Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын генерал цолыг хамгийн залуудаа буюу 36 насандаа хүртэж байсан ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн штабын дарга, Бригадын генерал Л.Онцгойбаяртай ярилцлаа. Тэрбээр Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан ТВ8 телевизийн бүтээл болох “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байгаа билээ.
-Та Монгол Улсдаа хамгийн залуудаа буюу 36 насандаа генерал болсон хүн. Зэвсэгт хүчинтэй ажил амьдралаа холбосон дурдатгалаа хуваалцана уу?
-Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын хүн. 1992 онд Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Цэргийн их сургуульд орж, 1996 онд төгссөн. Төгсөөд Батлан хамгаалахын сайдын тушаалаар Зүүнбаянгийн Гарнизоноос ажил, амьдралынхаа гарааг эхлүүлсэн. Зүүнбаян дахь 131 дугаар ангид Тагнуулын тусгай салаа, ротын даргаар ажиллаж байгаад Улаанбаатар Гарнизонд томилогдоод тухайн үеийн Хотын коминдат буюу Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын захирагчаар ажилласан. Дараа нь Батлан хамгаалах удирдлагын академид хоёр жил суралцаж төгсөөд, Эрдэнэт хот дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Оперативын тасгийн дарга, штабын дарга, Төв аймгийн Сэргэлэнгийн дивизийн 016 дугаар ангийн штабын дарга, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчаар ажилласан билээ. Ингээд 2010 онд Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга гэдэг албан тушаалд томилогдсон.
Тэр оныхоо арваннэгдүгээр сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар Бригадын генерал цол хүртэж байлаа. Говь, хангай, төвийн бүс гээд олон газар салааны захирагчаас эхлээд ангийн захирагч хүртэл бүх албан тушаалыг хашчихаад байсан үе л дээ. Анги байгууллагаа бэлэн байдал, сургалт бэлтгэл, цэргийн алба, сахилга, зохион байгуулалттай удирдаж, тэргүүний ангийн болзлыг хангаж байсныг нь БХЯ болон ЗХЖШ-ын удирдлага үнэлсэн. Энэ хугацаанд Иракийн эрх чөлөө ажиллагаанд цэргийн багийн сургалтын офицер, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Серра-Леонд цэргийн багийн орлогч, Төв Африкийн Бүгд найрамдах Чад улс дахь “Минуркат” ажиллагаанд Хойд секторын командлагчаар явсан. Гурван ажиллагаанд явахдаа цэргийн багаа осол авааргүй, зөрчилгүй, НҮБ-ын дүрэм, журмын дагуу удирдан, үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, Монгол Улсынхаа нэрийг өргөж, бодож явсан учраас төр засаг маань үнэлсэн байх. “Монгол генерал” нийгэмлэгийн ахмад генералууд тухайн үед “Онцгойбаяр аа, чи хамгийн залуу генерал боллоо шүү” гэж хэлж байсан.
Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын даргаар хоёр жил хагас ажиллаад, 2012 онд ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 016 дугаар Мото буудлагын бригадын захирагчаар генерал цолтойгоо томилогдож очиж байлаа. Тэндээ таван жил ажиллаад, 2016 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академид суралцаж, 2018 онд төгсөж ирсэн. Төгсөж ирээд 2018 онд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч даргаар ажилласан. Ингээд 2019 оноос Хуурай замын цэргийн штабын даргаар томилогдсон. Цэргийн хүн салаан захирагчаас Бригадын захирагч хүртэл явж ирэхэд найман албан тушаалд хүрсэн байдаг. Эргээд харахад тэр бүх албан дээрээ ажиллаж үзжээ.
-Залуухан, ид хийж бүтээж явах насандаа генерал хэмээх эрхэм цолыг авахад аав, ээж, гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Аав минь жолооч, тэтгэврийн хүн байсан. Би аавдаа “Энэ цол надад арай л ахдах юм биш үү” гэхэд аав минь “Миний хүү говь, хангайд ажиллаад, яв гэсэн газар явж, албан тушаалыг зөв хашиж, үзэх ёстой юмыг нь үзээд, сурах ёстой юмыг нь сураад, хийх ёстой ажлыг нь хийсэн юм чинь авах ёстой зүйлээ авалгүй яах вэ. Хүнд од гэж нэг л тохиодог юм. Тийм учраас айж, эмээх зүйл байхгүй. Албандаа итгэл зүтгэлтэй, шударга ажилла, очиж ажилла” гэж хэлсэн. Албандаа очиж ажиллаад, зургаан сар болоод энэ цолыг хүртсэн дээ.
