Хамгийн удаан үргэлжилсэн бөхийн барилдаан

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16

Шведийн Стокгольм хотод болсон 1912 оны олимпын наадамд сонгомол бөхийн Оросын шигшээ багийн дунд жинг эстон бөх Мартин Клейн төлөөлж байлаа. Тэр Петербургийн "Санитас” багийн тамирчин байлаа. Тэмцээний эхний хэдэн өдөр 28 настай Клейн барилдан ялсаар хагас шигшээд шалгарлаа. Өрсөлдөгч нь Финландын алдарт бөх, дэлхийн хошой аварга Альфред Асикайнен байв.

Бөхчүүд өглөөний 10 цаг 30 минутад дэвжээнд гарсан юм. Тэдний барилдааныг шимтэн үзэж байсан үзэгчид спортын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх агуу барилдаан эхэлж байгааг огт таамаглаагүй нь гарцаагүй. Тэр үед барилдааны цаг байдаггүй, хэн нэг нь ялах хүртэл үргэлжилдэг байв. Хэдэн цаг өнгөрлөө, бөхчүүд барилдсаар л. Хэн нь ч бууж өгөхийг хүссэнгүй. Ядарч туйлдсан шүүгч нар дүрмээ хатуу болгохоор шийдлээ. Өмнөх дүрэм ёсоор хагас цаг барилдсаны дараа 3 минутын амралт өгч байсан бол энэ удаад амралтыг 1 минут болгон богиносгов. Ингээд ч барилдаан дууссангүй.

Барилдаан эхлээд 8 цаг болсны дараа шүүгч нар тэдэнд амрах завсарлага дахин өгөхгүй гэдгээ мэдэгдлээ. Орой үдэш болж, нар шингэн, бүрхэг болсон тул барилдааныг задгай стадионоос морин уралдааны танхимд шилжүүлэв. Бөхчүүд хөл дээрээ арай ядан зогсож байсан ч шургуу барилдсаар л. Сүүлийн 15 минут өглөө гэж хэлээд ч нэмэр болсонгүй, хэн нь ч ялагдахыг хүсэхгүй.

Хэдийн шөнө болсон ч тэд барилдсаар байсан тул шүүгч нар шуурхай хурал зарлалаа. Ингээд барилдааныг хэвтээ байдалд үргэлжлүүлэх шийдвэр гаргав. Эхний 3 минут нэг нь довтлоно, нөгөө бөх зөвхөн хамгаална. Дараагийн 3 минутад нөгөө бөх нь мэх хийж, довтлоно гэсэн шинэ дүрэм гаргалаа.

Эхлээд довтлох эрх авсан финланд тамирчин давуу талаа ашиглаж чадсангүй. Харин Клейн боломжоо алдалгүй, өрсөлдөгчөө нуруугаар нь цэвэр дарж чадсан юм. Мартин Клейн яллаа. Барилдаан цэвэр хугацаагаар 10 цаг 15 минут үргэлжилсэн. Амралт, завсарлага, түр зогсолтуудыг оролцуулбал 11 цаг 40 минут үргэлжилжээ. Бодоход ч гайхмаар, аймаар. Зургаан минут барилдахад хэчнээн их ядардаг билээ дээ.

Маргааш нь Клейн алтан медалийн төлөө барилдах байв. Өрсөлдөгч нь Шведийн бөх  Клаус Иоганссон. Гэвч урьд өдөр нь бүтэн арван цаг барилдсан Клейн дэвжээнд гарч чадсангүй. Оросын тал барилдааныг нэг хоног хойшлуулах хүсэлт гаргасан ч зохион байгуулагч Швед орон юу гэж зөвшөөрөх билээ. Ингээд Швед бөх олимпын аварга болж, Клейн мөнгөн медаль хүртсэн түүхтэй.

Мартин Клейн 1919-1920 онд Эстонийн шигшээ багийг дасгалжуулж байсан. 1937 оноос хөдөө тосгонд нам жимэр амьдарч байгаад 1947 онд 62 настайдаа энэ ертөнцийг орхин одсон юм.

Агуу тамирчны хөшөө Вильянди хотод байдаг бөгөөд 1962 оноос эхлэн Мартин Клейны нэрэмжит тэмцээнийг зохион байгуулдаг болсон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(103.212.117.17) 2021 оны 03 сарын 18

викингүүдийн тулаан байжээ манай хэл байсан бол дунд нь цай угаад хоол идээд хэд ч хонож байж магадгүй

3  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 19

1912 оны олимпийг 2012 гэж солиорсон байна. 1947 онд нас барсан хүн юм байна. Мартин Клейн.

3  |  5
Top