Дэлхийн хөгжлийн гол суурийг тавьсан Эзэнт гүрний үр сад түүхэндээ харийн орны эрхшээлд орж байсан гашуун сургамж бий. Язгуур Монголынхоо Тусгаар тогтнолыг буцаан авахын төлөө өвөг дээдэс минь ямархан их цус, амиар эх орноо бидэнд үлдээсэн билээ дээ. Эх орныхоо үнэн түүх, бахархам байлдан дагуулалт, цуцашгүй тэмцлийн тухай залуу хойч үе маань бүгд мэдэж байх учиртай. “Түүхээ мэдэхгүй хүн ойд төрсөн сармагчинтай адил” гэж хэлдэг. Тийм ч учраас эх түүхээ залуу хойч үедээ таниулан, мэдүүлэх зорилгоор “ТВ8” телевизийн уран бүтээлчид Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яамтай хамтран “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийг бэлтгэн, энэ сарын 18-наас үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Энэхүү шоу нэвтрүүлгийн эрхэм шүүгч, Төрийн шагналт, Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатартай Монголын түүхэн он жилүүдийн тухай өртөөлөн ярилцлаа.
-Монголчууд Тусгаар тогтнолоо байлдан авч чадсан түүхт 100 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү ойд зориулан бэлтгэж буй “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн шоу нэвтрүүлэгт та шүүгчээр ажиллаж байгаа. Монголчууд түүхээ хэр мэддэг улс гэж боддог вэ?
-“Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байна. Би анх энэ шоунд шүүгчээр уригдахдаа эргэлзэнгүй байсан л даа. Түүхийн сэдвээр шоу нэвтрүүлэг хийнэ гэхээр санаанд багтахгүй байв. Тус нэвтрүүлэгт оролцоод, хамтран ажиллаад иртэл эрс өөр сэтгэгдэл төрсөн.
Яагаад гэхээр миний зорилготой нийцсэн л дээ. Хүмүүс түүхээ мэдэхийг хүсдэг, түүхийн ном бүтээлүүд хангалттай байдаг ч түүнийг уншуулж сургах, судлан гүнзгийрүүлэх чиглэлээр хангалттай сайн ажиллаж чадаагүйгээс манай хүмүүсийн түүхийн системтэй мэдлэг тийм ч сайн биш. Түүх бол төдийлөн чухал биш гэж үзэх ч юм уу, уйтгартай хүнд сэдэв гэх хүмүүс нэлээд байдаг. Энэ нь өмнөх нийгмийн түүхийг ангич, намч, марксист үзлээр судалж, түүгээр дамжуулан олон түмэнд нөлөөлөх гэсэн үзэл суртлын бодлоготой холбоотой. Судалгааны энэ арга түүхээс хүмүүсийг хөндийрүүлэх нэг гол шалтгаан болсон. Өнөө үеийнхний бас нэг дутагдалтай тал бол түүхэндээ эргэлзэнгүй ханддаг хандлагатай болсон явдал. 1990 оноос хойш түүнээс өмнөх түүхийг буруушаан үгүйсгэх, социализмын үеийн түүх худлаа бичигдсэн, үзэл суртал орсон, ангич намч байр сууринаас бичигдсэн учраас бүгд худал гэх үзэл нэлээд тархмал байна. Энэ нь хүмүүсийг, ялангуяа залуусыг түүхээ сонирхох сонирхолд нь ямар нэг хэмжээгээр саад тээг болж байна. Түүхчид 1990 оноос хойш Монголын түүхийг шинэчлэн бичих ажлыг одоо ид хийж байна л даа, хараахан цогцоор нь дуусгаагүй байна. Энэ ажилд төрийн дэмжлэг маш их хэрэгтэй. Улсын түүх бичнэ гэдэг бол хэдэн түүхчийн сайн дурын ажил биш. Төр нь хариуцах ёстой юм. Ингэж бичсэн түүхийг албан ёсны түүх гэж үздэг. Энэ бол бараг тусдаа ярих том сэдэв шүү. Харин түүхчид улс орныхоо ерөнхий түүхийн мэдлэгийг хүмүүст ойлгуулах чиглэлээр олон нийттэй хамтарч их ажил хийх хэрэгтэй байгаа юм. Түүхэн сэдэвт энэ шоу нэвтрүүлэг үүний нэг чухал хэлбэр гэж үзэж болно. Социализмын үед ч бид өмнөх түүхээ үгүйсгэсэн. Ер нь Монголын түүх тэр чигээрээ үгүйсгэл дундуур туучиж ирсэн дээ. Монголын Их Эзэнт гүрний үед эзлэгдсэн орны түүхчдийн бичсэн түүхүүд бол монголчуудын үйл хэргийг тэр чигт нь үгүйсгэж, харгис хэрцгий, бурангуй талаас нь харуулахыг хичээсэн. Дэлхий хавтгай болж, мэдээлэл хэнд ч хүртээмжтэй болсон энэ эрин үед харин байдал эрс өөр болж байна. Өнөөдрийн дэлхий ертөнцийн бүх улс түмэн түүхээ эргэн харж байна. Энэ явцад дэлхийн түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээж, өмнө болон хожид хэний ч байгуулж чадаагүй агуу их гүрэн байгуулж байсан Монгол гэдэг ард түмний түүх өөрөөр бичигдэж байна. Бараг л дэлхийн бүх улсыг эрхэндээ хурааж, хоёр зууныг бүхлээр нь эзэгнэж түүхээ бичсэн агуу ард түмэн, түүний удирдагчийг өөр нүдээр эргэн харж, өөр өнцгөөс судалж байна. Иймд ард түмэн маань өөрсдөө түүхээ маш сайн мэдэж байх учиртай. Хүмүүсээ түүхэнд дуртай, улам сонирхон судалдаг, нийтээрээ түүхээр амьсгалдаг болгох хэрэгтэй.
Түүхчид сонсдог ном хийж байна, түүхийн хялбаршуулсан ном, зурагт альбомуудыг гаргаж байна, үе үеийнхээ түүхийг Монгол төвийн үүднээс бичиж эхэлж байна. Дээр нь зохиолчид түүхэн сэдэвт зохиол руу хошуурч эхэллээ. Энэ сайн хэрэг. Хүмүүс богино цагт их мэдээлэл авах дуртай болсноос гадна сонирхолтой хэлбэрээр өгч буй мэдлэгт их анхаарал хандуулдаг болж. Энэ зорилготой “Ардын журамт цэргийн мөрөөр” шоу нэвтрүүлэг тун нийцэж байна. Түүхэн сэдвээр шоу нэвтрүүлэг хийнэ гэхээр хүмүүс их гайхаад байх шиг. Би шүүгчээр ажиллаж байгаа хүний хувьд жаахан дэлгэрэнгүй мэдээлэл өгье.