-Цэргийн хүн улс хаа оч гэсэн газар нутагт очиж ажилладаг онцлогтой. Ар гэр, үр хүүхэд нь хамт дагаад л явдаг шүү дээ. Цэргийн хүний ар гэр, нийгмийн асуудлыг шийдэх тал дээр төр засгаас хэр анхаардаг юм бол?
-“Цэргийн хүн, цагаан зээр хоёр нутаггүй” гэж үг байдаг. Сайхан хань, үр хүүхдээ дагуулаад л, өсөж үржээд л, эх орноо тойроод ажиллаж, амьдарч ирлээ. Хүүхдүүд минь бага байсан учраас цэцэрлэг, бага ангид сурдаг байлаа. Гэр бүлийн хүн маань Төмөр замд ажилладаг байсан. Хоёулаа л завгүй. Говь, хангай хаа очсон цэргийн ангиас албан тушаалын байр түр өгдөг. 2008 онд Зэвсэгт хүчний 150 дугаар анги буюу Элитийн батальоны захирагчаар томилогдоход захирагчийн албан тушаалын байр олгосон юм. Тэр үеийн залуу офицеруудын адил өөрийн гэсэн олигтой эд хөрөнгө, өмч байхгүй л байсан даа. Манай хүүхдүүдээс том хүү Зүүнбаянд байхад төрсөн бол дунд хүү Хүндэт харуулын дарга байхад төрсөн. Эрдэнэтэд бага хүү маань төрсөн, Төв аймагт отгон охин маань төрсөн. Дөрвүүлээ дөрвөн өөр газар төрсөн /инээв/. Ханьтайгаа амьдралаа холбоод 30 гаруй жил болж байхад миний хань дөрвөн хүүхдээ бөөцийлөөд, амьдралын хатуу хөтүүг туулж ирсэн. Эр нөхрөө хөдөө гадаа, гадаад оронд үүрэг гүйцэтгээд явахад ар гэрээ даагаад л явдаг байв. Хүний амьдралд туулах ёстой хатуу, хөтүү бүгдийг тууллаа. Энэ олон анги, байгууллага дамжихдаа тухайн үеийн шилдэг дарга нарын гараар орж, хүмүүжиж, хүн боллоо шүү дээ.
БХЯ, ЗХЖШ-аас олон ажлуудыг хэрэгжүүлж офицер, ахлагч нар, ажилтан албан хаагчдынхаа ар гэр, нийгмийн асуудлыг анхаардаг болсон. Төрийн сангийн зээлээр олон ч үр хүүхдийг нь их, дээд сургуульд сургаж, цэргийн ангид хамгийн ойр байгаа аймаг, орон нутгийн цэцэрлэг, сургуульд хамруулж, гэр бүлийн хүнийг нь цэргийн ангидаа ажиллуулахаас гадна мөн тухайн орон нутгийн нийгмийн байгууллагуудад ажилд оруулж байна. Алслагдсан анги, салбарын нийгмийн хамгаалал, ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үүднээс удахгүй цэргийн хотхоны шинэ стандартаар амьдрах орон сууц, цэцэрлэг, бага сургууль, цэргийн худалдааны төв, спорт цогцолбор зэргийг барьж байгуулах болно.
ЗЭВСЭГТ ХҮЧИН БОЛ УЛС ДОТОРХ УЛС БИЛЭЭ
-Цэргийн хүмүүс дагаж мөрддөг дүрэм, журамтай. Зарим үед тэр “хайрцаг”-наасаа зөрөх үе гарч байсан уу?
-Ардчилал дөнгөж гараад улс орны эдийн засаг хэцүү байсан тэр үед Зэвсэгт хүчний анги байгууллагууд цомхотголд орчихсон, албан тушаалтан цөөхөн, өмсөх дүрэмт хувцасны хангалт тасарчихсан байлаа шүү дээ. Тэр үед зэвсэгт хүчний олон зуун эрчүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж, цэрэг армиа орхиогүй. Тэр давааг давсны хүчинд бид өдий зэрэгтэй явж байгаа. Цэрэг бол “Тийм, үгүй” гэдэг л зарчимтай. Зэвсэгт хүчин бол улс доторх улс байдаг. Энэ олон залуусыг нэгдсэн нэг командад оруулахын тулд дүрэм, журам заавал байдаг. Тэр дүрмээ ягштал биелүүлэх ёстой. Тэр дүрмээ мөрдөхгүй бол иргэнээс ялгагдахгүй. Социализмын үед үнэхээр хайрцагны системд хаалттай байсан. Харин орчин үед дүрэм журмаа мөрдөхийн сацуу хайрцагнаас гарч сэтгэх ёстой гэдэг зарчимтай болсон. Иргэн, цэргийн харилцаа ил тод, нээлттэй болсон шүү дээ.
