О.Бат-Өлзий: Бидэнд маш баялаг түүх бий, түүгээр олон сор бүтээл хийж болно

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 17

“Байтаг богд”, “Маш нууц”, “Зүрхэнд шивнэсэн үг” зэрэг уран сайхны киноны Ерөнхий найруулагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Осорын Бат-Өлзийтэй ярилцлаа. “Гарын таван хуруу”, “Нандин эрдэнэ” зэрэг кинонд тоглож, залуу насаа дэлгэцийн уран бүтээлд мөнхөлсөн ард түмний хайртай жүжигчин тэрээр ТВ8 телевизийн бүтээл "Ардын журамт цэргийн мөрөөр" түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн эрхэм шүүгчээр ажиллаж байгаа билээ. 


-Таны цэл залуу насыг мөнхөлсөн,  жүжигчний замнал руу орсон алтан он жилүүдээ эргэн дурсвал?

-1981 онд Цэргээс халагдаж ирээд, Улсын хүүхэд, залуучуудын театрт шалгалт өгч, дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлж байлаа. Театртаа 16 жил ажилласан. Тэр үед Драмын театр, Улсын хүүхэд, залуучуудын театр гэсэн хоёр театр байдаг байсан. Уран бүтээлийн цагаан өрсөлдөөн ихтэй он жилүүд байлаа. Ардын жүжигчин А.Очирбат, Гавьяат жүжигчин Ц.Готов, Б.Энхтуяа, Л.Цэндсүрэн гээд луугар уран бүтээлчтэй хамтарч, нэг тайзан дээр ажиллаж байлаа. Миний үеийнхнээс гэвэл Ц.Төмөрбаатар, Л.Нямсүрэн, Н.Зориг, Б.Туяа, Б.Батзаяа, Ц.Цолмон, Ж.Сүххуяг, Г.Дашхүү, Л.Жанчивдорж гээд шижигнэсэн залуус өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэж байлаа даа. Сайн ч уран бүтээл төрдөг байлаа. Энэ үед Дарханы театраас шуугиан тарьсан авьяаслаг найруулагч И.Нямгаваа шилжиж ирсэн л дээ. Тэр хүний нүдэнд нь өртөж, нэлээн хэдэн бүтээлд нь оролцож байснаараа бахархаж явдаг. Харамсалтай нь, 1990-ээд оны сүүлээр театрыг маань хувьчилж аваад, байхгүй болгочихсон.

-Таны аав бол Гавьяат жүжигчин У.Осор гуай. Хүү тань ч кино урлагийн ертөнцөд цахиур хагалж яваа. Удам дамжсан урлагийн хүмүү. Ааваасаа өвлөсөн нандин дурдатгалаа хуваалцвал?

-Манай гэрт урлаг буцалж байсан, одоо ч хэвээрээ. Аав минь Драмын театраас "Монгол кино" үйлдвэрт очсон. “Монгол кино” үйлдвэрийн орчуулгын жүжиг ангид ажиллаж, орос кинонд дуу оруулж байгааг нь харж өслөө. Д.Чимэд-Осор, Р.Дамдинбазар, Н.Дагийранз гуай, Д.Элбэгсайхан ах нарын хамт ажилладаг байлаа. Би ажил дээр нь хоол бариад л очно, тэд ч манай гэрээр их орж, гарна. Тэр бүхнээс л урлагийн хүн болох суурь минь тавигдсан гэж боддог. Манай ах нар балетчин, уран дархан, эгч нар  төгөлдөр хуурын концертмейстер, зураач гээд бүгд л урлагийн хүмүүс дээ.

