Өнөөдөр Монгол Улсад "Монгол цэргийн өдөр" тохиож байна.
1921 оны гуравдугаар сарын 18-ны энэ өдөр Монгол ардын журамт цэрэг жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлснээр орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэн бий болсон билээ.
Ардын хувьсгал ялсан түүхэн үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн эхний дугаар Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож буй энэ өдөр үзэгч та бүхний сонор, мэлмийд хүрэх гэж байна.
"Эрхэт Монгол" медиа групп, ТВ8 телевизийн бүтээл болох “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг нь Монгол Улсын тусгаар тогтнолын бодит түүх, хувьсгал ялахад голлох үүрэгтэй оролцсон журамт цэрэг хийгээд ардын хувьсгалын голлох тулалдаан болсон түүхэн газар орныг уран сайхны аргаар, энтертайнмент агуулгаар жүжигчид, уран бүтээлчдийнхээ оролцоотойгоор үзүүлэн толилуулах болно.
"Монгол цэргийн өдөр"-өөр мэндэлж буй үндэсний цоо шинэ контентын оролцогчид нь жүжигчин Д.Дэлгэрсайхан, Д.Түвшинтөр, Т.Баттулга, О.Амгаланбаатар, Р.Отгонбаяр, П.Баярмагнай, Б.Бадамцэцэг, Ц.Номин, Б.Мишээл, М.Намуунцэцэг нар байх юм.
Харин түүхийн ухааны доктор, Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар, Монгол Улсын Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн штабын дарга, Бригадын генерал Л.Онцгойбаяр нар шоу нэвтрүүлгийн эрхэм шүүгчээр ажиллаж, хоёр багт хуваагдсан дээрх 10 уран бүтээлчийн ур чадвар, тайзны өгүүлэмж, түүхийн бодит үнэнийг хэрхэн тайзнаа амилуулахыг шүүн тунгаах болно.
Түүхч Д.Өлзийбаатар Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонсдог номыг түүх судалгааны үнэн байх зарчимд тулгуурлан бүтээж, залуу хойч үеийнхний түүхийн боловсролыг дээшлүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх түүхээ сурталчлан таниулах, түгээх зэрэг монголчуудын оюуны санд их хувь нэмэр оруулсны учир 2017 онд Монгол Улсын Төрийн шагнал хүртсэнийг уншигч олон сайн мэднэ.
Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий цэнхэр дэлгэцээр та бүхэнтэй эргэн уулзах болсныг дуулгахад таатай байна. Тэрээр тайз, дэлгэцийн олон арван бүтээлийн гол болон туслах дүрийг бүтээхийн сацуу “Маш нууц”, “Байтаг богд” зэрэг уран сайхны киноны зохиолч, найруулагчаар ажилласан цэргийн түүхийн арвин туршлагатай уран бүтээлч билээ.
Орчин цагийн зэвсэгт хүчний түүхэнд 36 насандаа буюу хамгийн залуудаа генерал цол хүртсэн эрхэм бол Бригадын генерал Л.Онцгойбаяр юм. Хүндэт харуулын тусгай ротын захирагчаар ажиллаж байхдаа гадаад улс орнуудын төрийн тэргүүн болон дэлхийн 130 гаруй Элчин сайдад илтгэл өгч, төрийн хүндэтгэлийн үүргийг нэр төртэйгээр гүйцэтгэсэн, Зэвсэгт хүчний шилдэг генералуудын нэг гэж түүнийг мөрдэс нэгт нөхөд нь үнэлдэг.
Шоуны оролцогчид хоёр багт хуваагдаж, “Хиагт хотыг байлдан авсан нь”, “Баруун замын байлдаан”, “Баруун хязгаарын байлдаан, “Зүүн хязгаарыг чөлөөлсөн нь”, Хөвсгөлийн хязгаар дахь байлдааны ажиллагаа, “Нийслэл Хүрээг эзлэн ардын хувьсгалын ялалтыг тунхагласан нь” гэсэн ардын журамт цэргийн ялгуусан ялалттай холбоотой зургаан сэдвээр жүжигчилсэн тоглолт бэлтгэх ба тэд өөрсдөө зохиолоо гаргах, найруулах, дүр бүтээх гэхчлэн мэргэжлийн чансаа сорьсон даалгаврыг гүйцэтгэх юм.
1921 оны Ардын хувьсгалын түүхэн ялалт, тусгаар тогтнол өнөөгийн бидэнд ямар их үнэ цэнээр олдсоныг эргэн сануулж, 100 жилийн өмнөх Монголын ахуй амьдрал, түүхийн шарласан хуудсаар аялуулах “Ардын журамт цэргийн мөрөөр” шоу нэвтрүүлгийг та бүхэн өнөөдөр ТВ8 телевизээр 20:00 цагаас хүлээн авч үзээрэй. Цаашид шоу нэвтрүүлэг долоо хоног бүрийн бямба гаригт 20:30 цагаас үзэгчдэд хүрч, нийт зургаан дугаарыг толилуулах болно.
МОНГОЛ УЛСЫН ТУУЛСАН ТҮҮХ БҮРИЙГ ХҮН БҮХЭН ЗҮРХ СЭТГЭЛДЭЭ ТЭЭЖ ЯВАХ БОЛТУГАЙ
“Ардын журамт цэргийн мөрөөр” шоу нэвтрүүлэг эфирт бэлэн боллоо.
Сэтгэгдэл ( 3 )
Түүхээ худалдсан хүнээс төрийн шагналыг хураах ёстой!
Түүхээ худалдсан өлзиибаатарыгболилдооо.үзмээргүй санагдлааа
Ёстой сайхан хүмүүсээр багаа бүрдүүлжээ. Үзэх юмтай боллоо, амжилт хүсье!