Монгол Улсын минь тусгаар тогтнолын нэг багана болсон цэрэг армийн удирдлага зохион байгуулалт сайтай, бие бүрэлдэхүүн нь мэдлэг боловсролтой байж, зэр зэвсгийн хувьд хөгжих ёстой гэж боддог. Манай цэрэг армийнхан хаа ч гологдохгүй, эх орныхоо нэрийг хаана ч мандуулж явдаг. Цэргийн албыг хаагаагүй, мэдэхгүй хэрнээ ухвар мөчид бодол санаагаар цэрэг армийн салбарыг зарим хүмүүс шүүмжилж болохгүй байх.
-Энхийг сахиулах үйл ажиллагаанд манай армийнхан идэвхтэй явдаг болсон. Зэвсэгт хүчний салбарынхны боловсролын түвшин хэр болж байна вэ. Мөн цалин хангамж нь хэр сайжирсан бэ?
-Эрс сайжирсан ч заримдаа бас хүнд салбар гэж болохоор. Манай энхийг сахиулагчид аав ээж, амраг садан, үр хүүхдээ орхиод, бүтэн жил хүний нутагт цаг улирлын болон цагийн байдлын хүнд нөхцөлд Өмнөд Судан, Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байна. Тэдний цалин бүрэн бүтэн дансанд нь орж байдаг. Эх орондоо ирэхэд нь НҮБ-ын нөхөн төлбөр мөнгөн урамшуулал буюу нэг өрөө байр авах хэмжээний мөнгө өгдөг. Монгол цэрэг халуун, хүйтэн хаа ч маш хурдан дасан зохицдог. Ачаалал даах чадвар, сэтгэн бодох чадвар бусад орны залуусыг бодвол хамаагүй илүү байдаг. Монгол цэргийн дайчин уламжлалаар харийн газар явахдаа бид нэгдэж чаддаг. Эх орныхоо нэр төрийг хүн бүхэн хичээж явдаг. Тухайн улс оронд хууль дүрэм гэж бараг байхгүй, хүнд хэцүү нөхцөлтэй, дэд бүтэц хөгжөөгүй, олон мянган дүрэвсэгсэдтэй, хөл толгойгоо олохоо байсан тийм газарт энхийг сахиулагчид НҮБ-ын дүрэм журмыг биелүүлнэ гэдэг маш хатуу. Монгол цэргүүд эргээд ирэхдээ “Миний эх орон диваажин юм байна” гэж өөрийн эрхгүй хэлдэг шүү.
Манай залуучууд бас ч гэж өндөр боловсролтой болж байна. Ахлагчаасаа эхлээд орос, англи хэл мэдэхгүй хүн байхгүй. Офицероосоо эхлээд ОХУ, АНУ, Канад, Европ, Азийн өндөр хөгжилтэй улсуудад цэргийн шат, шатны их, дээд сургууль, академид боловсрол эзэмшиж байна. НҮБ-ын ЭДА-нд Олон үндэстний цэргийн штабт манай залуучууд нэр төртөй алба хааж, ажиллаж байна. Монголын Армийн офицеруудын боловсрол өндөр болсон. Бараг бүгд л орос, англи, герман, турк, япон, хятад, солонгос хэлээр зэрэг ярьдаг болсон доо.
