Харцагуудын барилдаанд Т.Баасанхүү түрүүлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Монголын үндэсний бөхийн холбоо, "Грийн шоу" продакшн хамтран “Хийморь” төслийн хүрээнд шилдэг 8 харцагын тойргийн барилдааныг зохион байгуулсан билээ. Тус барилдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Хангай констракшн ажилласан.

МҮБХ-ноос “Энэ барилдаан бусад барилдаанаас арай өөр, шинэлэг зүйл болж чадсан гэдэгт итгэлтэй байна. Барилдаанд оролцохоор санал нэгдсэн 8 харцага зочид буудалд байрлан бэлтгэлээ хийхийн зэрэгцээ сонирхолтой реалити шоуг үзэгч түмэндээ хүргэсэн юм. Тэр нэвтрүүлгээр бөхчүүд гэдэг зөвхөн бэлтгэл хийж барилдахаас өөрийг мэддэггүй биш гэдгийг ямархуу авьяастай, сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс байдгийг олон өнцгөөс нь харуулснаараа онцлог байлаа. Мөн бөхчүүд бэлтгэл яаж хийдгийг, ямар их хөлс хүчээ зориулдгийг цухасхан ч гэсэн харуулсан нь сонирхолтой байсан болов уу.

Барилдааны хөлийн цэцээр МУГД Б. Адьяахүү, Н.Бүрэнбаатар, А.Алтанхуяг начингууд ажиллаж, тайлбарыг М.Өсөхбаяр заан, Д.Батболд харцага нар улсын тайлбарлагч С.Гантөрийн хамт хийсэн юм. Бөхчүүд маань үнэн хүчийг үзүүлэн барилдаж, хүнд хэцүү цар тахлын үед бөхөөр цангасан үзэгч олондоо сэтгэлийн цэнгэл хайрласандаа өөрсдөө ч их баяртай байгаагаа хэлж байв. Барилдаанд Т.Баасанхүү харцага хувийн дүнгээр 7 барилдаж 5 давсан амжилтаар тэргүүлж, цомын эзэн болсон бол Т.Бэгзсүрэн харцага мөн 7 барилдаж, 5 давсан амжилтаар удааллаа. Харин О.Хангай харцага 4 даваа, Х.Гантулга харцага 3 даваа, Ц.Одбаяр харцага 3 даваа, А.Цацабшир харцага 3 даваа, Д.Анар харцага 3 даваа, Д. Бат-Эрдэнэ харцага 2 даваа тус тус давсан амжилттай барилдлаа. Зохион байгуулалт тал дээр алдаа, оноотой зүйл байсан л байх. Гэхдээ бөхдөө хайртай түмэндээ шинэ, сэргэг зүйл үзүүлэх гэж хичээж ажилласан "Хийморь" төслийн баг хамт олон, сэтгэл зүтгэл гарган оролцсон бөхчүүддээ баярлалаа. Дараа, дараагийн төслүүд бүр сонирхолтой, өгөөжтэй, сайхан болно” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top