Катар-2022 хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан хоёр дахь шатны Азийн F хэсгийн Тажикистан, Монголын тоглолт энэ сарын 25-нд Душанбе хотноо орон нутгийн цагаар 18:00 цаг, Монгол улсын цагаар 21:00 цагаас явагдах гэж байна.
Тус тоглолтод дуудагдсан Тажикстаны легионер довтлогчид өнгөрсөн долоо хоногт тун сайн тоглоцгоож, Молдав, Болгар, Узбекистаны АШТ-д гоол оруулцгаалаа.
Молдавын Динамо-Авто багийн Шахром Самиев Молдавын аваргын тэмцээний 25 дугаар тойргийн Зимбра багтай хийсэн тоглолтод хет-трик хийж, баг нь 3:0 ялалт байгууллаа.
Болгарын Локомотив багийн тоглогч Парвиз Умарбоев Болгарын АШТ-д Берое багтай хийсэн тоглолтод пенальтигаас нэг гоол хийж, баг нь 1:1 тэнцсэн байна.
Узбекистаны Навбахор багийн тоглогч Эхсони Панджшанбе Ташкентийн Локомотив багтай хийсэн Узбекистаны Супер лигийн тоглолтод хожлын гоол оруулан, багтаа 2:1 ялалт авчирлаа. Эхсони 63 дахь минутад сэлгээгээр талбайд гарч, арван минутын дараа гоол оруулжээ.
Эдгээр тоглогчид бүгд Монголтой хийх тоглолтод дуудагдсан ч Эхсони Панджшанбе шар картны улмаас талбайд гарч чадахгүй юм.
Сэтгэгдэл ( 0 )