-Та ТВ8 телевизийн бэлтгэн хүргэх, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвтэй шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байгаа. Энэ саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-“Ардын журамт цэргийн мөрөөр” түүхчилсэн сэдэвтэй реалити шоуны цэргийн талын шүүгч хийж байна. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга ч гэлээ салбарын сайдын (Ахлах даргын) өгсөн үүрэг, итгэлийн дагуу энэ том төсөлд хамтарч ажиллахаар томилогдсон. “Монголын түүхийн нэвтэрхий толь” гэж үнэлж болохоор эрхэм ах, Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Д.Өлийбаатар гуай түүхэн талаас нь шоу нэвтрүүлгийг шүүж байна. Урлаг, уран сайхны талыг нь Монгол Улсын Гавьяат жүжигчин О.Бат-Өлзий шүүн тунгааж байна. Эрхэм О.Бат-Өлзий найруулагчийг “Маш нууц”, “Байтаг Богд” зэрэг түүхэн киног бүтээснээр нь ихэд үнэлдэг. Уран бүтээлчийнх нь хувьд ч хүндэтгэж явдаг. Ийм хүндтэй хүмүүстэй хамтарч ажиллах нь нэр төрийн хэрэг.
-Тус шоу нэвтрүүлгийн ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?
-Маш өндөр. Залуу үедээ цэрэг эх оронч үзэл буюу 100 жилийн өмнөх дайчин цогтой өвөг дээдсийнхээ баатарлаг гавьяаг таниулж ойлгуулах нь бидний эрхэм үүрэг. Монгол Улсын тусгаар тогтнолыг олж авахын тулд Богд хаант Монгол улс Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг 1911 онд хийсэн. Түүнээс хойш 10 жилийн дараа Ардын хувьсгалыг цогцлооход манай ард түмэн, Ардын журамт цэрэг ямар их хөлс хүч, алтан амиа өргөв. Энэхүү тусгаар тогтнолыг байгуулсан асар их үнэ цэнийг манай залуу үе бүгд мэдэх учиртай. Ардын хувьсгалыг яаж мандуулсан талаар “Өглөө”, “Сүхбаатар”, “Хатанбаатар”, “Тунгалаг Тамир” зэрэг уран сайхны кинон дээр гардаг. Гэвч орчин үеийн залуучууд дээрх кинонуудыг тэр бүхэн үзэхээ больсон байна. Түүх мартагдвал аюул нүүрлэнэ шүү. ТВ8 телевизийн уран бүтээлчид харин маш соргог, үлдэх ач холбогдолтой төсөл эхлүүлж, залууст түүхийг тэдний сонирхох хэлбэр, агуулгаар хүргэж байгаа нь сайшаалтай санагдаж байгаа.
-Шоунд оролцож байгаа залуус буюу жүжигчид ямар түүхэн сэдвүүдээр даалгавар гүйцэтгэж байгаа вэ. Шүүх явцад хүндрэл гарч байна уу?
-Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэргийн анхны дөрвөн хороо (Хорооны дарга Б.Пунцаг, О.Цэрэндорж, Ц.Хасбаатар, Ч.Базарсад) Лаварын Сумьяа бэйс нарын Хиагтыг чөлөөлсөн түүх бий. Мөн Монгол орныг түйвээж, дээрэм тонуул хийж байсан 8-10 мянган гамин залуу Зөвлөлт Орос улсаас зугтсан 8000 гаруй цагаан цэргийн үлдэгдлийг бут цохиж, эх нутгаасаа хөөн гаргаж, тусгаар тогтнолоо дэлхий дахинд тунхаглан зарласан түүхэн үйл явдлыг мартаж болшгүй. Дух нарсны тулалдаан, цагааны генерал Резухин, Барон Унгерны тухай жүжигчид маань шоуны явцад тод томруун харуулдаг. Баруун замын байлдааны ажиллагаа, Кайгородовын цагаан цэргүүдтэй байлдсан Хасбаатар, Байкалов нарын Толбо нуурын бүслэлт, Улиастайд Хатанбаатар Магсаржав Казанградов, Вандановыг устгаж, цагаан цэргийн генерал Бакичийг буулгасан үйл явдал бол маш том гавьяа. Ардын журамт цэрэг Зөвлөлт Орос улсын улаан цэргийн аялан байлдах корпус Нийслэл хүрээг чөлөөлсөн, Ардын түр засгийн газрын сайд Чагдаржавын Тагна-Урианхайд цэрэг элсүүлсэн үйл явдлыг ч харуулсан. Зүүн хязгаарт партизан Бумбацэнд, Магсархурцын Дугаржав нар зүүн хязгаарын урвагч Найданжав ван, Жигмид Жамболоныг устгаж, хятадын хар цэргийн үлдэгдлийг толгойлж, Дарьганга нутгийг салгаж авах гэж санаархсан цахар амбан Жодовжав ванг бут цохин хөөн гаргасан зэрэг нарийн түүхийг тайзан дээр бүрэн харуулахад хэцүү. Гэсэн ч эх түүхээ эрхэмлэгч залуус маань боломжийн хэрээр сэдвээ харуулж чадсан. Илэрхийлэл сайн байсан. Үзэгчид нэвтрүүлгийн дугаар бүрийг алгасалгүй үзвэл их олон мэдлэг, мэдээлэл олж авна гэж найдаж байна.
