Чөлөөт бөх: Евгений Жербаев буриад түмнээсээ уучлал хүслээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16

Буриадын нийслэл Улаан-Үдэд ОХУ-ын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болж өнгөрлөө.

Тэмцээнд Оросын 41 муж, хотын 351 бөх оролцсон. Олимпын өмнөх УАШТ тул Японтой цагийн зөрүү ойролцоо Буриадад зохион байгуулсан юм.
 


Нутгийн эзний давуу эрхээ ашиглан Буриадаас 39 бөх барилдсан. Тэд 1 мөнгө, 2 хүрэл медалийн амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ. 70 кг-ийн жинд Евгений Жербаев мөнгө, 61 кг-д Алдар Бальжинимаев хүрэл, 125 кг-ийн жинд Балдан Цыжипов хүрэл медаль хүртэцгээлээ. Токиогийн олимпын шигшээ багт буриад бөх багтах эсэхэд тун тааруу үзүүлэлт гэж нэг талаас хэлж болохоор.
 


Гэхдээ Буриадын тэргүүн Алексей Цыденов сэтгэл хангалуун байлаа. Шагнал гардуулах ёслол дээр тэр “Энд барилдсан 39 бөхийн хувьд маш том туршлага болж өгсөн тэмцээн байлаа. Евгений, Алдар, Балдан нар сайн барилдлаа. Тэднийг хараад хүүхдүүд спортоор хичээллэж, дотооддоо өрсөлдөөн ширүүсэж, буриад бөхчүүд дэлхийд ялаасай гэж би хүсэж байна. Өнөөдрийн тэмцээнд дандаа л дэлхий, тивийн аварга томчууд оролцсон. Тэдэнтэй өрсөлдсөн Евгений маш сайн байсан. Тэр нас залуу тул цаашдаа Европ, дэлхийн дэвжээнд гарах болно” гэж хэллээ.
 


Харин мөнгөн медалийн эзэн Евгений Жербаев буриад бөх сонирогчдоосоо итгэлийг нь биелүүлж чадаагүйдээ уучлал хүсээд “ОХУ-ын АШТ-ийг Буриадад зохион байгуулсанд, намайг оролцох боломж олгосонд төрийн удирдлагууддаа баярлалаа. Аварга болж чадаагүйдээ, буриад түмнийхээ итгэл найдварыг биелүүлж чадаагүй болохоор сэтгэл гунигтай байна. Гэхдээ Алексей Самбуевичийн хэлснээр нас залуу байгаа тул цаашдаа өндөр амжилт үзүүлж чадна гэж бодож байна. Түрүүлсэн өрсөлдөгчдөө баяр хүргэе. Ийм хэцүү барилдаан болно гэж бодоогүй. Буриадын бүх бөх сонирхогчиддоо баярлалаа” гэж хэлсэн юм.
 


Буриадын Спорт, залуучуудын бодлогын сайд Вячеслав Дамдинцурунов түүний барилдаанд шүүлт нөлөөлсөн гэж үзэж байгаагаа илэрхийллээ Тэрээр “Евгений маш хурц сайхан барилдсан. Хашгарсаар байгаад миний хоолой сөөсөн. Хувийн бодлоо хэлэхэд шүүгчийн бага зэрэг алдаатай шийдвэрүүдээс болж, тэр ялагдлаа. Гэхдээ спорт бол спорт шүү дээ. Евгений Жербаев ирээдүйтэй бөх. Цаашдаа БуриададУАШТ, Европ, дэлхий, магадгүй олимпын алтан медаль ч авчрана гэдэгт итгэлтэй байна. Балдан Цыжипов ч сайн барилдлаа. Балдан удахгүй ОХУ-ын шигшээ багийн цугларалтад явна. Түүнд Токиогийн олимпын шигшээд багтах өндөр боломж байгаа” гэж сэтгүүлчдэд ярьсан.

Буриадын үндэсний спортын зүтгэлтэн Алексей Гыргенов “Хүнд жинд Балдан Цыжипов түрүүлэх шаардлагатай байлаа. 125 кг-д тэр бол лидер нь. ОХУ-ын бөхийн холбооноос энэ жинд Шамиль Шариповыг олимпын эрхийн тэмцээнд явуулсан. Хэрэв тэр Унгарт сайн барилдаад эрхээ авах юм бол Токио явах нь бараг тодорхой. Хэрэв чадахгүй бол Балданд боломж гарна.  Ямар ч гэсэн Балдан шигшээ багийн цугларалтад дуудагдана. Манай Евгений Жербаевын финалын барилдааны шүүлт хэрэв санаатай биш бол алдаатай байсан. Манай бөхөд нэг оноо өгөөгүй. Дасгалжуулагч эсэргүүцэн, челленж шидэн, хүлээж байх хооронд Исраил Касумов амарч амжсан. Шүүгч ч үүнийг нь мэдэж байсан болохоор барилдааны дундуур түүнд амрах боломж өгөөд байлаа. Жербаевын мөнгө бол алтан өнгөтэй мөнгөн медаль. Алдар Бальжинимаевын хүрэл медаль бол тэсрэлт юм. Ард түмэн дунд “Бальжинимаев“ гэж нэрлэгдсэн мэх ч гарч ирлээ. Яг л алдарт “Лхамажапов мэх” шиг. Алдар энэ мэхээрээ дагестанчуудыг ээлж дараалан буулгаж байгаа. Тэмцээнийг нутагтаа зохион байгуулсны гол ашиг нь буриад хүүхэд, залуучууд спортоор хичээллэх их эрч хүч авсан явдал гэж хэлж болно”

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Desi(49.0.142.110) 2021 оны 03 сарын 18

Шүүгч бол зөв л шүүлээ. Энэ бөх хэтэрхий сэтгэл хөдлөлдөө аваж маш мухайр зүтгэж байна нөгөөх нь туршилгатай бөх учир алдаан дээр нь дөрөөлж оноогоо ахиулаад байна. Эсрэг бөх дээр нь маш уян юм байна. Бичлгийг нь хэд дахин үзлээ нүдээ аниад хөлд нь дайраад байхаар яаж оноо авах вэ дээ. Эхний хэдэн мин бол зүгээр л идвэхи үзүүлсэн ямар ч тооцоогүй барилдаан харагдлаа. Маш сайн сэтгэлзүйн бэлтэл хэрэгтэй вм байна. Цаашид ингэж барилдвал хол явахгүй л бөх байна. Нөгөө бөх бөх бол нормондоо л барилдаж байна.

0  |  0
Bok(211.36.138.71) 2021 оны 03 сарын 17

Shvvgch basl ewgvi gar bna

0  |  0
Bok(211.36.138.71) 2021 оны 03 сарын 18

Shvvgch basl ewgvi gar bna

0  |  1
Зочин(122.201.24.187) 2021 оны 03 сарын 18

Евгений хөлд хүрээд оноо болгож чадахгүй,цацахгүй байнаа.Яалт ч үгүй хожигдлоо.

3  |  0
Top