Мэргэжлийн жүжигчдээр ахлуулсан хоёр багт Ардын хувьсгалын үед болж өрнөсөн үйл явдал, түүхэн хүмүүсийн дүрийг сонгож өгөөд, жүжигчилсэн тоглолтоор уг агуулгаа гаргах даалгавар өгдөг. Түүхэн үйл явдлын агуулгаа жүжигчилсэн тоглолтоор аль баг нь сэтгэлд хүртэл илэрхийлсэн байна, тэр баг нь ялна. Хоёр багийн гишүүд түүхчдээс зөвлөгөө авч, тухайн түүхэн үйл явдлаа өөрсдөө судалж, үзүүлбэрийнхээ найруулгыг хийнэ. Тухайн түүхэн үйл явдалд хэн хэн хэрхэн оролцов, хэзээ, хаана, юу болов гэдэг үндсэн дөрвөн асуултанд уран сайхны хэлбэрээр хариулт өгөх үүрэгтэй. Иймд энэ шоу тоглолт нь хөнгөн, сонирхолтой хэлбэрээр хүмүүст түүхээ ойлгох, мэдэх, сонирхох сэрэл мэдрэмжийг төрүүлэхэд өндөр ач холбогдолтой.
-Дэлхийн түүхийг ярихаар Монголын түүхийг ярих болдог. Дэлхийд гайхагдсан Таж Махал, Цагаан хэрэм бүгд монголчуудын түүхтэй салшгүй холбоотой. Энэ тухай залуустаа таниулах үүднээс цухасхан ярьж өгнө үү?
-Монголчууд дэлхий ертөнцөд төрт улс бий болсноос хойш хоёр удаа маш том долгионыг үүсгэсэн ард түмэн. Эхнийх нь Хүннүгийн үе. Хүннү гүрэн задраад нэг хэсэг нь баруун тийш нүүдэллэж, Европ хүрэн Атиллагийн үед хүчирхэгжиж, Хүн гүрэн буюу өрнөдөд нэрлэдгээр Гунну улс байгуулсан цаг. Энэ үеэс хойш огцом дэлхийн улс орнуудын байдал өөрчлөгдөж, ариун Ромын эзэнт гүрний мөхөл эхэлж, өнөөгийн Франц, Герман, Унгар, Испани зэрэг улс үндэстэн үүсэх үндэс тавигдсан. Энэ цаг үеийг хүн төрөлхтний их нүүдлийн үе ч гэдэг. Хоёр дахь үүсгэсэн долгион нь түүнээс хойш 1000 шахам жилийн дараа Монголын их хаан Чингис, түүний залгамжлагчдын бүтээсэн Монголын Их Эзэнт гүрэн өнөөгийн дэлхий ертөнцийн шинэ түүхийг бичих үндсэн өөрчлөлтийн эхийг тавьсан. Энэ үеэс хойш олон шинэ улс орон, үндэстэн угсаатан бий болж дэлхийн дэг журам эрс өөрчлөгдсөн. Монголчуудын дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн хамгийн том бахархал бол дорно, өрнийн соёл холбогдож, үр дүнд нь мэдлэг, соёлын их тэсрэлт гарсан. Монголын Их Эзэнт гүрэн үндсэндээ тухайн үед оршин тогтнож байсан бүх улсыг харьяандаа авснаар Пакс Монголика буюу Монголын их амар амгалан гэж нэрлэгдэх дэлхий нийтийн энх амгалан байдлыг тогтоосон. Тэр үед Европчууд Азийг мэдэхгүй, Азийнхан нь Европыг мэдэхгүй байлаа шүү дээ. Гэхдээ үүнээс өмнө Хүннү нарын үеэс Торгоны зам гэдэг худалдааны том зам нь тэднийг холбосон ганц холбоос нь болж байсан ч хөгжил, хамтын ажиллагааны эрч хүчтэй, аюул осолгүй, тогтсон нэгдмэл систем болж чадаагүй байлаа. Торгоны замыг дагасан дээрэм тонуул, аллага хүчирхийлэл энэ замын аймшигт гачлан, худалдаа хамтын ажиллагааны гол саад болж байжээ. Тэр үеийн хамгийн эрсдэлтэй ажил хийдэг хүмүүст худалдаачид тооцогддог байж. Амь насаа өгөх эрсдэл дор явдаг, аянд гарсан худалдаачин амьд эргэж ирэх нь тун эргэлзээтэй байж. Торгоны зам дээр монголчууд амгалан тайван байдлыг тогтоосон учраас Монголын эрхшээлд байсан улс орнуудын эдийн засаг сайжирч, ард олных нь амьжиргаа дээшилж, хөгжил цэцэглэлтийн үе рүүгээ оржээ. Эндээс харахад л монголчуудын алж устгаснаасаа хөгжүүлэн цогцлоосон нь хэд дахин их гэж хэлж болохоор байгаа биз дээ. Дайн байлдаан болж байхад хүний амь үрэгдэх нь жам. Их соёлтой, хичээнгүй нягт, хүн төрөлхтний суутнуудын өлгий германчууд дэлхийн II дайнд ямаршуухан харгислал үйлдлээ дээ. Хэчнээн хүний аминд хүрч, аймаглан устгах хүний санаад оромгүй хядлага хийсэн билээ. Үүний хажууд манай монголчуудын 800 жилийн өмнө хийж байсан зүйл бараг юу ч биш.