Бид багаасаа л уран зохиолын номтой нөхөрлөж өссөн. Нэг нь уншиж дуусахад бид залгаад л уншдаг. Гэрээр номоор дүүрэн. Дэлхийн болон Монголынхоо сонгодог бүтээлийг уншиж, оюун ухаан, мэдлэг, мэдрэмж тэлсэн гэж боддог. Д.Намдаг, Э.Оюун, С.Эрдэнээс эхлээд л гадаадын том том зохиолчдыг уншаад ирэхээр төсөөлөн бодох чадвар нэмэгдэж, дүрүүд нь ялгарч харагддаг байлаа. Энэ бүхэн жүжигчин болоход бэлдэж байж дээ.

-Жүжигчин хүн найруулагч болох, тэр тусмаа эх оронч түүхэн сэдэвтэй бүтээл хийх хүсэл эрмэлзэл, учир шалтгааныг ухвал?

-Миний хувьд 2001 оноос кино найруулж үзсэн л дээ. Найруулагчийн сургуулийг нь ч төгсөөгүй, амьдралын хар ухаанаар л хийдэг. 1981 оноос театрт ажиллаж эхлэхдээ И.Нямгаваа, Л.Лхаасүрэн, Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу, Б.Баатар нарын хамаг л сайн найруулагчтай ажиллаж, муу, сайнаа хэлүүлж, нухуулж, элдүүр минь ханасан гэж өөрийгөө боддог. Найруулагч бүхэн өөр өөрийн гэсэн ааш араншинтай, түүнд нь тохируулж өөрийгөө илэрхийлээд сурчихдаг. Бараг л харцнаас нь уншиж, арга барилаас нь суралцаж ирсэн. Төрийн соёрхолт зохиолч Д.Норовын зохиол “Мөнхийн дуудлага” туужийг кино болгоё гэсэн бодол тээж явж байгаад, 2000 он гараад “Зүрхэнд шивнэсэн үг” нэртэй кино хийж байсан. Түүнээсээ маш их урам авч, одоо болтол найруулагчаар ажиллаад явж байна.

Орчин үед гэр бүл, хайр дурлал, найз нөхөрлөлийн тухай кино хийдэг хүмүүс олон байгаа. Тэр хүмүүс нь хийг. Миний эмзэглээд байдаг, үгүйлэгдээд явдаг орон зай бол тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг мэдрүүлэх чин эрмэлзэл байдаг. Түүнийг уран бүтээлээр дамжуулж хүргэх хүсэл маань хэзээ ч унтарч байгаагүй. Хүү маань ч өсөж, эрийн цээнд хүрлээ. Хүүгээ дагуулаад олон кино хамтарч найрууллаа. Үзэгчдийн хандлагыг ажиглаад байхад өнөөгийн залууст үлгэрлэн дуурайх баатар хэрэгтэй байдаг юм байна. Бидний хийсэн кинонуудаас Тэгшээ шиг, Даваадорж шиг, Гиваан шиг баатрууд үйл хэргээрээ залуусыг үлгэрлэн дагуулж эхэллээ.

-Таны гэргийг Ардын жүжигчин С.Сарантуяа гэдгийг ард түмэн андахгүй. Уран бүтээлч хүний хувьд заримдаа санал зөрөлдөх үе байдаг уу?

-Байлгүй яах вэ. Ажил дээрээ ч, ар гэртээ ч дүр дээр ажиллах зохиолын зорилго, жанжин шугамыг ярьдаг л даа. Нэгнийгээ сөрнө, няцаана, дэмжинэ, урам өгнө тэгж байж зөв гаргалгаа гардаг.  Сөрсөн асуулт тавьж байж зохиолын шалтаг шалтгааныг нь нэхдэг. Зөрчил байхгүй бол ус шиг л бүтээл гарна. Миний хань мундаг, болж байна гээд магтаад байвал тэр чинь хор болж буй хэрэг. Гэр дотроо нэлээн шүүлтүүр хийнэ. Хүү маань ч орж ирж, санал нэмэрлэнэ. Орчин үеийн залуусын сэтгэлгээ, зураг авалтын өнцөг, план нь өөр. Түүн дээр мань мэтийн хуучцуудын хашир ухаан сүлэлдээд ирэхээр тун нь сайхан таардаг болов уу.