Манай оролцогчид дайчин, шаргуу, идэвхтэй оролцож, түүхийн ээдрээтэй, өргөн цар хүрээтэй сэдвийг 15-20 минутад багтааж илэрхийлж байгаа. Үнэхээр жүжигчдийн авьяасыг шалгасан төсөл болж байгаа санагдсан. Тус шоунд оролцож буй хүмүүс түүхийн шалгалт өгөөгүй, нийгэмд түүхээ таниулж ойлгуулж байгаа гэдгийг үзэгчид ухаж ойлгон, үзэх байх. Шүүгчид бид үзүүлбэр болгоны дараа шүүгчдийн индэр дээр алдаа, оноог нь ил тод ярина. Түүхийг бид гуйвуулж болохгүй, түүх үнэнээрээ л байх ёстой. Эхний үзүүлбэр дээр дүнгээ гаргахад ээдрээтэй байсан. Би цэрэг талаасаа ярина, түүхч түүх талаасаа ярина, урлагийнхан уран сайхны талаас нь ярина. Энэчлэн бид хамтарч ажиллаж байна. Том агуулгыг нэг сэдэвт базаад оруулна гэдэг хүнд л дээ.
-Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах байгууллагын зүгээс ажил үйлсээ сурталчлан таниулах, үүх түүхээ мэдүүлэн ойлгуулах тал дээр ямар ажил, арга хэмжээ явуулдаг вэ?
-МҮОНТВ-ээр хүргэдэг “Дуулга” студийн “Эх орны төлөө” нэвтрүүлэг л байна даа. Зэвсэгт хүчний дотоод болон гадаад харилцаа, үйл хэрэг, энхийг сахиулах үйл ажиллагааг энэ нэвтрүүлгээр түмэн олонд хүргэдэг. “Соёмбо” сонингоор мөн цаг үеийн мэдээллийг хуваалцдаг. Өөрөөр “Ардын журамт цэргийн мөрөөр” шоу нэвтрүүлэг шиг явуулж байгаа контент алга.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин улс орноо дэлхийд их гүрний дайтай авч явж байна. Дэлхийн II дайнд Оросын ард түмэн ямар их зовлон зүдгүүр үзэж, 25 сая хүний амиар Аугаа эх орны дайнд ялсныг залуу үедээ ойлгуулж ухамсарлуулах үүднээс бүх Ерөнхий боловсролын дунд сургуульд залуу Гавардуудын бүлгэм байгуулж, залуус нь сургуулиа төгсөөд, цэргийн их, дээд сургуульд шууд ордог болсон. Сурагч балчир байхаас нь тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулж, эх орноо хайрлаж, хойч ирээдүйд гэрэл гэгээтэй авч явахад чиглүүлсэн, энх тайван нийгмийг яаж цогцлоосон талаарх иргэний хамгаалалт шиг хичээлүүд тэнд ордог. Оросууд телевизийн сувгуудаараа Цагаан хааны үед Орос улсын төлөө тэмцэж явсан генерал, адмирал, баатарлаг тэмцэгчдийн талаар олон ангит цуврал киног маш их гаргадаг болжээ. Ингэж л түүхээ ард түмэндээ мэдрүүлж, хүчирхэг орны үр хүүхэд шүү гэсэн үзлээр өсгөдөг. Бидэнд суралцах зүйл бий бий.
-Өргөсөн тангарагтай цэрэг армийн хүний хувьд эх орон гэдэг ийм л юм байна гэсэн ямар ухаарлыг өөртөө байнга боддог?