Манай монголчуудын байлдан дагууллын үр дүнд соёл иргэншлийн хөгжлийн дараагийн огцом дэвшил өөрчлөлт гарсан. Хамгийн энгийн жишээ хэлье л дээ. Хубилай хааны дэргэд олон жил байсан Марко Поло нутаг буцах замдаа далайн замаар явсан. Энэ зам Ази, Европыг холбосон гол усан зам болсон. Энэ үеэс эхлэн газарзүйн их нээлтүүд хийгдэж Колумб Америк тивийг нээж, Магеллан усан замаар дэлхийг тойрсон. Колумб үндсэндээ Марко Пологийн замаар л Азийн эх газарт хүрэх гэж хөдөлсөн. Дундад үеийн европчуудын шашны хэт үзэлд автсан, харанхуй бүдүүлэг үе энэ үеэс л өөрчлөгдөж дахин сэргэлтийн үе гэж өнөө нэрлэдэг соёл урлаг, сэтгэлгээний болон шинжлэх ухааны салбарт асар том нээлтүүд гарсан. Шинжлэх ухаан энэ үед л үндэс сууриа тавьсан. Леонордо Да Винчи, Микаленжело зэрэг суутнуудын эрин үе эхлэх нөхцөл энэ л үед тавигдсан. Үүний үндэс суурь нь өрнө, дорнын соёл холбогдсон учраас хүмүүсийн сэтгэлгээнд, танин мэдэхүйд өөрчлөлт гарсантай л холбоотой. Тухайн үед шашны сургаал урвуугаар ашиглагдаж, хэсэг бүлэглэлийн гар, хөл болсон байсан бөгөөд христ, мусульман ялгаагүй шашнаар дамжуулж төрийн эрхээ барьдаг, хүмүүс шашны хуулийг зөрчвөл төрд тэрсэлсэн хэрэгт алуулдаг байлаа шүү дээ. Үнэндээ ХҮ зууныг хүртэл дэлхий гэдэг гурван том мэлхийний нуруун дээр байдаг гэсэн ойлголттой л байлаа. Хүн төрөлхтөний сэтгэлгээний тэсрэлтийн нэг том илэрхийлэл нь Бруно, Коперник, Галилей нар дэлхий бөөрөнхий гэдгийг, дэлхий нь нарыг тойрч эргэдгийг нотолсон явдал. Гэтэл шашны номлол зөрчлөө гэж Бруног олны өмнө цаазалж, Коперникийн бүтээл 30 жил дарагдаж, Галиллейг шашны шүүхээр оруулж байсан түүхийг бид мэднэ. Хүний хөгжлийн явцад хожим хэрэгжсэн Леонордо Да Винчийн бүтээсэн усан онгоц, нисдэг тэрэг, усан доогуур шумбагч хөлөг онгоцны төслүүд энэ үед л төрсөн. Дотоод шаталтын хөдөлгүүр бий болж, хүн төрөлхтөн мориноос техникийн эринд шилжиж эхэлсэн. Нэхмэлийн автомат машин, ном сонин хэвлэдэг хэвлэлийн машин гарлаа. Энэ бүх хүн төрөлхтөний маш богино хугацаанд хөгжих суурийг өрнө, дорныг холбож мэдлэг мэдээллийг нь солилцуулсан Монголын эзэнт гүрний үетэй холбож үзэж болно. Дээр нь цэргийн номлолд оруулсан монголчуудын нөлөө асар их. Тухайлбал стратеги, тактикийн агуу шийдлүүд, цэргийн зохион байгуулалтын нэгж, инженер, цэргийн болон иргэний тагнуулын үйл ажиллагаа монголчуудын цэрэг засах ажиллагаатай шууд холбогдоно. Ийм учраас дэлхийн түүхийг монголчуудаас салгаж ярих боломжгүй.
-Та ярилцлагынхаа эхэнд бидний түүх үгүйсгэлээр дүүрэн гэж хэлсэн. Энэ талаараа жаахан дэлгэрүүлээч?
-Биднийг нэгтгэх ганцхан зүйл бол туулж ирсэн түүх, зан заншил, бичиг соёл шүү дээ. Монголчуудын эрх мэдэл дор байсан хөрш зэргэлдээх улс орнууд, бидний эрхшээл дор байсан дэлхийн улс орнууд энэ түүхийг асар их гуйвуулдаг. Дарлаж байсан хүнээ юу гэж л сайн хүн байсан шүү, сайхан дарлуулж байсан шүү гэж бичих вэ дээ. Өс хонзон гэдэг цусандаа хэдэн зуун жилээр үргэлжилж байдаг юм шиг байна. Энэ өс хонзонгоо түүхийг гуйвуулж л тайлдаг байхгүй юу.
Өнөөгийн Орос орны үндэс суурийг монголчууд тавьж өгсөн. Бат хаан, түүний үр сад Алтан ордны улсыг байгуулахад Оросын ванлигууд Монголын эрхшээлийг хүлээн зөвшөөрөөд, таалан хүлцэж, дэмжсэн. Монголчууд тэдний хоорондын дайн самууныг зогсоож, хөрш орнуудынх нь довтолгооноос хамгаалж, засаг захиргааг нь тогтоож татварын системийг нь боловсронгуй болгож сүм хийдийг нь бодлогоор дэмжсэн. Энэ нь хожим орос орон хүчирхэгжин хөгжих боломжийг олгосон. Их Петрийн үе хүртэл монголчуудын угсааныхан Орос орныг удирдаж байлаа. Энэ суурин дээр л Орос бэхэжсэн. Үнэн алдартны шашинг монголчууд маш хүчтэй дэмжиж оюун санааных нь эрх чөлөөг нь хангасан бөгөөд нийт Оросын нэгдэх боломжийг нь олгосон. Үүнийг их оросын үзлээс ангид Оросын түүхчид одоо бичдэг л дээ. Түүхээс хаашаа бултах вэ дээ.
Өнөөгийн Иран, Ирак, Узбек, Тажикаас авахуулаад дундад дорнын олон улсуудын улс болох замыг бас л монголчууд зассан. Хүлэгийн улс буюу Ил хаант улсын нэгдсэн захиргаа нь дорно дахины улс орнуудыг нэгдэх, уламжлалт шашнаа шүтэх, соёлоо хөгжүүлэх боломжийг нь олгосон. Гэтэл тэдний бичсэн түүхүүдэд Монголын сөрөг талыг л дөвийлгөсөн нь олон. Монголчуудын бүтээсэн нь нурааснаасаа их гэдгийг түүх гэрчилнэ.
Монгол угсааны хаан Бабур Их Могол гүрнийг байгуулж Энэтхэгийн соёл, нэгдлийг хангаад хүчирхэг болгоод өгчихсөн. Таж махалыг Шах Жахан хаан буюу Монгол хаан хайрт хатныхаа дурсгалд зориулж барьсан шүү дээ. Хаа байгаа Энэтхэгт очиход бидний өвөг дээдэс, алтан ургийн угсаат хаан дэлхийн гайхамшгийн нэгийг бариулсан шүү дээ гэх бахархал өөрийн эрхгүй төрдөг.
