа. Цуврал кинонд тамирчдын тухай сонирхолтой баримт, хүмүүсийн мэддэггүй нандин нууцыг ч хөндөн гаргах ажээ. Уран сайхны цуврал киноноос гадна баримтат кино  ч мөн хийнэ.

MGM/UA Television-ий ерөнхийлөгч Стив Старк “Саги Муки, Саид Моллаи хоёрын нөхөрлөл, өрсөлдөөний түүх жүдо бөхийн хүрээнээс халин гарсан. Энэ хоёр гайхамшигтай андуудын тухай уран бүтээл хийх болсондоо бид их баяртай байна” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

Моллаи “Би энэ төсөлд оролцож байгаадаа баяртай байгаа. Би тамирчин, мөн эрх чөлөөт хүн. Саги бол миний найз. Жүдо, их спорт ямар ч саад тотгорыг даван туулдаг гэдгийг дэлхий дахинд харуулах сайхан боломж юм”

Саги Муки “Сайн найз Саидтай хамт энэхүү ер бусын төсөлд орж байгаадаа талархаж байна. Бид хүмүүст спорт бол улстөрөөс илүү нандин, чухал зүйл гэдгийг харуулах зорилготой. Бид бүгд нэгэн гэрбүл. Саидтай би финалд шалгаран үлдлээ гэхэд ялагч нь бидний найрамдал, нөхөрлөл байх болно. Харин хоёр дахь ялагч нь манай хоёр ард түмний харилцан итгэлцэл, эв найрамдал байна гэдэгт итгэж байна”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top