-Би Монгол Улсын цэргийн тангарагийг цэргийн сургуулийн сонсогч болоод өргөсөн. Монгол Улсаа дэлхийд мөнхөд оршин тогтнуулахын тулд бид залуу үеэ бэлдэж, эх орон тусгаар тогтнолын үнэ цэнийг зүрх сэтгэлийнх нь гүнд ухааруулах хэрэгтэй. Мөнхийн хоёр хөрштэйгөө улс төр-дипломат, нийгэм, эдийн засаг, цэргийн харилцааны бүхий л салбарт ямар бодлого барих вэ гэдгээ ч үргэлж бодож байх нь чухал. Дэлхийн геополитикийн нөлөөлөлд орохгүйгээр жижиг улсад тохирсон хүчирхэг эдийн засагтай байхад бид дэлхийд торойгоод үлдэж чадна. Төр засаг нь тогтвортой, хүн ард маань амгалан тайван, амьдралын баталгаа өндөр байхад тусгаар тогтнолоо алдахгүй байх боломжтой. Хүчирхэг өвөг дээдсийн мяндсан ухаанаар дэлхийн талыг захирч байсан энэ улсын сүр хүч гундах учиргүй. Монголчууд дэлхийн дэвжээнд аль ч салбарт оюун ухаан, бие бялдраараа, ур чадвар авьяас билгээрээ ямагт тэргүүлдэг хүчирхэг гентэй гэдгээ харуулж яваа. Цэрэг эх оронч үндэсний үзэл хүн бүрийн зүрх сэтгэлд хадаатай байж л эх орон хөгжинө гэж бодож явдаг даа.
-Нийгэмд гарч буй замбараагүй архидалт, хүчирхийлэл, ажилгүйдэл гээд хар бараан зүйлсийг дагуулж байгаа байдлыг цэргийн диктатураар бариад цэрэг армид хүчээр хүмүүжүүлж болдоггүй юм болов уу?
-Төрийн албанд ажиллах эрчүүдийг цэргийн алба хаасан байна гэсэн журам гарч хуульчлагдсан. Цэргийн алба хаасан залуусын сэтгэлгээ, хандлага, хүмүүжил нь өөр. Эрэмбэтэй, дараатай, диктатуртай байсан цаг үеийг эрх чөлөөгөөр цутгаад өгөхөөр үерийн ус далангаа сэт тавих шиг зад татсан. Монгол Улсын иргэн эрхээ ярихаас өмнө үүргээ ухамсарладаг байх хэрэгтэй. Үүргээ биелүүлж байж эрхээ эдэлнэ. Ямар ч сайд дарга, Ерөнхийлөгч, тэрбумтаны хүүхэд байсан ч цэрэгт явах ёстой. Израйл, Өмнөд Солонгосыг жишээ татахад цэргийн албыг хоёр жил хаадаг, хаахдаа ямар алдартай од байна уу, сайдын хүүхэд байна уу хамаагүй бүгд л адилхан цэрэгт татагддаг. Манайхан цэргийн албанаас хүүхдээ мултруулах гэж хэн нэгнийг гуйж аргалаад өнгөрдөг. Тухайн үед дэлхийн геополитик болон манай улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж гурван жилийн цэргийн алба хоёр жил болоод, сүүлдээ нэг жил болсон. Миний хувьд нэг жил тун хангалтгүй байна, хоёр жил л байхад хангалттай гэж боддог. Хоёр жил цэргийн алба хаагаад ирсэн залуус бие бялдар, сэтгэл зүйн хувьд төлөвшиж, чангараад, жигдрээд ирнэ шүү. Үүнийг улс орны төрийн бодлого, өнөөгийн нийгэм эдийн засагтай уялдуулж байж хэрэгжүүлэх хэрэгтэй байх. Мөн цэргийг олон жил алба хаалгахад нөхөн үржихүйн асуудал хөндөгдөнө. Ул суурьтай, бодлоготой, судалгаа, шинжилгээтэй хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Цэрэг, армийн салбарт янз бүрийн дарамт их гарлаа л гэх юм. Таны үед ямар байсан бэ. Үнэхээр тийм хэцүү дарамт, шахалт байдаг юм уу?