Монголчууд Юань улсыг байгуулж өмнөд хөршийг 108 жил эрхшээхдээ өнөөгийн Хятадын суурийг тавьсан. Жинхэнэ Хань үндэстний газар нутгийн хэмжээ өнөөгийн нутгийнх нь гуравны нэг л хүрнэ. Олон хэлний аялгуутай, соёл зан заншлын олон ялгаатай угсаатны нэгдэл учраас нэгдмэл их улс байх их түвэгтэй, тус тусдаа бие даан хуваагдах магадлалтай улс байсныг монголчууд нь нэгэн захиргаан дор уяж өгсөн. Гэтэл хятадууд Чингис хаан бол Монгол угсааны Хятадын хаан гэж гуйвуулаад Монголын түүхийг өөриймшүүлэх, бидний бүтээсэн бүхнийг өөрийн болгох гэсэн санаархалтай түүх бичдэг. Эргэн тойрон ийм бодлого явж байсан тул дэлхий нийт монголчуудыг харгис хэрцгий, харанхуй бүдүүлэг гээд ойлгосон байсан ч өнөө цагт өөрчлөгдөж байна. Энэ түүх эергээр улам тодорно. Интернэт бүрхсэн ертөнцөд, мэдээлэл ил тод хил хязгааргүй болсон эдүгээх эринд Монголын тухай эерэг мэдлэг маш хурдан тархаж Монгол үндэстэнг зөвөөр ойлгох боломж бий болж байна.
-Гурван сая гаруй хүн амтай өөрсдийгөө жижигхэн орон гэж бид ярьдаг. Гэтэл монгол хэлтэй Өвөрмонгол, Буриад зон олныг минь хүчээр салгаад нэгдсэн Монгол улсыг задалчихсан. Эргээд бид нэгдэх өмчирхөл, өмөөрөх сэтгэл одоо ч бидэнд бий шүү дээ?
-Биднийг нэгтгэдэг түүхээс гадна монголчуудыг том харагдуулдаг хэл аялгуу, монгол бичиг үсэг гэдэг тансаг өв бий. Буриад, Өвөрмонгол, Халимаг, Халх аялгуу чинь биднийг том угсаатан гэдгийг гэрчилнэ. Энэ олон аялгууг нэгтгэж зангидаж байдаг, үндэстний нэгдлийг хангадаг гол гагнаас бол монгол бичиг. Монголын нэгдлийг задлахын тулд, угсаатан хооронд ялгаа гаргахын тулд монгол бичгийг халсан юм. Хятад улс ханз үсгээрээ ойлголцдог. Яагаад хятадууд ханз үсгийг халахгүй байгаа юм бэ. Хэрэв ханз үсгийг халаад латин бичигт шилжчихвэл тэр олон хэлний аялгуутай ард түмэн хоорондоо ойлголцоход түвэгтэй болно. Зөвхөн бичгээрээ ойлголцож нэгдлээ хангадаг байхгүй юу. Манай улс монгол бичиг, кирилл бичгийг зэрэгцээ авч явах хэрэгтэй, кирилл бичгийг огцом орхиж болохгүй. 2025 онд Төрийн бичгээ монгол бичиг болгоно гэж яриад л байна. Яг үнэндээ амжихгүй, харин 2025 оноос эрчимжүүлэх ажлыг эхлүүлж болох юм. Нийгмийн сэтгэл зүйг маш сайн бэлдэх хэрэгтэй. Нэг бичгээс нөгөө бичигт шилжихэд маш их цаг хугацаа зарцуулдаг. 1941 онд кирилл бичигт шилжих шийдвэр гарсан хэр нь 1962 он гэхэд монгол бичиг Төрийн албанд хэрэглэгдсээр л байсан. Эцэст нь монгол бичгийн машиныг нь хурааж байж монгол бичгийг халсан байхгүй юу. Хэрэв кирилл бичгээс монгол бичигт огцом шилжүүлэх болбол төрийн бодлогоор хүч хэрэглэхээс өөр аргагүй. Гуйгаад, аргадаад байх шаардлага байхгүй. Бүх албан бичиг, харилцаа холбоог албан ёсоор монгол бичигт шилжүүлж, хорьж цагдаж, торгож шийтгэж байж л энэ ажил үр дүнд хүрнэ. Төр, соёлоо хөгжүүлэх, түүхээ дэлгэрүүлэх, үндэсний өвөө тээн үлдээхийн тулд зөөлөн хүч хэрэглэхэд юу нь болохгүй гэж. Тэгэхгүй бол бид харийн нөлөөнд бага багаар ууссаар өвөрмонголчууд, буриад нар шиг үндэсний бичиг үсэггүй, хэл соёлгүй болох эмгэнэлт өдөр ирэхийг үгүйсгэх аргагүй. Монголчууд бид тусгаар тогтносон бие даасан улс болохоор хэтэрхий азтай, жаргалтай байна. Монгол хэл Монголын л хэл гээд нялх хүүхдээ унаган гадаад хэлтэй болгож байгаа нь маш том алдааны эхлэл шүү. Мэдээж гадаад хэл суралгүй л яахав, англи хэлийг хоёрдугаар хэлний түвшинд үзэж болох л байх. Гэхдээ эх хэлээ хоёрдугаарт тавьж, гадаад хэлийг хэт дээдэлбэл хэл харьжиж, он цаг улирах тусам эх оронч үзэл санаагүй, харийг шүтсэн иргэн олон болох нигууртай. Түүхийн сургамж ч бий. Зүчийн улс, Ил хаант улс, Их Могол улсын жишээ бэлээхэн байна. Харин тэр Монголын нэгдлийн хувьд нэг улс болон нэгдэх боломжгүй, харин соёлын нэгдэл байж болно. Соёлын нэгдлийг хангахын тулд бид өөрсдөө хүчирхэг, араасаа дагуулах чадвартай байх ёстой. Бид сул дорой бол биднийг хэн тоох юм. Бид цул том соронз шиг байж чадах юм бол бидэнд ирж татагдан наалдах монгол угсаатан эргэн тойронд маань үй олноороо байна.
-1921 онд тусгаар тогтнолоо зарласан хэдий ч 1990 он хүртэл хэлмэгдэл үргэлжилсэн гэхэд болно. Үнэн түүхийг нь шатааж, эрдэм мэдлэгтэй сэхээтнүүдийг, чадал шидтэй лам нарыг, алтан ургийн хүмүүсийг хоморголон устгаж байсан хэлмэгдлийн хар жилүүдийн талаар түүхч хүний хувьд эргэн дурсвал?