-Урлагийн хүмүүсийг гэрийн бараа хардаггүй л гэдэг. Хоёулаа урлагийн хүн болохоор ар гэр, үр хүүхдийг яаж зохицуулж байв даа?

-Манайх гурван хүүхэдтэй. Манай том хүү дөрвөн ойтой байхад хоёр ихэр маань төрж байлаа. Манай эхнэр амаржаад ихэр хүүхэд төрүүлсэн учраас 70 гаруй хоног чөлөө аваад л ажилдаа орж байсан. Нэг хүүхэд төрүүлвэл 50 хоног чөлөө өгнө. Дөрвөн настай ахад нь хоёр ихрийг үлдээгээд л ажилдаа явдаг байлаа шүү дээ. Театр, гэр хоёр хоорондоо ойрхон учраас эхнэр маань хүүхдээ хөхүүлээд л гүйдэг байлаа. Бас хоёр театрын сул чөлөөтэй байгаа жүжигчид гэрт очиж, хүүхэд харах, хооллох жишээтэй. Манай гэрийн түлхүүр хэн нэгний халаасанд л явж байдаг байлаа шүү дээ. Хавар, намартаа Драмын театр зүүн аймаг руу гарахад, Хүүхэд залуучуудын театр баруун аймгууд руу томилолтоор явна. Урлаг соёлын ажил тийм нижгэр, өргөн далайцтай ард түмэнд хүрдэг байлаа. Гэрт хэдэн хүүхэд хараад өвөө, эмээ нь үлдэнэ.
 


-Та ТВ8 телевизээр гарч буй түүхэн сэдвээр хийгдсэн “Ардын журамт цэргийн мөрөөр” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байгаа. Сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу?

-“Ардын журамт цэргийн мөрөөр” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллах санал ирэхэд хөнгөн жанрын, хөгжөөнтэй, энтертайнмент нэвтрүүлэг байх даа гэж бодож байсан. Ардын армийн 100 жилийн ойд зориулаад түүхэн сэдэвтэй шоу хийж байгаа нь маш их таалагдсан. Би өөрөө түүх бага зэрэг сонирхдог учраас надад ойр санагдсан. 1921 оны хувьсгалт тэмцэлд тэр үеийн залуучууд эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан оролцож байсан нь одоогийн залууст маш сонин шүү дээ.

Тайзан дээрээс 100 жилийн өмнөх амьдралыг харна гэдэг надад маш сонирхолтой санагдсан

Маш ойлгомжтой, уран бүтээлч хэлбэрээр түүхээ залуустаа ойлгуулах ач холбогдолтой нэвтрүүлэг болж байгаад сэтгэл өндөр байна.
 


-Тус шоу нэвтрүүлэгт “Их хувьсгал”, “Тусгаар тогтнол” нэртэй хоёр баг өрсөлдөж байгаа. Хоёр багийн өрсөлдөөн нэлээн ширүүн, дайчин, уран бүтээлч байдлаар өрнөж байгаа. Багийн гишүүдийн тоглолт, жүжиглэлт тал дээр ямар магтаал, шүүмж хэлэх вэ?

-Оролцож буй уран бүтээлчид залуу хүмүүс. Багийн ахлагч, жүжигчин Д.Дэлгэрсайхан, Д.Түвшинтөр хоёр хошин урлагийн жүжигчид гэдгийг хүмүүс мэднэ. Бусад гишүүдийн хувьд түүхэн кинонд тоглож байгаагүй, зарим нь дуучин, эмч мэргэжилтэй хүмүүс бий. Тийм учраас тэдэнд хатуурхах сэтгэл надад төрөөгүй. Яагаад гэвэл, түүхийн сэдэв өгөөд хоёрхон хоногийн дотор тайзан дээр амилуулах учраас маш давчуу хугацаа байсан. Бүтэн зохиол бичих, найруулах, тайзаа засах, хувцас хунар, жижиг хэрэглэл, нүүр хувиргалт гээд маш их ажил түүний цаана өрнөдөг учраас их хүндрэлтэй. Богино хугацаанд залуус маань бүтээлч, санаачилгатай ажиллаж чадсан. Тайзан дээр ороод гарах хугацаанд бүх хүн үүрэг рольтой байдаг. Энэ үүргээ хэр биелүүлж байгааг оролцогчдоосоо хүсэж шаардаж байсан.