-Тийм хэцүү дарамт шахалт уг нь байхгүй шүү дээ. Удирдаж байгаа дарга нарын арга барил, цэрэг хариуцсан шадар дарга буюу салаа, ротын дарга, ахлагч нар дээр тийм гоомой асуудал гарсан тохиолдол байдаг. Тэр бол шадар дарга нарын ухамсаргүй л үйл ажиллагаа. Монгол Улсын хууль дүрмээ мөрдөөд, хүний эрхээ дээдлээд, цэргийн таван дүрмээ биелүүлээд, цэргийн мэргэжлийн төрөл бүрийн зааврыг хэрэгжүүлээд явахад ямар ч асуудал гарахгүй. Цэргийн анги болгонд штабын даргын хариуцсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл” ажилладаг. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-тай хамтраад ирээдүйн гэр бүл төлөвлөлт, зөв монгол эр хүн, ажлын байрны сонголт гээд цэргийн алба хаагчдад чиглэсэн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Хүнээ хөгжүүлэх тал дээр илүү анхаардаг болсон. Мөн иргэн, цэргийн харилцаа ил тод байгаа боловч хэвлэл мэдээллээр, цахим орчинд сайныг нь биш мууг нь товойлгож яриад, бичээд байгаад эмзэглэдэг. Харин ч цэргийн алба хаах сонирхолтой залуусын тоо жилээс жилд огцом нэмэгдэж байгаа шүү.
-Цэрэг армийнханд үүх түүхээ судалж мэдүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Манай цэргийнхэн Батлан хамгаалах яамны дэргэдэх Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргаж байгаа цэргийн урлагийн бүхий л ном, толь бичгийг судалдаг. Мөн цэргийн шинжлэх ухааны, техникийн болон түүхийн ухааны доктор олонтой. Мөн цэргийн залуу судлаач, офицер ахлагч нар орчин үеийн бүс нутгийн дайн байлдааны туршлага сургамж, цэргийн техник технологийн ололт дэвшилтийг судлаж, өөрсдөдөө нэвтрүүлэх боломжийг байнга судалж, сургалтын ном, сэтгүүл, материал гаргаж ашиглаж байдгийг хэлэх нь зүйтэй байх. Цэргийн урлаг, цэргийн түүхээр чамлалтгүй боловсрол эзэмшүүлдэг. Мөрдэстэй хүн бүхэн эх орныхоо түүхийг үе шаттай судлах хэрэгтэй.
-Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор БХЯ, ЗХЖШ-аас ямар арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж байгаа вэ?
-Энэ жил Батлан хамгаалах төрийн захиргааны байгууллага үүсэж байгуулагдсаны 110 жилийн ой, Зэвсэгт хүчний 100 жилийн ой тохиож байна. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нь Батлан хамгаалах яамтай холбоотой бол Ардын хувьсгал, Ардын журамт цэрэг нь Зэвсэгт хүчинтэйгээ салшгүй холбоотой.
ЗХЖШ, БХЯ-тай хамтраад цэрэг эх орны сэдэвтэй “Эх орны цэрэг” яруу найргийн наадмыг 32 дахь жилдээ өргөн далайцтай зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд “Зэвсэгт хүчин-100 жил” гар зургийн уралдаан, “Хатан ижий” хүндэтгэлийн арга хэмжээнд мөрдэстэй ээж нар оролцоно. Мөн БХЯ, ЗХЖШ-аас “Монгол улсын Зэвсэгт хүчний нэгэн зууны түүхэн хөгжил 1921-2021”, Хуурай замын цэргийн командлалд “Хуурай замын цэрэг-100 жил” эрдэм шинжилгээ онол зүйн хурлууд зохион байгуулагдаж явагдана.
Монгол цэргийн өдрөөр Сүхбаатарын талбайд Улаанбаатар цэргийн хүрээний зарим ангийн бүрэлдэхүүн Сүхбаатар жанжин болон эзэн богд Чингис хааны хөшөөнд цэцэг өргөх, Нэгдсэн тооллого-Туяа тоо, ёслолын буудлага хийх арга хэмжээнүүд төлөвлөгдсөн. Цар тахлаас болж өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй. Үндэсний их баяр наадмаар цэргийн сүрт парад буюу цэргийн ёслолын жагсаал техниктэйгээр Сүхбаатарын талбайд болно. Орон нутаг, аймаг нийслэлийн цэргийн штабууд олон арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа. Зэвсэгт хүчний 100 жилийн арга хэмжээ энэ оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ. Мөн Олон улстай хамтарсан “Хааны эрэлд-2021”, “Аравт” морин цэргийн уралдаан, “Танкийн биатлон” ОХУ-тай хамтарсан “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль явагдах төлөвлөгөөтэй байна. Цар тахал намжаад вакцинд хамрагдаад, ард түмэн маань эрүүл энх байх нь хамгаас чухал байна.
Монгол цэргийн баярын мэндийг Монголынхоо нийт ард түмэндээ хүргэе. Монгол цэргийн яруу алдар мөнхөд мандан бадраг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 22 )
Эрхэм нутгийн генерал ахдаа амжилт хүсье.