-Монголчууд 1911, 1921 оны хувьсгалын үр дүнд тусгаар орших боломжоо олж авсан. Одоогийн залуус амьдрал яг л иймээрээ, эрх дураараа, аз жаргалтай байсан юм шиг өнгөцхөн ойлгоод байх шиг. 1940 оноос хойш төрсөн хүмүүс хүнд хэцүү зовлон үзээгүй гэхэд болно. Бидний алхаж байгаа, ухаж төнхөж байгаа энэ газар шороо өвөг дээдсийн цус, нулимс, гүн их харуусал дээр тогтож байдаг юм шүү. Үнэ цэн нь энэ. Монголчууд 1911 онд дэлхийн олон улсын нөхцөл байдал, Манж гүрний хүч суларсан эгзэгтэй агшинг маш соргогоор мэдэрч эр зориг гарган ухаалаг хөдөлсөн. Манай ахмад үеийнхэн өмнө байсан хүчирхэг улсаа дахин байгуулж бие даасан тусгаар улс болох ёстой гэсэн том үзэл санаагаар тугаа хийж эрслэн хөдлөөгүй бол өнөө бид хэн байх байсан бол оо гэсэн бодол надад үргэлж төрдөг. 1930, 40-өөд оны их хэлмэгдүүлэлт бол энэ тэмцлийн төлөөс, монголчуудын нэгдлийн эсрэг хийсэн их гүрний бодлого байсан. Монголчууд 1911, 1921 онд хувьсгал хийхдээ Монголын үндсэн газар нутгийн хэмжээнд тусгаар тогтноно гэсэн их бодол тээж явсан юм. Монголын үндсэн газар нутаг нь Цагаан хэрэмээс хойш, Байгаль нуур, Хянганы нуруунаас Балхаш нуур хүртэлх багцаагаар таван сая гаруй км.кв нутаг. Бид энэ уудам нутагт Хүннүгийн үеэс эхлээд л оршин тогтнож ирсэн. Түүхийн явцад хойд талаасаа Орос оронд түрэгдээд, баруун талаасаа Казах, Киргизэд шахагдаад, өмнөд талаасаа Хятад улсад тасдуулаад өнөөг хүрсэн билээ. Энэ бол цагийн эрх. Тэр байтугай тусгаар тогтнолоо алдаж Манжийн эрхшээлд орсон гашуун түүхтэй. Ийм нөхцөлөөс босож ирнэ гэдэг үндэстний хувьд их аз, хувь тохиол шүү. Монгол орон үндсэн газар нутгийнхаа хэмжээнд тусгаар тогтноно гэдэг нь өмнөд, хойд хөршид асар их айдас төрүүлэх нь ойлгомжтой. Үүнийг Зөвлөлт улсын талаас үндэстний хэт үзэл буюу Пан Монголист үзэл санаа гэж үзсэн. Пан Монголист үзэлтэй хүн бол ЗХУ-ын дайсан. Их хэлмэгдлийн үеэр шийтгэж цаазлуулсан хүмүүсийг “Японы тагнуул, панмонгол үзэлтэн” гэж шийтгэсэн бөгөөд баригдсан монгол хүн бүрээс “Чамд Нэгдсэн Монгол байгуулах үзэл байдаг уу, Монголоо нэгтгэнэ гэж боддог уу” гэж асуудаг. Мэдээж монгол хүн бүр тийм үзэлтэй байсан тул “Тийм” гэж хариулна. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд өвөрмонголчууд, 1921 оны хувьсгалд буриадууд идэвхтэй оролцсон. Энэ нэг юм хэлж байгаа биз. Монгол үндэстнийг нэгтгэх л юм бол дийлдэхгүй хүчирхэг болох юм байна гэдэг айдас нь Монгол орныг задлан бутаргах үндэс болсон. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээрт, алтан ургийнхныг устгах ёстой гэж үзсэн. Алтан ургийнханы засаг залгамжлах ёсыг манжууд эвдээгүй хэвээр үлдээсэн нь учиртай. Хэрэв үүнийг эвдсэн бол монголчуудын их эсэргүүцэлтэй тулах байлаа. Монголын төрийн өв уламжлал энэ Алтан ураг засаг залгамжлах ёсонд хадгалагдаж байдаг. Хоёрдугаарт, оюун санааны нэгдлийг хангагч шашин, сүм хийд лам нарыг нь хоморголон устгасан. Гуравдугаарт, Буриад, Өвөрмонгол, Тува, Халимаг, Халхын нэгдлийг хангадаг монгол бичгийг халж, соёлын ялгааг бий болгох оролдлого хийсэн. Дөрөвдүгээрт, монголчуудын уламжлан ирсэн зан үйл, баяр ёслолыг шашины зүйлтэй холбож бүдүүлэг хоцрогдсон хэмээн Цагаан сар гэх баяр ёслолыг хорьж, үндэсний он тооллыг халсан. Ингэж гурван Монголыг нэгтгэх бүх хүчин зүйлийг үгүй хийж бие биеэс нь холдуулан заагласан. Хэлмэгдүүлэлт гэж бидний нэрлэдэг энэ түүхэн үйл явцын цаана ийм л зүйл нуугдаж байсан юм.
-1921 оны хувьсгалын үеэр их, бага нийлсэн 200-гаад тулалдаан болж байсан гэдэг. Энэхүү түүхэн үйл явдлыг “ТВ8” телевизээр тун удахгүй цацагдах “Ардын журамт цэргийн мөрөөр” шоугаар үзэх, таних боломжтой. Ташуураа бариад боссон монголчуудын хувь заяа хаашаа ч эргэж мэдэх энэ дэнсэн дээр тэдэнд яг юу хүч өгч, тусалсан гэж боддог вэ?
-1911 оны эрх чөлөөний төлөөх хувьсгалын үед маш том тулаанууд болсон. Өвөрмонголыг чөлөөлөх таван замын байлдаан гэж бид мэднэ. Хүч тэнцвэргүй тулаанд монголчууд ялан дийлж байлаа. Үүнтэй адил 1921 оны Ардын хувьсгал ялах явц ч дайн тулаангүй өнгөрөөгүй юм. Хувьсгалын гол үйл явц бол 1919 оны арваннэгдүгээр сард Монголын тусгаар тогтнолыг утсгасан явдал юм. Сюй Шүжан тэргүүтэй Хятадын цэргийн эрхтэнүүд 1911 оны хувьсгалын үр дүнг баллуурдаж өөрийн эрх мэдлээ тогтоосноо зарласан. Түүхэндээ анх удаа монголчууд Хятадын эрхшээлийг хүлээсэн явдал болсон юм шүү. Олон мянган жил хаяа хатган амьдрахдаа монголчууд хятадуудад нэг ч удаа төрөө булаалгаж байгаагүй. Яахав нийслэл Хар хориноо шатаалгаж газар нутгаа эзлүүлж хүн ардаа олзлуулж явсан түүх бий. Гэхдээ эзэн эрхээ тэдэнд алдаж байгаагүй юм. Манай зарим залуус манж, хятадаа ялгадаггүй. Манж улс бол Хятад улс биш шүү дээ. Манж гэдэг улс Хятадыг ч, Монголыг ч эрхшээлдээ байлгаж байсан. Манжийн эрхшээлээс салж хамгийн түрүүнд тусгаар улсаа байгуулж чадсан нь монголчууд. Түвэдүүд оролдсон ч амжилтанд хүрч чадаагүй. Дараа нь хятадууд тусгаар улс болсон. Тусгаар улс болсон хятадууд Бүгд найрамдах улс байгуулаад өөрийнхөө бүрэлдэхүүнд Манж, Түвд, Хотонг оруулаад Монголыг нэгтгэх гэж оролдсон ч чадаагүй.
