UFC: Хабиб 100% албан ёсоор тэтгэвэрт гарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 19

ОХУ-ын холимог тулаанч Хабиб Нурмагомедов таван сарын өмнө Абу-Дабид мэргэжлийн дэвжээнд 29 дэх тулаанаа хийгээд зодог тайлснаа зарласан. Энэ мэдээ хэт гэнэтийн мэдээ байсан тул түүнийг шүтэн бишрэгчид төдийгүй “дайснууд” нь ч итгэхгүй, түүнийг эргэн ирнэ гэж итгэж, хүлээсээр байсан билээ.

Хамгийн уйгагүй хүлээж, цуцашгүй буцан ирэхийг ятгаж байсан нь UFC холбооны тэргүүн Дана Уайт. Зодог тайлсан хойно нь ч чансааг нь хадгалан үлдээж, том тулаан, их мөнгө амласаар байлаа. Гэвч түүний хүсэл биелсэнгүй.
 


Саяхан тэд АНУ-д уулзаж, эр хүний ёсоор шулуун ярилцан, Хабиб ч эргэн ирэх хүсэлгүй байгаагаа мэдэгджээ. Ингээд холбооноос твиттер хуудсаараа “Хабиб 100% албан ёсоор тэтгэвэрт гарлаа” гэж мэдэгдсэн юм.

Тийм ээ, Хабиб одоо мөнгөний төлөө тулалддаг тамирчин биш болсон. Түүнд мөнгө хангалттай бий. Хабиб одоо спортоос гадна ч маш олон төрлийн ажил эрхэлж, нэг үгээр хэлэхэд шинэ түвшинд гарсан гэхэд болно.
 


Тэр холимог тулааны Eagle FC гэсэн лигийн эзэн болсон. Түүний лиг Дундад Ази, Арабын орнууд, ОХУ-ын авьяаслаг тулаанчдыг нэгтгэж байна. Магадгүй ойрын ирээдүйд энэ бүс нутгийн тамирчид энэ холбоогоор дамжиж байж, UFC-д ордог болох биз.

Хабиб төрөлх Дагестандаа ХАА-н бизнестэй. Брэндийн цагтай, нэг үгээр хэлэхэд орчин үеийн бизнесмэн болжээ. Арабын тэрбумтнуудтай харилцаа сайн, исламын ертөнцөд хүндлэгддэг гээд түүний өмнө бизнесийн өргөн шулуун зам дурайж байна. Нутагтаа Спортын төв барьж,хүсвэл төрийн Думд ч сонгогдож чадна.

Тиймээ, Хабиб  Нурмагомедовт UFC холбоо, Дана Уайт хоёроос гуйх, хүсэх юм юу ч байхгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top