Өнөөдөр Токио хотод мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээн эхлэх гэж байна. Тэмцээний өмнө тайлбарлагч, ёкозүна асан Китанофүжи таамаглал дэвшүүлжээ.
Китанофүжи “За ингээд Хаврын тэмцээн эхлэх боллоо. Гэхдээ үнэнийг хэлэхэд баярлах хүсэл төрөхгүй байна. Сүүлийн үед сайн сайхан зүйл нэг ч алга. Коронавирусний аюул намдах нь битгий хэл мутацид орсон төрөл ч гарч ирлээ. Хөл хорионы дэглэм дахиад 14 хоног сунгагдлаа. Гэхдээ биднээс хэцүү байдалд байгаа хүн маш олон байгааг санаарай. Ийм хүнд үед сүмо тэмцээн зохион байгуулах хэрэг байна уу гэж хэлэх хүн байгаа ч үнэндээ сүмочид бидэнд одоо чадах юм гэвэл барилдах л байна. Та бүхэн бага ч гэсэн таашаал аван, дархлаагаа сэргээвэл бид баярлах болно.
Хаврын тэмцээн уг нь Осакад явагдах ёстой ч цар тахлын улмаас хөдөө орон нутагт тэмцээн хийх боломжгүй болсон. Осакагийн бөх сонирхогчид хатуу үгтэй хүмүүс. Хакүхо ч, би ч энэ хотод янз бүрээр хэлүүлж, шүүмжлүүлж байлаа. Энэ нь нөгөө талаас сүмо сонирхогч олон гэсэн үг юм. Ийм хотод башё болохгүй болсон нь харамсалтай.
За энэ яах вэ, Хаврын тэмцээний талаар таамаглаад үзье. Хоёр аварга барилдах нь гэж баярлаж байтал Какүрюү гэнэт зодоглохгүй боллоо. Хуучны гэмтэл биш гуяндаа шинээр бэртсэн гэхээр бие нь ачаалал даахад хэцүү болж байгаа хэрэг байх.
Миний цуглуулсан мэдээгээр одоо Хакүхо хамгийн сайн формтой байгаа бололтой. Гэхдээ гурван озэкигоос эхлээд бусад бөхчүүд хэт муу байгаа болохоор Хакүхо сайн байгаа юм шиг харагдаж байгаа байх. Ер нь нийт бөхчүүд бэлтгэл дутуу байгаад би их гайхаж байгаа. Шёодайгийн бэлтгэлийг үзэх болгонд Ютакаяматай арав барилдаад л ахиж барилдаж болохгүй гэж тушаасан юм шиг больчих юм. Дандаа Шёодайг шүүмжлэх юм гэж надад хэлж болох ч үнэндээ арай л бага бэлтгэл хийж байна.
Асанояма хамтарсан бэлтгэлд ирээд Такаясүтай олон барилдсан бололтой. Гэхдээ огт ялж чадаагүй гэсэн. Бэлтгэл дээр ялах, ялагдах хамаагүй ч, өөртөө итгэлтэй болохын тулд бэлтгэлийн агуулга маш чухал. Такакэйшёо 17 кг жин хассан гэсэн. Нэг дор ингэж хасж болохгүй. Бэлтгэл хийж хөлсөө урсгаж биш, хоолны дэглэмээр жин хассан гэхээр сайн үр дүнд хүрэхгүй байх.
Харин Тэрүнофүжи ёстой сайн байгаа. Тэдний дэвжээ бөх олон, бэлтгэл хийх бүх нөхцөл бүрдсэн. Саяхан хуримаа хийсэн болохоор сэтгэл зүй ч сайн байгаа байх. Хаврын тэмцээнд 10 ялахад озэки болно гэж сонинд бичиж байгаа ч одоо гурван озэки байгаа болохоор ер нь бол 11 ялбал озэки цол өгөх ёстой гэж би бодож байна. Энэ нь Тэрүнофүжид тийм хэцүү зүйл биш. Түүнийг Хаврын тэмцээнд түрүүлэх хамгийн боломжтой бөх гэж нэрлэмээр санагдаж байгаа. Өнгөрсөн тэмцээнд түрүүлсэн Дайэйшёо энэ башёд 10 давж, озэки цолны болзол сонсоход ойртож очих байх. Таканошёо ч сүүлийн үед ихэд сайжирч байна.
За ингээд таамаглалаа хэлэхэд Хаврын тэмцээнд Хакүхо, Тэрүнофүжи хоёр түрүүлэх магадлал өндөр. Дараа нь Дайэйшёо, Такаясүг нэрлэнэ. Гурван озэки тус бүр 10 ялбал амжилт гэж үзэх болов уу. Энэ гурван арсланд хэт хатуу хандаж байж болох ч байдал ийм байна. Сүүлийн үед гэнэт тодорч түрүүлдэг бөхчүүд их байна. Магадгүй Хакүхо, Тэрүнофүжи биш бол хэн нэг битүү морь гарч ирэхийг үгүйсгэхгүй”
Сэтгэгдэл ( 5 )
Хакухо түрүүлж Тэрүнофүжи озеки болно гэдэгт итгэлтэй байна амжилт хүсэе 2 том залуусдаа амжилт
terunofuji turuuleerei
trunofuji zensho yusho.ozeki zolnii toloo uragshaa
Hakuhod amjilt husie.Terunofuji sain barildaj ozeki boloh bolzliig hangaarai.
hakuho amjilt