Энэ дайралт нь явсаар байгаад 1919 онд монголчуудын тусгаар байдлыг зэвсгийн хүчээр устгах оролдлого хийсэн нь тэр. Үүнийг бүх монголчууд эсэргүүцэн нэгдэж боссон. Боссон түмэн МАН гэдэг улс төрийн нам байгуулж тэмцэлд нэгдсэн. Энэ үед 1911 оны тэмцлийг удирдан манлайлсан эх оронч язгууртнууд бараг үндсэндээ толгой дараалан зүй бус үхлээр үхчихээд байв. Тэдний үлдсэн цөөн хэд нь Ноёд язгууртны нам гэх нууц бүлэг байгуулж Хатанбаатар Магсаржав, Дилав хутагт Жамсранжав, Да лам Пунцагдорж зэрэг язгууртнууд нэгдэн хэрхэхийг хэлэлцэж байсан түүх бий. Нийслэл Хүрээнд Түшмэдийн нам буюу Хүрээний бүлэг гэх нууц байгууллага Данзан, Дугаржав, Сүхбаатар, Дэндэв, Догсом зэрэг Богдын төрд түшмэлийн алба хааж ирсэн хүмүүс нэгдсэн. Ардын нам буюу Консулын бүлэг гэх нууц байгууллагад Бодоо, Чагдаржав, Чойбалсан, Жигмэддорж, Лосол тэргүүтэй нөхөд нэгдээд Хятадын савраас яаж гарахаа ярилцаж эхэлсэн байна. Тусгаар тогтнолоо эргэж сэргээе, Монголоо дахин байгуулъя, хүн төрөлхтөний хөгжлийн замаар замная гэсэн үзэл санаан дор нэгдэж тэмцэл өрнүүлжээ. Тэр үед зөвхөн Нийслэл Хүрээнд гэхэд 10 мянган гаруй хятадын цэрэг ороод ирчихсэн байсан. 1919 оны арванхоёрдугаар сард монголчуудын зэвсгийг хураагаад, цэргийг нь тараасан. “Ардын элч” кинон дээр гардаг биз дээ. “Эд нарын зэвсэг ч гэж дээ” гэхэд “Тэгж басаж болохгүй ээ. Эд чинь ташуураа бариад босоход аюултай улс шүү дээ” гэдэг биз дээ. Үнэхээр монголчууд ташуураа бариад боссон тэр эх оронч нэгдмэл санаа, улс орноо улс шиг улс байлгая гэсэн чин эрмэлзэл их тэмцэл эхлүүлэхэд юу юунаас хүчтэй нөлөөлсөн. Түүний үр шимийг өнөөгийн бид хүртэж суугаа юм. Тэд ингэж босоогүй тэмцээгүй бол бидний газар шороог өөр хүмүүс өнөөдөр эзэн мэдэж суугаа.
-Түүхэнд тодорсон хувьсгалч, баатрууд дундаас таагүй нэрээр үлдсэн хүмүүс олон байдаг шүү дээ. Гамингуудад эзлэгдээд байсан Хүрээг чөлөөлсөн Барон Унгерны үзэл санаа, чиг зорилгыг хүмүүс янз бүрээр л тайлбарладаг. Энэ талаар таны бодол?
-1921 оны хоёрдугаар сард Барон Унгерн орж ирж, Нийслэл Хүрээнээс хятад цэргийг хөөсөн. Энэ бол чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал. Хэрэв Барон ирж монголчуудыг эгнээндээ нэгтгэж, зэр зэвсгээр хангаж, зохион байгуулалтад оруулж Хүрээг чөлөөлөөгүй бол монголчууд дангаараа барахгүй байсан. Хүрээг чөлөөлсний дараа Автономит засгийн газрыг сэргээж 2021 оны хоёрдугаар сарын 22 -нд Богд хааныг ширээнд нь залсан. Хүрээнээс зугтсан гамин цэргүүдийн нэг хэсэг нь урагшаа яваад дийлэнх нь Хиагт руу очсон. Хиагт руу очдог цаад учир нь Зөвлөлт Орос улс, Хятадын Бүгд найрамдах улс хоёр хоорондын харилцааны асуудал юм. Тэд Хиагтаар дамжаад Чита хүрч буцах гэж байсан бөгөөд цөөн дарга нарыг нь гаргачихаад, цэргүүдийг нь гаргаагүй. Хиагтыг Ардын журамт цэрэг чөлөөлсөн гэдэг үүнтэй холбоотой юм. Хиагтыг Чөлөөлөх тулааныг Монголын Ардын хувьсгалын эхлэл гэдэг. Хятад цэрэг буцаад Монголын нутгаар дамжин буцах оролдлого хийгээд замдаа Бароны цэрэгт цохиулсан.