-Шүүгч нартайгаа санал зөрөлдөх үе байв уу?

-Байсан. Манай хоёр шүүгч нэг нь цэргийн генерал, нэг нь түүхийн доктор хүмүүс. Тэд түүхээ голчилж, агуулга дээр хэлэх гэсэн санаа, нэр ус, газар орон, он цаг зэрэгт нарийн ач холбогдол өгч байсан. Би жүжигчдийнхээ тоглолт, дүр хувиргалт, харьцаа, амьд тоглолт, хувцас хунар, жижиг хэрэглэлтэйгээ харьцах тал дээр харж суулаа. Үүн дээр ч зөрөлдөх юм гарч байсан. Манай нөгөө хоёр шүүгч агуулгыг нь гаргасан гэж үнэлж байхад миний зүгээс хүсээд байгаа хэмжээнд биш байна гэх маягаар санал зөрөлдөнө шүү дээ.

-Шоу нэвтрүүлэг гарч, олны хүртээл боллоо. Үзэгчдийн зүгээс ямар санал, сэтгэгдэлтэй байх шиг байна вэ?

-Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна шүү дээ. Олон суваг сонирхолтой контентууд хийдэг болжээ.

ТВ8 телевизийн баг хамт олон үндэсний контент болох түүхээрээ шоу нэвтрүүлэг хийж байгаад нь маш их олзуурхаж байна. Залуу хүн бүхэн үзээсэй, түүхээ мэдээсэй гэж хүсэж байна. Үзсэн хүмүүс ч их байна.

1921 онд Тужийн нарсанд ардын журамт цэргийг элсүүлж, ийм ийм хувьсгал өрнөж байсан юм, Барон Унгерн гэж ямар үзэл бодолтой, дотоод зөрчилтэй, мөн чанартай хүн байсан юм, тэр үед нийслэл Хүрээ ямархуу байдалтай байсан юм, гамингууд яаж хөлөөрөө толгой хийж явсан юм, нэр нь тодроогүй эх орончид ямар их байсан юм гээд л мэдлэгээ нэмж байна. Залуучууд энэ бүхнийг мэдэж авч байна. Энэ л том олз юм даа.

-Уран бүтээлийн яриа руу эргэн ороход “Маш нууц III” киноныхоо талаар та цухас сонирхуулаач?

-Т.Төмөр-Очир зохиолч “Олонд бүү хүргэ” хэмээх зохиолоо олон найруулагчид үзүүлсэн юм билээ. Би олж авч, бага зэрэг засвар хийж, 2015 онд кино бүтээл болгосон. 1960 хэдэн оны үед Барилгын цэргийн ангид болсон үйл явдал олон нийт дунд яригдаад байдаг хэр нь батлагдсан зүйлгүй байсан л даа. Гурван жилийнх нь хугацаат алба дуусчихаад ар гэрээдээ яаран догдолсон л улс байж. Гэтэл хугацаат албыг сунгалаа гэсэн журам гарсан. Олон цэрэг дарвиж, доргиж боссон тул Цог генерал очиж буудсан гээд л биднийг цэрэгт байхад шивэр, авир яригддаг байсан. Тухайн үед цэргүүд өөрсдийнхөө эрх чөлөөний төлөө тэмцсэн нь зөв боловч тэмцсэн үйлдэл нь буруу байсан. Дарагдаж үлдсэн түүх учраас хүү маань “Маш нууц” гэдэг нэртэй болгоё гэсэн л дээ. “Маш нууц” гэдэг нэрээ цаашид төсөл болгоод, түүхэнд нууцлагдсан үнэн түүхийг харуулсан түүхэн кинонуудыг цувралаар хийе гэсэн санаа төрсөн. “Маш нууц” төслийн хоёр дахь кино нь “Байтаг богд” байлаа.

