Б.Буман-Учрал МХБХ-ны Техникийн захирал боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 19

Монголын Хөл бөмбөгийн Холбооны Зөвлөлийн хурал энэ сарын 17-ны өдөр болж, хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа.

Тодруулбал, МХБХ-ны бодлого тодорхойлох чухал ажилд Монгол улсын Гавъяат тамирчин, үндэсний шигшээ багийн ахлагч асан, AFC "A" ангиллын дасгалжуулагч Б.Буман-Учрал томилогдлоо. Тунис мэргэжилтэн Хатем Соусси ажлаа хүлээлгэн өгсний дараа Б.Буман-Учрал Техникийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр  ажиллаж байсан бөгөөд энэ удаагийн зөвлөлөөр албан ёсоор ийнхүү томиллоо.

Тус хурлаар Төв аймаг дахь шигшээ багуудын бэлтгэлийн төвтэй холбоотой хэд хэдэн асуудал шийдсэн. Тухайлбал уг бэлтгэлийн төвийг Монгол улсын Хөл бөмбөгийн анхны гавьяат тамирчин, дасгалжуулагч Л.Сандагдоржийн нэрэмжит болгох шийдвэр гарлаа. Мөн бэлтгэлийн төвийг үйл ажиллагааг МХБХ-ны дор тусгаарлагдсан ТББ-аар дамжуулан үйл ажиллагааг нь авч явахаар баталлаа.

Түүнчлэн МХБХ-ны хүүхэд хамгааллын бодлого ба журам тэргүүтэй хэд хэдэн журам, МХБХ-ны тэмцээний хуваарийг шинэчлэн баталж, байнгын хороодын бүрэлдэхүүнийг өөрчлөн томиллоо.

Мөн уг хурлаар ОУХБХ-ны их хурал 5 сард болохтой холбоотойгоор МХБХ-ны Ээлжит их хурлын товыг 2021 оны 6-р сарын 14-ний өдөр болгон зарласан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.227.114) 2021 оны 03 сарын 21

Нэрэмжит болгохыг тухайн шатны ИТХ шийдвэрлэдэг юм аа, ТББ байгууллагад эрх байхгүй. Харин хүсэлтээ гаргаж болно.

0  |  0
Top