Мундаг хүн шүү зэвсэгт хүчний 186 Анги д цэрг нь баилаа
Ийм хүнээ жанжин штабын даргаараа тавих хэрэгтэй дээ. Одоогийн дарга нь ингэж олон албан тушаалд ажилласан юм боловуу
Өдий залуу насандаа цэргийн өндөр дээд ажил албан тушаалд хүрнэ гэдэг энэ хүний ямар эрч хүчтэй цог золбоотойг харуулж байгаа гэж лйлгож байна .Ажил амьдралд нь өндөрөөс өндөр амжилт хүсье
Эрхэм салаан даргадаа баярын мэнд хүргие
Shunaliin Tulam. Tsereg ajilluulj holjson hundee
Удирдлага доор нь ажиллаж байсан хүмүүсээ хаядаггүй дагуулаад л албан тушаал дэвшүүлээд л чирээд яваад байдаг мундаг жудагтай хүний мөс чанар сайтай сайхан дарга шүү баярын мэнд хүргэе сайхан баярлаарай та
Эрхэм бригадын генералд ажлын амжилт хүсий гэр бүлд нь эрүүл энх сайхан бүхнийг хүсэе ээ мундаг хүн шүү
Erhem generald eruul enkh hamgiin sain saikhniig husen eruuy
Курсын даргадаа ажлын амжилт хүсье\n
Goy hun dee
Шат шатны сургууль төгссөн,тасаг салаан даргаар ажиллаж ирсэн, зарчимч хатуу шаардлагатай, жинхэнэ бэлтгэгдсэн цэргийн дарга мөн дөө.. Амжилт хүсье!!
Шат шатны сургууль төгсөж, тасаг салаан даргаас эхлэн алыалбаа нэр төртэй хашиж яваа,зоримог шийдэмгий,зарчимч хатуу шаардлагатай жинхэнэ бэлтгэгдсэн цэргийн дарга мөн дөө..Амжилт хүсье!!!
Erhem bigadiin genel tanid orchin tsagiin zevsegtt huchin uusen baiguulagdsanii 100 jiliin gal haluun mendiig urgun devshuulie Tanid mongol tergiin udriin mend devshuulie
ЭРХЭМ ГЕНЕРАЛД ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛ ЦЭРГИЙН 100 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ, МОНГОЛ ЦЭРГИЙН ЯРУУ АЛДАР ҮҮРД МӨНХ БАДРАГ...
Хаха. 400 нөхөр хориглолтонд бсан 3800хүнтэй армийг бут цохисон гэжугаа. Үнэмших хүн бгаа боловуу
ОНЦГОЙБАЯР ГЕНЕРАЛ ДҮҮДЭЭ ЭР ЦЭРГИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ САЙХАН БАЯРЛААРАЙ
Тэнгэр заяат Монгол эрчүүддээ энэрэн хайрлах сэтгэл, үнэнч шударга, цэгц журамтай байж эрдэм гүн, билэг хурц, Тэнгэрт сүсэглэн үнэнд итгэж, үзэл бодолдоо үнэнч, эвтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье
Тэнгэр заяат Монгол эрчүүддээ энэрэн хайрлах сэтгэл, үнэнч шударга, цэгц журамтай байж эрдэм гүн, билэг хурц, Тэнгэрт сүсэглэн үнэнд итгэж, үзэл бодолдоо үнэнч, эвтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье
Тэнгэр заяат Монгол эрчүүддээ энэрэн хайрлах сэтгэл, үнэнч шударга, цэгц журамтай байж эрдэм гүн, билэг хурц, Тэнгэрт сүсэглэн үнэнд итгэж, үзэл бодолдоо үнэнч, эвтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье
Тэнгэр заяат Монгол эрчүүддээ энэрэн хайрлах сэтгэл, үнэнч шударга, цэгц журамтай байж эрдэм гүн, билэг хурц, Тэнгэрт сүсэглэн үнэнд итгэж, үзэл бодолдоо үнэнч, эвтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье
Тэнгэр заяат Монгол эрчүүддээ энэрэн хайрлах сэтгэл, үнэнч шударга, цэгц журамтай байж эрдэм гүн, билэг хурц, Тэнгэрт сүсэглэн үнэнд итгэж, үзэл бодолдоо үнэнч, эвтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье