Их Дуулгын мөнгөн медальт Л.Сосорбарамын барилдааны бичлэг

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 06

Ташкентийн Их Дуулга тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг жинд залуучуудын олимпийн мөнгөн медальт, ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам мөнгөн медаль хүртлээ.

Энэ нь түүний Их Дуулга тэмцээний хоёр дахь мөнгөн медаль болж байгаа юм. Л.Сосорбарам 2019 онд Grand Slam Düsseldorf тэмцээнд үзүүрлэж байлаа. Чансааны 700 оноо авч, дэлхийн чансаа 14, олимпийн чансаа 12-т бичигдэх боломжтой боллоо. Шигшээ багт багтах дотоодын өрсөлдөөнд ч жиндээ тэргүүлээд эхэллээ.
 

Л.Сосорбарам эхний тойрогт Португалийн Жоана Диогог даралтаар цэвэр ялсан.

Хоёрдугаар тойрогт тэмцээнийг Узбекистаны тамирчин, “World Masters”-ийн хүрэл медальт Диёра Келдиёроваг нэмэлт цагт вазари үнэлгээгээр яллаа.

Хэсгийн аваргын төлөө олимпын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт БНСУ-ын Жон Бокеонийг 1:35 минутад цэвэр ялснаар хагас шигшээд шалгарсан юм.

Хагас шигшээд Сербийн Надежда Петровичийг үндсэн цагт вазари үнэлгээгээр ялсан.

Финалд дэлхийн хошой аварга Японы Үта Абетай барилдах байсан ч бэртлийн улмаас барилдаж чадсангүй. Гэхдээ Үта Абэтэй олимпын өмнө нэг гар зөрүүлснээс олимпод шууд халз үзсэн нь дээр байж ч магадгүй юм.  

Энэ жинд барилдсан Б.Хорлоодой Италийн Кастагнола Мартинаг ялсан.

Дараа нь дэлхийн хошой аварга Абэ Үтад ялагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top