Барон Унгерн цэргийн хэрэгт мэргэшсэн дайчин эр байсан гэдгийг бид мэдэж байх учиртай. Социализмын үеийн түүхэнд бичигдсэнээр нь бид өнөө хэр ойлгоод л явна. Монголчуудыг хүндэтгэдэг, монгол хэлтэй, бурханы шашинд орсон хүн байсан. Бароны гол санаа бол Орос тариачдаа өөртөө нэгтгэн хаант ёсоо сэргээн тогтоохын төлөө тэмцэл өрнүүлэх явдал байв. Гэвч энэ нь амжилтанд хүрээгүй, тэр оросуудаасаа дэмжлэг авч чадаагүй, дээр нь цагаан офицеруудын нэгдсэн тэмцэл өрнүүлэх явдал бүрэн сүйрчихээд байсан юм. Монголчуудыг орос хүн дагаад Оросын төлөө байлдахгүй гэдгийг тэр мэдсэн. Монголчууд хятадаа хөөгөөд гаргачихсан, Хаанаа ширээнд залчихсан учраас зорилго нь биелчихсэн. Тиймээс Бароны үйл ажиллагаанаас хойш суугаад эхэлсэн. Хатанбаатарт итгээгүйдээ баруун хязгаар луу цэрэг удирдуулахаар явуулсан хэрэг. Зөвлөлт Орос руу амжилтгүй довтолгоо хийснийхээ дараа Монголын нутаг дэвсгэрт эргэн орж ирээд Улиастай хавьд чадвал бэхжиж авах эс чадвал урагшаа Бирм орох төлөвлөгөөтэй байсан ч амжилгүй Бишрэлт гүн Сундуй нарт баригдсан хүн.
-Шоуны оролцогчид маань Баруун замын байлдаан, Зүүн хязгаарын байлдаан, Хиагтыг чөлөөлсөн нь, Хөвсгөлийн хязгаар, Нийслэл хүрээг тохинуулсан нь зэрэг тодорхой сэдвийн хүрээнд даалгавар гүйцэтгэдэг. Даалгаврыг хэр оновчтой гүйцэтгэж байна вэ, шүүмжлэлтэй, ололттой талаас нь дурдвал?
-Дээрх их, бага тулаанууд 1921 оны гуравдугаар сараас 1922 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд болсон. Цагаан цэргүүд нь Оросын иргэний дайнаас зугтан орж ирсэн хүмүүс гэдгийг шоуны оролцогчид маань маш сайн ойлгосон байна лээ. Бароны цэргүүд хоёр хуваагдаад нэг хэсэг нь Манжуур луу явна гээд зугтсан. Сэлэнгийн хойд талаар зугтаж байхад Ардын журамт цэрэг замд нь цохисон. Энэ агуулгыг залуус их сайн гаргасан. Зүүн хязгаарын тулаанд Найдан ван, Жигмэд Жамбалон, Бумцэнд, Дугаржав нарын үйл ажиллагааг гаргах даалгавартай. Найдан ван нь Бароны талд байж байгаад эргээд Ардын засгийн талд орсон хүн. Баронд цорын ганц үнэнч үлдсэн Жигмид Жамбалон гэдэг хүнийг устгах тулаан болдог. Жигмид Жамбалон гэж хүн Журамт цэргийг Улаан цэрэгтэй хамт Нийслэл рүү хөдлөх үед зүүн тийш Дорнодын хил рүү зугтсан. Түүний араас Бумцэнд, Магсархурцын Дугаржав нар хөөж зүүн хязгаарыг тохинуулсан. Энэ даалгаварыг хоёр баг сайн биелүүлсэн ч Дугаржавын дүрийг жаахан бүрхэгдүүлсэн тал ч ажиглагдсан.
Ардын хувьсгал ялсны дараа хятадуудын түлхээсээр Дарьгангын хязгаарыг авах гэсэн Жодовжов амбан цэрэг дагуулж орж ирсэн үйл ажиллагаа болдог. Үүнийг бас харуулдаг. Хамгийн баруун талд Толбо нуурын байлдаан, мөн Хатанбаатарын цэргүүд Бакич нарыг буулган авсан үйл явдал, Бароныг баривчилсан үйл ажиллагаа зэргийг уг шоунд бүлэг бүлгээр нь оруулсан. Оролцогчид маань түүхээ гайгүй сайн судалсны үндсэн дээр даалгавраа сайн гүйцэтгэсэн. Түүхч хүний хувьд шүүх явцдаа санаагаа хэлээд явж байгаа.
-Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны, Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ жил тохиож буй. Хэдэн мянган жилээс уламжлагдан ирсэн монгол цэргийн тактикийг дэлхийн улс орнууд хэрэглэдэг. Томоор харвал цэргийн зохион байгуулалт 100 жил биш хэдэн мянган жилээр яригдах болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Орчин цагийн зэвсэгт хүчин үүссэн гэдэг агуулгаар ярих нь зүйтэй байх. Өмнө нь огт цэрэг байгаагүй биш шүү дээ. Хүннүгийн үед дөрвөн хорооны зохион байгуулалтаар морины дөрвөн зүсээр цэргүүдээ ялгасан байлдааны бүлэглэл байсан. Зуут, тавьт, аравт гэдэг цэргийн нэгж 1921 оны Ардын журамт цэргийн зохион байгуулалтад тэр чигээрээ хэрэглэгдсэн.
Ардын журамт цэрэг гэдэг нь сайн дурын цэрэг юм. Шаардлага гарвал цэрэг болоод энгийн үед жирийн иргэн болдог хүмүүс. Харин 1921 оны гуравдугаар сарын 18-нд байнгын цэргийн зохион байгуулалттай болох эхлэл тавигдсан. Ардын хувьсгалын дараа байнгын цэрэг болж өдийг хүрсэн учраас Монголын орчин цагийн зэвсэгт хүчний ойн өдөр болгон бид тэмдэглэдэг.
-Ардын журамт цэргүүд Нийслэл Хүрээнд орж ирж, Богд хаант Монгол Улсын засаглалыг халж Ардын Засгийн газрыг байгуулсан. Өдгөө бас Ардын намын 100 жилийн ой тохиож байна. Та түүхч хүний хувьд бидний ахмад үеийнхний байгуулсан нам, засгийн язгуур зорилго биелсэн гэж боддог уу?
-1921 оны долоодугаар сард Хиагтад байгуулагдсан Ардын түр засгийн газар Нийслэл хүрээнд орж ирээд Засгийн эрхийг тайван замаар авч Богдын засгийн газар өөрийнхөө эрх мэдлийг шууд шилжүүлж өгсөн. Энэ Ардын засгийн газар нь Эвслийн засгийн газар байсан юм. Ардын журамт цэрэг Нийслэл хүрээнд орж ирэхэд Сүхбаатарын 10 бие хамгаалагч түүний хоёр талд шар, улаан туг намируулсаар ирж байсан гэдэг. Шар туг нь шашны үйл хэргийг улаан туг нь төрийн хэргийг илэрхийлж байсан хэрэг. Ард түмний дунд ардын дуу шиг дуулагддаг хувьсгалч, эх оронч дуунууд тэр л үед төрсөн бөгөөд “Шивээ хиагт”, “Магнаг үсэгтэй туг”, “Улаан туг” гэсэн гол гурван дуу бий. “Магнаг үсэгтэй туг” дууг анх дуулахдаа
Магнаг үсэгтэй тугаа
Мааньтын хөтлөөр мандуулсан юм аа
Мандаж байгаа Богддоо Мандал даншигаа өргөе өө
Торгон үсэгтэй тугийг толгой дээрээ мандуулсан юм аа
Тоогүй олон совет монгол тойрч бүслээд авсан юм,
Ай юу зээ юү Ардын намын цэрэг ээ... гэж дуулж байсныг хожим үгийг нь өөрчилсөнийг партизанууд дуртгалдаа өгүүлсэн байдаг юм. Эндээс харахад Богдын засагт дайсагнасан байдал харагдахгүй байгаа биздээ.