“Маш нууц III” бол харин одоогийн байдлаар маш нууц (инээв).

-Тухайн үед нууцлагдмал, хөндүүр сэдвийг сөхөхөд төр засаг хийгээд ард түмэн хэрхэн хүлээж авсан бэ?

-Хүний эрх, эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх нээлттэй болсон нь сайхан юм. Хуучны үед бол ийм чөлөөтэй байгаагүй шүү дээ. Гэхдээ санасанд хүртэл сайхан болохгүй байна. Кино урлаг хөгжих ёстой. Манайд сэтгэлтэй хэдхэн залуусын нуруун дээр л кино урлаг явж байна. Үүний дотор үгүйсгэгчид, монгол киног үзэн ядагчид их байдаг. Үндэсний брэнд болох монгол бүхэн рүүгээ нулимдаг хүмүүс ч их байдаг. Олигтойхон төртэй байсан бол хөрөнгө мөнгө хаяж, кино урлагаа өөд нь татаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх байсан. Бидэнд маш баялаг түүх бий. Энэ түүхээр хэчнээн сайхан уран бүтээл хийж болохыг төрийн томчууд харах цаг болжээ.

-Кино хийхэд зардал мөнгөний асуудлаа хэрхэн шийддэг вэ?

-Ивээн тэтгэлэг хайна, бор зүрхээрээ л явна. Ерөөсөө л юм хийе, бүтээе гэсэн чин халуун сэтгэл дээр л ажил явдаг. Үүний хажуугаар мөнгө олчих гэсэн уран бүтээлчид ч гэсэн байдаг. Тэдний ус ихтэй, сулбагар бүтээлүүд киноны нэр хүндийг унагаж байдаг. Үнэн сэтгэлээсээ юм хийе гэсэн хүмүүсээ л дэмжих хэрэгтэй.

-Таны хүү жүжигчин, найруулагч Б.Тамирын найруулсан, тоглосон олон кино бий. Хүүдээ та юу гэж зөвлөдөг вэ, уран бүтээлчийнх нь хувьд хүүгээ үнэлвэл?

-Манай хүү СУИС-ийг жүжигчин, найруулагчаар мэргэжил эзэмшиж, төгссөн. Миний хажууд бол боловсролтой, шинэ үеийн залуучуудын төлөөлөл. Хийж буй уран бүтээл нь шат шатаар, алхам алхмаар дээшилж байна. Эцэг хүний хувьд хүүгээ барж давахад хэцүү болж байна (инээв). Үнэхээр боловсордог юм байна, чанагддаг юм байна. Энэ нь атгасан гар шиг багцлагдсан хамт олонтой нь холбоотой. Эвсэж байж барыг барьдаг шиг нэгдэж байж олон сайхан бүтээл төрүүлж байна. Онцолж хэлэхэд, Тамир маань хүний нүд хуурсан юм хийхийг хүсдэггүй. Маш чанартай бүтээл төрүүлэхийг эрмэлздэг. Жүжигчдэдээ ч өндөр шаардлага тавьдаг. 
 


“Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн шинэ дугаарыг 2021.04.17-ны Бямба гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр хүлээн авч үзээрэй.

-Сайн бүтээл төрүүлэхийн тулд сайн зохиол хэрэгтэй. Энэ тал дээр та онцолбол ямар ямар зохиолчдыг нэрлэх вэ?

