ХОЁР ДАХЬ ДУГААРЫН ЯЛАГЧ - "ИХ ХУВЬСГАЛ" БАГ
Ардын хувьсгал ялсан үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх ТВ8 телевизийн шинэ бүтээл “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн эхний дугаар Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу Монгол ардын журамт цэрэг жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлсэн гуравдугаар сарын 18-ны өдөр үзэгч та бүхний хүртээл болсон билээ.
Тэгвэл өчигдөр түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн хоёр дахь дугаар цацагдаж, оролцогч багууд "Баруун замын байлдаан" сэдвээр тайз, дэлгэцийн бүтээл бэлтгэн, үзэгчдэд толилууллаа.
Нийт зургаан дугаар үргэлжлэх шоу нэвтрүүлгийн анхны дугаарын ялагчаар "Маск" продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Дэлгэрсайхан ахлагчтай "ТУСГААР ТОГТНОЛ" баг тодорч байсан бол хоёр дахь дугаарын ялагчаар "Эмоци" продакшны захирал, Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинтөр ахлагчтай "ИХ ХУВЬСГАЛ" баг шүүгчдийн саналаар шалгарч, 2.500.000 төгрөг гардлаа.
"Эрхэт Монгол" медиа групп, ТВ8 телевизийн шинэ бүтээл “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг нь Монгол Улсын тусгаар тогтнолын бодит түүх, хувьсгал ялахад голлох үүрэгтэй оролцсон журамт цэрэг хийгээд ардын хувьсгалын голлох тулалдаан болсон түүхэн газар орныг уран сайхны аргаар, энтертайнмент агуулгаар жүжигчид, уран бүтээлчдийнхээ оролцоотойгоор үзүүлэн толилуулах болно.
Үндэсний контентод жүжигчин Д.Дэлгэрсайхан, Д.Түвшинтөр, Т.Баттулга, О.Амгаланбаатар, Р.Отгонбаяр, П.Баярмагнай, Б.Бадамцэцэг, Ц.Номин, Б.Мишээл, М.Намуунцэцэг нар оролцож байна.
Уран бүтээлчид хоёр багт хуваагдан, “Хиагт хотыг байлдан авсан нь”, “Баруун замын байлдаан”, “Баруун хязгаарын байлдаан, “Зүүн хязгаарыг чөлөөлсөн нь”, Хөвсгөлийн хязгаар дахь байлдааны ажиллагаа, “Нийслэл Хүрээг эзлэн ардын хувьсгалын ялалтыг тунхагласан нь” гэсэн ардын журамт цэргийн ялалттай холбоотой зургаан сэдвээр жүжигчилсэн тоглолт бэлтгэх ба тэд өөрсдөө зохиолоо гаргах, найруулах, дүр бүтээх гэхчлэн мэргэжлийн чансаа сорьсон даалгаврыг гүйцэтгэх юм.
Түүхийн ухааны доктор, Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар, Монгол Улсын Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн штабын дарга, Бригадын генерал Л.Онцгойбаяр нар шоу нэвтрүүлгийн эрхэм шүүгчээр ажиллаж байгааг онцлоход таатай байна.
"Ардын журамт цэргийн мөрөөр" шоу нэвтрүүлгийн дараагийн дугаарыг ирэх долоо хоногийн бямба гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр хүлээн авч үзээрэй.
Гурав дахь дугаарын сэдэв "БАРУУН ХЯЗГААРЫН БАЙЛДААН" байх болно.
Шоу нэвтрүүлгийн албан ёсны онлайн түгээгч Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
shal demii nevtruuleg bna daa