Энэ Эвслийн Зсгийн газарт Түшмэдийн нам, Ноёдын нам, Ардын нам, Богд хааны төлөөллийг тэнцүүлэн оруулсан нь харагддаг. Зуун жилийн өмнө бидний ахмад үе байхгүй болчихоод байсан улс орныг бий болгож чадсан юм. Энэ бол тэдний хэзээ ч баларшгүй түүхэн гавьяа. Эх орончдын чин санаа зорилго бол улс Монголоо “Тэгш журамт, баян, хүчирхэг улс болгох” явдал байсан. Харамсалтай нь одоо болтол бид “Тэгш журамт, баян, хүчирхэг” улсаа хараахан бий болгож чадаагүй л байна. Тэгэхээр ахмад үеийн маань зорилго бүрэн биелээгүй, бидний тэмцэл арай дуусах болоогүй байна уу даа гэсэн бодол хааяа төрдөг. 1990 онд “Бидэнд үг хэлэх эрх чөлөө, зорчих эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө байхгүй учир бид хөгжихгүй байна. Энэ эрх чөлөөг олоод авчих юм бол маргааш гэхэд хөгжлийн зам дээр гарч хүний жаргалыг эдэлнэ” гэсэн сайхан мөрөөдлөөр жигүүрлэж идэр есийн хүйтнийг үл ажран Ардчилсан хувьсгалын моринд нийт олноороо мордоцгоосон. Үүнээс хойш 30 гаруй жил өнгөрлөө. Бүх боломжоо олж авсан ч тэгш журамт, баян хүчирхэг улс болохоо хүлээсээр л байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 13 )
Энэ хүн бол үнэхээр залуучуудын боловсрол, эх оронч сэтгэлгээнд жинхэнэ үнэт хөрөнгө оруулсан хүн. Өөр хүнрүү тависан чулуунд оногдсон гэмгүй эрдэмтэн. Одоо урвагч гэж учраа мэдэхгүй цоллоод байгаа хүмүүс бол амны алдаа л хийж байнадаа.
Халимаг аялгуу байхдаа яахав дээ. Монголын бараг л хагас ойрад аялгатай байхад тэднийг доромжилж байна уу? \nДээр нь тэр түүхийн үнэт материалаа худалдчихаад залуусыг түүх уншдаггүй гэх бас л даажин тохуу шиг сонсогдож байна. Унших юмгүй болчихоор тархийг нь угаахад амар болно л доо нээрээ...
христын шашин хүн төрлөхтөний хөгжлийг 1000 жилээр хойш нь татсан гэдэг
64.119.21.70 Чамд нотолгоо бна уу. Түүхч тайлбараа, өгсөн бна лээ. Холбогдох газрууд нь шалгаад дүгнэлтээ гаргасан бна хө. Бичсэнийг нь уншаад ойлгоод ав, багцалаад сайхан мэдээлэл өгсөн бна
Нөгөө архивын маш чухал материалуудыг хятадуудад зарсан гэх этгээд энэ хүн мөн үү биш үү? Ямар ч урт ярилцлага вэ? Маш өнгөц, тодорхой бус зүйл их байна. Түүхийг ингэж амархан дүгнэж болохгүй байх аа ах хүү!
Tuuhiig sudlah ni zuv. Gehdee mongol tsaashdaa hugjih yostoi uchraas tuuhee nandignan hadgalj uzesgelen muzei maygaar aylal juulchdad mongol aguu uls untesten bsaniig haruulj, odoo hun ard maani iluu ih surch bolovsrood ulsaa iluu sain hugjuulmeer bna.
Монголчууддаа, залуучууддаа эх түүхээ мэдэж таниулахад түүхчийн оруулсан хувь нэмрийг үнэлээд баршгүй. Таны гаргасан сонсдог номыг хэдэн ч удаа сонсоод уйдахгүй, түүхийг ингэж ойлгомжтой, яруу сайхан, яг дэргэд минь суугаад ярьж байгаа юм шиг, гайхамшигтай. Үнэт мэдлэгээ, сэтгэлээ харамгүй зориулж байгаа танд баярлалаа. Монголд тун хэрэгтэй түүхч шүү, урт насалж удаан жаргаарай.\n
Ерөнөхийлөгчийн сонгуулийн өмнө байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл,байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-ынхан Зоригийн хэрэг, ҮАБЗ-ийн хэрэг, шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ, 10 тэрбумын санхүүжилт, Үндсэн хуулийн шинэчлэл зэргээр ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй угааж байна. Гэвч монголын
ЯАГААД МОНГОЛЧУУД ХҮННҮ ГЭЭД НЭРЛЭЭД БАЙДАГ ЮМ БЭ / АНГЛИАР HUN , ОЛОН ТООГООР HUNS ГЭДЭГ , ОРОСООР БАС ХУН ОЛОН ТООГООР ХУННЫ ГЭДЭГ , МОНГОЛООР БОЛ НЭГ ТООН ДЭЭР Ч ХҮН , ОЛОН ТООН ДЭЭР Ч ХҮН , ТИЙМ БОЛОХООР БИД ХҮН ҮНДЭСТЭН ЮМ БИШ ҮҮ
ҮНЭН. БИЕЛҮҮЛЭХЭЭ УМАРТСАН БИШ БАЙГАА. ГОЛ ЗОРИЛГОО УМАРТВААС ЭЗЭН ЧИНГИСИЙН ХЭЛДГЭЭР ӨГЛӨӨ БОЛГОН САНУУЛАХ НЬ ЗҮЙН. САНУУЛСАНД ТАЛАРХАЖ Б/НА
За болоо ш дээ. Гоё л шоу болох юм шиг байна.\n
Ялангуяа сүүлийн 30 жил
Ulziibaatar guai yamar saihan yaria ve. Mongol hun bur tuuhee meddeg baharhdag baigaasai