-Зохиол бичдэг хүмүүс байна. Киноны зохиол талдаа Т.Бум-Эрдэнэ, Д.Энхболд, Ц.Түмэнбаяр, Б.Наминчимэд нарын зохиолыг нэрлэмээр санагддаг. Төрийн соёрхолт Д.Норов гуайн бүтээлээс хэд хэдэн кино хийж байлаа. Энэ хүний бүтээлээс ухвал кино болмоор бүтээл маш олон бий шүү.

-Гадаад улс орнууд олон ангит киногоороо хүмүүсийг зурагтынхаа өмнө уяж чадаж байна. Монгол үнэр ханхийсэн өгөөжтэй олон ангит кино хийх юм сан гэж боддог уу?

-Олон ангит кино хийхэд хэцүү л дээ. Нэг ангитай кино хийх гэж толгойгоо гашилгаж байна шүү дээ. Ялангуяа оросууд түүхэн киногоо ямар гайхалтай хийдэг билээ дээ. Түүх рүүгээ өнгийсөн кино хийх санаа дотор бодогдож л байна. 1930-аад оны Зүүнтэн, Баруунтан гэж Коминтерны төлөөлөгч Монголд ирж, төрийг эргүүлж байсан зурвасхан үйл явдал бий. Хар, шар феадол, Чингисийн угсааг устгах бодлогоос болж улс орон маань сүйрэхээ шахсан. Сүүлдээ бослого, тэмцэл өрнөхөд хүрсэн. Энэ сэдвийг бодоод л байгаа. “Ам ихтийг ангайхад буян ихт булаана” гэдэг шиг Монголын түүхийг тал талаас нь мэрээд, өөрийн түүх юм шиг болгон, олон ангит кино хийчихсэн улс орон олон байна. Манайхны л урагшгүйн гай байхгүй юу. "Монгол кино" үйлдвэр 1990 хэдэн оноос боловсон хүчингүй болсон.

Түүхэн кинон дээрээ төр засгаас зоригтой мөнгө хаях хэрэгтэй. Хатуухан хэлэхэд, уран бүтээлчээ зөв сонгож, дэмжиж чадахгүй байна.

-Кино ертөнцийг хөгжүүлэхэд юу дутагдаж байна вэ?

-Төр засаг маань харж үзэх гээд ч байх шиг сураг чимээ гараад л байх юм. Кино урлагийн тухай хууль гарах гээд дуншаад байна. Өөрийнхөө санал бодлыг ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаад хэлж л байсан. Ажлын хэсэгт А.Миеэгомбо, Том Золоо буюу Д.Золбаяр тэргүүтэй кино урлагт чин сэтгэлээсээ сэтгэлтэй хүмүүс харагдаж л байна. Үүний хажуугаар нэг кино хийгээд таг болсон, эсвэл нэг ч кино хийж үзээгүй хүн ч байж л байна. Тэд хэл устай хүмүүс болохоор ч тэр үү. Холливудын киног монгол кинотойгоо харьцуулаад тэмээ, ямаа шиг юм их ярьдаг хүмүүс.

Кино урлагийг хөгжүүлэхэд киноны дэд бүтэц болох нарийн мэргэжлийн боловсон хүчин маш их хэрэгтэй байна. Дууны оператор, нүүр хувиргагч, киноны зураач, гэрлийн мастер, монтажны мэргэжилтэн, өнгө дүрсний мэргэжилтэн гээд цаана нь ажиллаж байдаг боловсон хүчнийг бэлдмээр байна. Өнөөдрөөс эхлээд бэлдэх хэрэгтэй байна. Киноны техник хоцрогдож байна, бүдүүлэг байна, камер муу байна, гэрэл бүдэг байна гэдэг бол зовлон биш. Энэ бүхэн мөнгө байхад л шийдэх асуудал. Харин дээр дурдсан боловсон хүчнийг бэлдэх л чухал байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.184.233) 2021 оны 04 сарын 18

Бат-өлзий өвгөөн. Чи бидний заалгаж итгэж үнэмшиж ирсэн түүх бүгд худлаа шүү. Мин Чингийн бичиж өгсөн түүхийг Зөвлөлт засаг залгуулан бичсэн юм. Харин чиний түвшинд, хэлмэгдүүлэлтийн түүхээр кинонцор хийвэл илүүдэхгүй биз

0  |  0
иргэн(66.181.184.233) 2021 оны 04 сарын 18

Бат-өлзий өвгөөн. Чи бидний заалгаж итгэж үнэмшиж ирсэн түүх бүгд худлаа шүү. Мин Чингийн бичиж өгсөн түүхийг Зөвлөлт засаг залгуулан бичсэн юм. Харин чиний түвшинд, хэлмэгдүүлэлтийн түүхээр кинонцор хийвэл илүүдэхгүй биз

0  |  0
bagshir(202.9.46.83) 2021 оны 04 сарын 18

Кино урлагийг хөгжүүлэхэд төр туслаасай гэж уран бүтээлчид горьдож явдаг юм бн. хуучин цагт орос улсад уран бүтээлчдийг их бэлтгэдэг байсан. Одоо Бат-Өлзий жүжигчний яриад байгаа нүүр хувиргагч гэрэлтүүлэгч зэрэг кино урлагийнханд хэрэгтэй хүмүүсийг гадаад дотоодод улсын зардлаар бэлтгэж өгөхөд анхаармаар юм бн гэж бодлоо.

0  |  0
Уншигч(66.181.161.60) 2021 оны 04 сарын 18

Түүхийг зохиож, бас гуйвуулж, гутааж болохгүй шүү

0  |  0
Энхээ(62.195.145.158) 2021 оны 04 сарын 18

Сайн жужигчин тэр тусмаа сайн найруулагч биш. Ганц нэг халтар хултар кино хийсэн нь узэхийн аргагуй. Ер нь бол нэг их таалдаггуй. \n

1  |  0
(103.57.93.201) 2021 оны 04 сарын 17

MANJ HYATADDAD EZLEGDEJ HUJAAJSAN GEDEG BAYALAG TUUH BAIDAG BAIH

0  |  0
ард түмэн(64.119.26.251) 2021 оны 04 сарын 17

сайн жүжигчин биш

1  |  0
Irgen(202.126.89.58) 2021 оны 04 сарын 17

Jujigch ii huvid altam ueiinhnii zarim jujihchidiin uran buteeld oroltsoj yavsan ch nairuulagcjh inee teree hiihed denduu holoo, suuliin 20,30 jil mongol kino sunusunduu, Mongoliin nertei nairuulagchiin ug bdaig, NAIRUULAGCH hun kinond jujiglej chadna harin JUJIGCHIN hun nairuulagch bolno gedeg mash hund barag bhgui gej. Getel suuliin ueiin eruul uvchtei medegdehgui junigchini gunshin zuusen barag bugd l nairuulagch boloh gej guigeed ene mongol kino-goo sunuuchihsun

0  |  0
зочин(64.119.23.59) 2021 оны 04 сарын 17

уулын намар гээд нээг их гоё тууж байдаг даа,дотоод санааг нь тод гаргаад хийвэл маш гоё кино болно доо

1  |  0
Иргэн(103.212.118.158) 2021 оны 04 сарын 17

Нээг их цус урсагасан алаан хядаан тай хүчирхийлэл үзүүлсэн кино битгий хийгээрэй гэж хүсий, Өнгөрсөн үеийн хүмүүс өш хонзонтой байх нь бага байсан шүү ялангуяа түүхээр болгоомжтой оролдоорой.Пантазлахад учир бий гэж.кинонууд чинь олон хүний цус урсгаад хэтэрхий хүчирхийлэл харуулаад бна

1  |  0
Засаг(202.179.25.250) 2021 оны 04 сарын 17

Балетчин Батсайханы дүү.

1  |  0
ganaa(155.4.39.118) 2021 оны 04 сарын 17

sain jujigchin bish l dee chaavaas

4  |  0
Top